ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Самдан “Амгалан дулааны станц энэ жил ашиглалтанд орох боломжгүй боллоо”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 16
iKon.MN

Өнөөдөр Дулаан нийлүүлэлттэй холбоотой асуудлаар Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбооны хараат бус гишүүн, мэргэжлийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэй Д.Самдан, А.Бямбадорж, Ч.Сэдэд нар мэдээлэл хийлээ.


Монгол улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх инженер, зөвлөх Д.Самдан “Хотын зүүн хэсэгт ашиглалтанд орох ёстой дөрөвдүгээр цахилгаан станцийн зарим эх үүсвэр 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл ашиглалтанд орох боломжгүй болсон.
Үүний гол шалтгаан нь энэхүү эх үүсвэр нь маш өндөр даралтанд ажиллах ёстой боловч Амгалангийн дулааны станц түүнээс зургаа дахин бага даралтанд ажиллах учир удирдлага, хяналтын системээр сайтар удирдах ёстой. Тэгэхгүй бол өндөр эрсдэлтэй байдаг. Гэтэл удирдлага хяналтын системийн ажил хугацаандаа хийгдээгүйн улмаас энэ жил 12 дугаар сарын дундуур турбин ачааллаа бүрэн авч чадахгүй.
Үүнээс үзэхэд энэ жилийн оргил ачааллын үед ахин Оросоос өр тавьж цахилгаан худалдаж авах нөхцөл үүслээ” гэв.  


Мөн Амгалан дулааны станц 11 дүгээр сард ашиглалтанд орох гэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас 2015 оны тавдугаар сараас өмнө ашиглалтанд орох боломжгүй болжээ. Үүнд төмөр замын газар доорх бетон байгууламж, станцийн бохирын асуудал, технологийн тоног төхөөрөмжийн хяналт хийгээгүй зэрэг гол шалтгаанууд нөлөөлж байгаа аж.

Энэ асуудалтай холбоотой хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
Д.Самдан “Амгалан дулааны станцийг барихад 26 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна лээ. Энэ мөнгө юунд зарцуулагдсаныг мэдмээр байна. Зөвхөн гадна талбай дахь барилгыг нь нураахад зургаан тэрбум төгрөг зарцуулчихаад төмөр замын байгууламж доор нь байгааг мэдээгүй байдаг нь хариуцлалгүй үйлдэл юм. Тиймээс ажил хийж байгаа компаниуд, удирдлагууд хийх ёстой зүйлээ цагт нь хийх хэрэгтэй байна”.

УИХ-ы дарга З.Энхболд болон Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй албаныхан “Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалт, “Дулааны цахилгаан станц-3, 4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцах үе, 2014.09.24