Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бид мэргэжлийн хөгжимчдийн чадварыг харуулах болно

Х.Монголхатан
2014 оны 10 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Бид энэ дугаарт “Мастер” утсан хөгжмийн дөрвөлийг танилцуулж байна.Тэд ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн охид сонгодог хөгжмийн гайхамшгийг хүмүүст мэдрүүлэх эрхэм хүсэлтэй.



Хийлч М.Хулан:

Хөгжим бүжгийн коллежийг Л.Алтанцэцэг, Ж.Энхтуяа багшийн удирдлагад 1997-2009 онд, ОХУ-ын Санкт Петербург хотын Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг профессор Л.В.Коваленкогийн удирдлагад 2009-2014 онд хийлч мэргэжлээр суралцаж төгссөн.

Анхны бие даасан тоглолтоо саяхан хийсэн гэсэн үү?

-Энэ сарын 25-нд “Classica Paradiso” нэртэй бие даасан анхны тоглолтоо ДБЭТ-т хийсэн. Надтай хамт удирдаач, төгөлдөр хуурч Анар ах тоглосон. Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Олон жил сурч мэдсэнээ хүмүүст хүргэсэндээ маш их баяртай байгаа.

-“Мастер” нэрийн утга сонирхол татаж байна?

-Нэрээ сонгох гэж удаан ярилцсан. Сонгодог хөгжмөөр бид чадварлаг, өндөр түвшинд тоглох ёстой. “Нэг нотыг ч төгс төгөлдөрт тэмүүлж тоглож бай” гэж багш маань сургадаг байсан. Тиймээс бид үргэлж төгс төгөлдөрт тэмүүлж, чадварлаг байхыг зорьж энэ нэрийг сонгосон.

-Манайд утсан хөгжим хөгжих боломж хэр байна?

-Сонгодог хөгжим зөвхөн төгөлдөр хуур, хийлээр хэмжигдэхгүй баялаг.

Сонгодог хөгжим зөвхөн төгөлдөр хуур, хийлээр хэмжигдэхгүй баялаг. Үлээвэр, цохивор, утсан хөгжмүүд гээд олон төрөл бий.

Үлээвэр, цохивор, утсан хөгжмүүд гээд олон төрөл бий. Бид утсан хөгжмийн дөрвөл ямар дуугаралт гаргадаг, ямар зохиол тоглодгийг хүмүүст мэдүүлэхийг хүсч байна.

Бид мэргэжлийн сонгодог том зохиолуудыг тоглоно. Гэхдээ олон нийтэд зориулсан хөнгөн, сонирхолтой уран бүтээл хийнэ. Үзэгчид ямар хөгжим сонсохыг хүсч байна, тийм зохиол тоглоно. Өөрсдийн уран бүтээлээрээ Монголын сонгодог хөгжмийн хөгжилд жаахан ч болов хувь нэмэр оруулахыг хичээх болно.



Альт С.Мөнхмандах:

Алимаа багшийн удирдлагад 11 жил ХБК-д сураад, альт хөгжмөөр н.Цогзолмаа багштай хоёр жил сурч, ОХУ-ын Красноярск хотын Хөгжмийн академийг 2009-2014 онд профессор И.Я.Флэйшерийн удирдлагад төгссөн.

-Та дөрөв хэзээнээс хамтарч уран бүтээл хийж эхэлсэн бэ?

-Бид Хөгжим бүжгийн коллежд хамт сурдаг байхдаа л ирээдүйд мэргэжлийн утсан хөгжмийн дөрвөл байгуулан, чанартай сонгодог тоглолтуудыг хүмүүст үзүүлэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдлөө биелүүлж 2008 онд цөөхүүл хөгжимчдийн “Мөнгөн цацал” улсын анхдугаар уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн.

Тэр үед мэргэжлийн дөрвөл болчихоод цөөхүүл хөгжмийн зохиолуудаас тоглох урам авсан. Ингээд л сая бүгд сургуулиа төгсч ирээд хамтрахаар шийдсэн.

-Сургуулиа хэзээ төгссөн бэ. Одоо хаана ажиллаж байна?

