Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Фенобарбитал эмэнд хордсон хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 11
iKon.MN

ЭХЭМҮТ-өөс фенобарбитал эмийг өндөр тунгаар хэрэглэж хордсон хүүхдүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн бямба гариг буюу есний өдөр ЭХЭМҮТ-д фенобарбитал эмэнд хордсон хүүхэд унтаа байдалтай ирсэн байна. 

 ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа “Манай эмнэлгийн эмчийн бичсэн эмийн жорын дагуу "Монос" эмийн сангийн салбараас эм авсан хүүхэд хордсон байсан тул эмийн сан руу утасдаж тухайн жороор эм худалдан авсан эцэг эхчүүдтэй холбогдон эмнэлэг рүү дуудсан.

Нийт 23 хүн фенобарбитал эмийг худалдан авсан байснаас 16 хүүхэд уусан байсан. Тэдэнд шинжилгээ хийхэд хоол боловсруулах эрхтний тогтолцоонд өөрчлөлт орсон байсан тул яаралтай хэвтэн эмчлүүлсэн.

Харин аз болоход долоо нь ууж амжаагүй байсан. Одоогийн байдлаар 4 хоногтой болон нэг сартай тухайн эмийг өндөр тунгаар уусан хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэлээ.

Бусад 14 хүүхдийн хувьд биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Хоол боловсруулах эмгэг судлалын тасагт эмчлүүлж байгаа ажээ.

Фенобарбитал эмэнд хордсон 16 хүүхэд дөрөв хоногтойгоос гурван сартай юм байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяагийн зүгээс манай жор зөв байсан. Харин эмийн санч жорыг буруу уншиж хүүхдүүдийн эцэг эхчүүдэд буруу зөвлөгөө өгсөн гэдгийг хэлж байлаа.

Буруу жороор эм зарсан гэх хоёр эмийн санч БГД-ийн цагдаагийн газарт мэдүүлэг өгч байгаа  юм байна. Мөн хордсон хүүхдүүдийн эцэг эхчүүдэд эм худалдсан ЭХЭМҮТ-ийн урд талд байрлах "Монос"-ын эмийн сангийн салбар хаалттай байлаа.

Гэрэл зургийг Г.Өнөболд/MPA.mn