Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын Их Сургууль нээлтээ хийлээ

ikon.mn
2014 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ШУА-ийн хэсэг академич, эрдэмтэд залуу судлаачдыг бэлтгэх зорилгоор сургууль байгуулах санаачлага гарган 1992 онд “Технологийн дээд сургууль”-ийг байгуулжээ.

Сургалтын үйл ажиллагаа нь өргөжин,  1995 онд Боловсролын яамны сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар тус сургуулийг их сургуулийн зэрэглэлд оруулж “Улаанбаатарын Их Сургууль” болгосон түүхтэй. Харин 2010 онд Засгийн газрын тогтоолоор МУИС-ын харъяа “Улаанбаатарын сургууль” болгон өөрчилсөн юм.

Энэ цаг мөчөөс хойш тус сургуулийг бие даасан төрийн сургууль байх учиртай хэмээн үзэж,  БШУ-ны Сайдын 2014 оны 8-р сарын 26-ны өдрийн А/337 дугаар тоот тушаалаар нийслэлийн өмчит “Улаанбаатарын Их Сургууль” болгосон юм. Ийнхүү тус сургууль нь МУИС-ийн харъяанаас гарч бие даасан төрийн өмчийн их сургууль болж, албан ёсоор хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц. Энхцэнгэл, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Улаанбаатарын Их сургуулийн захирал доктор, профессор С.Байгалсайхан болон  тус сургуулийг үүсгэн байгуулагчид, эрдэмтэн багш нар оролцлоо.

“Улаанбаатарын Их Сургууль” МУИС-ийн харъяанаас гарч бие даасан төрийн өмчийн их сургууль боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Бид Улаанбаатарын Их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран нийслэлийн өмчит энэхүү сургуулийг үүсгэн байгуулах хүсэлтээ өгсний дагуу БШУ-ны сайд Л.Гантөмөрийн тушаалаар 2014 оны 8 дугаар сарын 26-ний өдөр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авч, сургуулийнхаа нээлтийг албан ёсоор хийж байгаадаа баяртай байна.

“Улаанбаатарын Их Сургууль” нь олон улсын жишигт нийцсэн мэдлэг боловсролтой, чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг, судалгаа шинжилгээний жишиг сургууль болох зорилготой юм” гэдгийг онцлон хэллээ.

Улаанбаатарын Их сургууль өнөөдөр Технологи, Нийгмийн ухаан, Хэл зохиолын үндсэн Факультет, мэргэжлийн 11 тэнхим, 150 гаруй багш, 50 ажилтан ажиллагсад, 2000 гаруй оюутан, 100 гаруй магистрант, докторанттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн бакалаврын зэрэгтэй 5000 орчим мэргэжилтэн, 1000  гаруй магистр, докторыг төгсгөсөн нь дотоод, гадаадын судалгааны байгууллага, их, дээд сургууль, бизнесийн удирдлагуудад амжилттай ажиллаж байна.