"АМГАЛАН" ДУЛААНЫ СТАНЦ 2015 ОНЫ ГУРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО
УИХ-ы дарга З.Энхболд болон Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй албаныхан “Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалт, “Дулааны цахилгаан станц-3, 4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа.
"АМГАЛАН" ДУЛААНЫ СТАНЦ 2015 ОНЫ ГУРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО
Тус станцын гүйцэтгэлийг Эрчим хүчний яамны захиалгаар БНХАУ-ын СМЕС компани хийж байгаа ба гурван үе шаттайгаар ашиглалтад оруулах гэнэ.
Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд
I үе шат – Зураг төслийн баталгаажуулалтын ажлыг хийнэ (2013.10-2014.6 сар)
II үе шат – Бараа материалын нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг хийнэ (2014.3-2014.11 сар)
III үе шат – Туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, хүлээлгэн өгнө (2014.10-2014.12 сар) гэж тусгажээ.
Гэхдээ станцын ажил дээр биечлэн ажиллаж байгаа инженерүүдийн хэлж буйгаар "Амгалан" дулааны станцыг энэ онд багтаан бүрэн хэмжээгээр нь ашиглалтад оруулах боломжгүй, харин ирэх оны гуравдугаар сард ашиглалтад 100 хувь өгнө гэсэн юм.
Станцын хүчин чадал 300 МВт бөгөөд нийт 75.9 сая ам доллар төсөвлөж, өнөөдрийн байдлаар 25 сая ам долларыг зарцуулаад байгаа аж.
"Амгалан" дулааны станц ашиглалтад орвол нийслэлийн дулаан хангамжийн 3/1-ийг дангаараа хангах боломжтой.
Харин Эрчим хүчний сайд М.Сономпил хэлж буйгаар тус станцыг энэ ондоо багтаан ашиглалтад өгөхийг тулд ЭХЯ болоод БНХАУ-ын СМЕС компани бүхий л хүчин чадлаараа ажиллаж, гадаад дотоодын 1500 гаруй ажилтан, ажилчдыг татан оролцуулж байгаа гэж байлаа.
Өнөөдрийн байдлаар барилгын гүйцэтгэлийн ажил 78 хувьтай, үүнээс
- I зуухны явц 85 хувьтай
- II зуухны явц 80 хувьтай
- III зуухны явц 60 хувьтай
- Яндангийн угсралтын ажил 100 хувьтай
- I, II үнс барих төхөөрөмжийн угсралт 90 хувьтай, III нь 45 хувьтай байна.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 83 ХУВЬТАЙ БАЙНА
ДЦС-III-ын өвөлжилтийн бэлтгэл ажил 83 хувьтай байна гэж тус станцын дарга Д.Чимэддорж мэдээллээ. Өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд нийт 50 ажил хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 31 ажлыг дуусгаж, 19 ажлыг эхлүүлжээ.
Мөн дөрвөн үндсэн тоноглолд их засвар, гурван үндсэн тоноглолд дунд засвар, 129 туслах тоноглолд их засвар хийж байгаа гэнэ.
Харин өнгөрсөн долоодугаар сарын 15-наас ажиллаж эхэлсэн тус станцын 50 МВт-ын өргөтгөл өнөөдрийн байдлаар 1952 цаг ажиллаж, 94,9 сая кВт цахилгаан үйлдвэрлэсэн байна.
ДЦС-IV-ИЙГ 128 МВт-ААР ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА
“ДЦС-IV” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангадаг.
Сүүлийн жилүүдэд манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8-10 хувиар өсч, огцом нэмэгдэж байгаа тул тус станцад суурилагдсан цахилгааны хүчин чадлыг 123 МВт, дулааны хүчин чадлыг 188 Гкал/ц-аар өргөтгөж байгаа аж.
Өргөтгөлийн ажил тус тсанцын Турбин цехэд буюу өмнө нь Ууршуулах төхөөрөмж-2 ажиллаж байсан суурин дээр хэрэгжиж байгаа бөгөөд ОХУ-ын Екатеринбург хотын “Уралын турбины завод”-ын т-120/130-130-8м0 загварын хамгийн сүүлийн үеийн дулаанжуулалтын турбин, холбогдох туслах тоног төхөөрөмжүүдийг суурилуулж байгаа юм байна.
“ДЦС-IV” ТӨХК-ийг т-120/130-130-8м0 маягийн турбинээр өргөтгөх төслийг 2012 оны эцсээс эхэлсэн бөгөөд 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө төслийг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад оруулах графиктай ажиллаж байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг (250000 айл өрхийг хангах), дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/цагаар (15000 айл өрхийг хангах) нэмэгдэх гэнэ.
Төсөл нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны санхүүжилт болох нийт 70 сая ам. долларын өртөгтэй бөгөөд 4-7 жилийн дотор өртгөө бүрэн нөхнө гэж тооцоолсон байна.
Төслийн ажил өнөөдрийн байдлаар графикийн хоцрогдолгүй явагдаж байгаа ба нийт гүйцэтгэл нь 84 хувьтай, төслийн санхүүжилт 82.9 хувьтай байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

