Фенобарбитал эмийн хордлоготой холбоотойгоор өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НМХГ-ын дэд дарга П.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Эмийн хордлого болон манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэл их гарч байгаа учир өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна” гэлээ.
НМХГ-т наймдугаар сарын 10-н буюу бүтэн сайн өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газраас хордлогын талаар мэдээлэл ирсний дагуу ЭХЭМҮТ-д очиж хяналт шалгалтын ажлыг хийжээ.
Даваа гаригаас хойш 31 эмийн санд шалгалт хийсний15 нь Фенобарбитал эмийг худалдаалж байсан. Манай байцаагч нар бүх Фенобарбитал эмийг тоолж лацдаад “Эмийн үйлдвэр” компани руу бууцаах үүргийг өгсөн.
МХЕГ-аас Фенобарбитал эмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир “Эмийн үйлдвэр” компани эргүүлэн татах ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Иймээс НМХГ даваа гаригаас эхлэн эмийн сангуудаар хяналт шалгалтын ажил эхлүүлээд байгаа аж.
Харин “Эмийн үйлдвэр” компаний захирал О.Дамба “Манай үйлдвэр энэ эмийг 1976 оноос хойш үйлдвэрлэж байгаа, эмэнд асуудал байхгүй. Эм буцаан татах талаар яригдаагүй” гэж байсан билээ.
Энэ талаар НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Г.Батмөнх хэлэхдээ “МХЕГ газар манай дээд байгууллага. Тиймээс манайх хяналт шалгалтын үеэр шийдвэрийг нь баримталж ажилладаг. Даваа гаригаас хойш 31 эмийн санд шалгалт хийсний 15 нь Фенобарбитал эмийг худалдаалж байсан. Манай байцаагч нар бүх Фенобарбитал эмийг тоолж лацдаад “Эмийн үйлдвэр” компани руу буцаах үүргийг өгсөн” гэсэн юм.
Тэгвэл 1976 оноос хойш эмийн бүртгэлд бүртгэгдээгүй фенобарбитал эм худалдаалагдаж байхад мэргэжлийн хяналтын газар огт хяналт тавиагүй, 16 нярай хүүхэд хордсоны дараа тус эмийг эргүүлэн татах болж байгаа юмуу? гэхэд
НМХГ-ын ЭББХ-ийн улсын байцаагч Н.Чанцалдулам “Импортоор оруулж ирж байгаа эмнүүдийг бүгдийг нь эмийг бүртгэлд хамруулж байж худалдаалах эрх олгодог. Харин дотоодын эм үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор эмийг нь заавал бүртгэлд хамруулдаггүй байсан. Гурван жилийн өмнөөс л дотоодод үйлдвэрлэж байгаа эмнүүдийг бүртгэлжүүлж гэрчилгээ олгох ажил эхэлсэн бөгөөд энэ ажил ЭМЯ-н дээр их удаан явагддаг болохоор фенобарбитал эм бүртгүүлээгүй байсан байх” гэлээ.
Түүнчлэн “Фенобарбитал эмийг импортоор оруулж ирдэггүй, өөр тус эмийг үйлдвэрлэдэг компани монголд байхгүй учир өөр эмээр орлуулж хэрэглэнэ. Энэ тохиолдолд орлох эмийн хомсдол болохгүй” хэмээн НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Г.Батмөнх хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!