Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт хадгаламжийн 80 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж байна

Б.Ану
2014 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хадгаламж (2014 оны эхний хагас жил)

Арилжааны банкуудад байршиж буй нийт хадгаламж өмнөх сараас 0.03 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Хадгаламж өсч буй шалтгааныг хүмүүс эдийн засгийн хүндрэлтэй үед мөнгөө нөөцлөх, бизнесийн үйл ажиллагаагаа сааруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахаас зайлсхийх буюу эмээх байдалтай холбон тайлбарлаж буй юм. 

Иргэд, байгууллагын нийт хадгаламж  өнгөрсөн оны мөн үеэс 41.6 хувь буюу 2098.7 тэрбум төгрөгөөр өсч 7139.8 тэрбум төгрөг болоод байна. 

Үүнээс аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 3.2 хувь буюу 65.5 тэрбум төгрөгөөр буурч, харин өнгөрсөн оны мөн үеэс 3.4 дахин их буюу 1422.0 тэрбум төгрөгөөр өсч 2013.8 тэрбум төгрөг болжээ. 

Иргэдийн төгрөгийн хадгаламж зургаадугаар сарын байдлаар өмнөх сараас 0.7 хувь буюу 24.9 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувь буюу 330.1 тэрбум төгрөгөөр өсч 3678.6 тэрбум төгрөгт хүрчээ. 

Гадаад валютын хадгаламж өмнөх сараас 3.0 хувь буюу 42.6 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 31.5 хувь буюу 346.6 тэрбум төгрөгөөр өсч 1447.3 тэрбум төгрөг болжээ.

Нийт хадгаламжийн 79.7 хувь нь төгрөгийн, 20.3 хувь нь валютын хадгаламж байгаа бөгөөд ​төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.6 нэгж хувиар өссөн байна.

Зээл (2014 оны эхний хагас жил)
Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд саарч өмнөх сараас 3.8 нэгж хувиар буурчээ. Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 2.0 хувь буюу 237.2 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 42.9 хувь буюу 3693.8 тэрбум төгрөгөөр өсч 12.3 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Хадгаламжийн байгууллагуудаас хувийн  хэвшилд олгосон зээл өмнөх сараас 0.8 хувь буюу 54.4 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 39.7 хувь буюу 1879.1 тэрбум төгрөгөөр өсч 6617.1 тэрбум төгрөгт, иргэдэд олгосон зээл өмнөх сараас 3.3 хувь буюу 179 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 47 хувь буюу 1790.5 тэрбум төгрөгөөр өсч 5602.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Харин 8%-ийн ипотекийн зээлийг хасч тооцвол, иргэдийн зээлийн жилийн өсөлт 2014 оны 6 дугаар сарын байдлаар 19.4 хувь, Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийг хасч тооцвол хувийн хэвшлийн зээлийн жилийн өсөлт 38.8 хувьтай байхаар байжээ.

Нийт зээлийг өмчлөгчөөр нь авч үзвэл 53.8 хувь нь хувийн хэвшил, 45.5 хувь нь иргэд, 0.6 хувь нь улсын байгууллага, 0.1 хувь нь бусад байгууллагад олгосон зээл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 91.8 хувийг хэвийн зээл, 3.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.6 хувийг чанаргүй зээл тус тус эзлэв. 

Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар өссөн байна.