-2009 онд гурвуулаа хойшоо яваад таван жил сураад өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын өөр хотуудын хөгжмийн сургуулийг төгсч ирсэн. Ирээд Филармонид хөгжимчнөөр ажиллаж, давхар ХБК-д багшилж байна. Т.Аззаяа маань зөвхөн багшилж байгаа.



Виолончель Т.Аззаяа:

1995-2005 онд ХБК-ийг виолончель хөгжмийн ангид н.Ариунтуяа, 2005-2009 онд Ш.Дуламсүрэн багш нарын удирдлагад сурч төгссөн.

-Чиний хувьд нөгөө гурваасаа өмнө Филармонид ажиллаж байжээ. Анхны бие даасан тоглолтоо хавар хийсэн гэв үү?

-Би Филармонид ажиллаж байхдаа өнгөрсөн гуравдугаар сард бие даасан анхны тоглолтоо хийсэн. Чехийн хөгжмийн зохиолч А.Дворжакийн Виолончельд зориулан бичсэн тоглолтыг Монголд анх удаа бүгэн ангиар нь оркестртой тоглосон. Тоглолтондоо сэтгэл хангалуун байгаа.

-“Шанз-3” хамтлаг их өвөрмөц имиж бүрдүүлж гарч ирсэн. Танайх ямар онцлогтой байх бол?

-Бид эхний удаад гадаад үзэмж, стиль имиж гэхээс илүү мэргэжлийн чадвараа харуулахыг хүсч байна. Тиймээс ч анхны тоглолтоо үнэ төлбөргүй хийж байгаа. Мэргэжлийн чадвараа харуулах шалгалт гэж ойлгож болно. Сурсан мэдсэнээрээ “Мастер” утсан хөгжмийн дөрвөл гэдэг нэрээ өндөрт өргөж явах болно.

Цаашид дэлхийн хэмжээний дөрвөлд зориулсан бүх зохиолуудыг тоглох зорилготой. Ямар ч уран бүтээлч илүү сайхныг хийх мөрөөдөлтэй байдаг. Бид ч бас ил үү гоё зохиолуудыг чадварлаг тоглохыг зорьж байна. Уран бүтээлээ төрөлжүүлж хийх бодол байгаа. Эхний тоглолтоо Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлээр хийсэн бол дараа нь Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр төрөлжүүлнэ.



Хийлч Т.Төгөлдөр:

Хөгжим бүжгийн коллежийг Д.Амарсанаа багшийн удирдлагад 2009 онд төгсч, ОХУ-ын Новосибирск хотын М.И.Глинкийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг ОХУ-ын Гавьяат зүтгэлтэн, профессор М.А.Кузинагийн удирдлагад 2014 онд төгссөн.

-Та дөрөв хамтарсан тоглолтоо хэзээ хийх вэ?

-Бид дөрөв ирэх арваннэгдүгээр сарын 28-нд Оросын соёл шинжлэх ухааны төвд /РЦНК/ анхны бие даасан тоглолтоо “Оросын хөгжмийн үдэш” нэртэй хийнэ. Тоглолт маань үнэ төлбөргүй учраас хүссэн хүн бүр үзэх боломжтой. Бид юу сурч ирснээ харуулах болно. М.И.Глинкийн утсан хөгжмийн квартет, Д.Шостаковичийн арваннэгдүгээр квартет, А.Бородины хоёрдугаар квартетыг бүтэн ангиар нь тоглоно.

-Энэ гурван зохиол урд нь манайд тоглож байсан уу. Тоглолт ямар онцлогтой вэ?

- Хоёр хийлч маань ээлжилж нэг, хоёрдугаар хийлээ тоглоно. М.И.Глинкийн квартетаас Оросын сонгодог хөгжмийг сонсоно. А.Бородины бол романтик хөгжмийг төлөөлнө, XX зууны хөгжмийг шинэлэг шатанд гаргасан хөгжмийн зохиолч. Тиймээс энэ гурван квартет нь өөр төрөл жанрынх учраас хүмүүсийг уйдаахгүй байх.

М.И.Глинкийн утсан хөгжмийн квартет болон Д.Шостаковичийн арваннэгдүгээр квартетийг Монголд анх удаа тоглох гэж байна. Харин А.Бородины хоёрдугаар квартетыг утсан хөгжмийн дөрвөлүүд тоглодог байсан.

Зураг