Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас Фенобарбитал эмийн хордлоготой холбоотой албан ёсны мэдээлэл хийлээ.
Фенобарбитал буюу люминал гэх энэ эмийг 1904 оноос хойш үйлдвэрлэж, хэрэглэж байгаа бөгөөд өмнө нь энэ эмэнд хордсон тохиолдол манай улсад гарч байгаагүй юм байна.
НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбат “Монос эмийн сангийн сүлжээний хувьд эмийн жорыг гурван удаа уншиж, эмийг анхааралтай өгөх дотоод журамтай байдаг. Гэтэл эмийн санч 100 мг-тай эмийг 5 мг-тай эмтэй андууран 20 гаруй хүнд худалдаалсан байна. Тиймээс тайвшруулах унтуулах үйлчилгээтэй Фенобарбитал эмийг өндөр тунгаар хэрэглэсэн хүүхдүүд хордсон” гэлээ.
16 нярайг хамарсан хордлоготой холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас Фенобарбитал эм түгээгдсэн эмийн сангуудад анхааруулга хүргүүлжээ.
Тус эмийг “Эмийн үйлдвэр” ХХК нь хоёр жил тутамд үйлдвэрлэж нийт зах зээлийн 70-80 хувийг хангадаг юм байна. Энэ оны эхний хагаст Фенобарбитал эмийн хангамж муу байсан мөн 100 мг-тай нэг шахмалыг хүүхдэд 10 хувааж өгөхөд хүндрэлтэй, үйлчлэхгүй байна гэсэн гомдол ирсний дагуу 5 мг-тайгаар савлаж энэ оны долдугаар сард үйлвэрлэжээ.
“Эмийн үйлдвэр” ХХК-ны захирал О.Дамба “Долоон сард цөөн тоогоор Фенобарбитал буюу Люминал эмийг үйлдвэрлэсэн учир "Монос", МЭИК болон зарим аймгийн эмийн сангууд захиалгаар авсан. Эмийн найрлага, чанарт МХЕГ-аас шинжилгээ хийж байгаа. Олон жил үйлдвэрлэж, хэрэглэж байгаа энэ эмийг зах зээлээс татах талаар яригдаагүй” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!