ЖДҮ-ийн дэмжих зорилгоор Европын сэргээн босголт хөгжлийн банкаас (ЕСБХБ) найман сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийг Хаан банкаар дамжуулан олгохоор болсноо зарлалаа.
Уг зээл нийт 25 сая ам.долларын зээлийн хүрээнд хийгдэж буй гурав дахь удаагийн олголт юм. “Энэ бол ЕСБХБ-аас төгрөгөөр авч буй анхны зээл” гэж Хаан банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хэлжээ. Хаан банкинд өнгөрсөн жил нийт 17 сая ам.долларын хоёр удаагийн зээлийг олгож байжээ.
Энэ талаар тус банкны сайтад "Өнгөрсөн онд талууд томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд бэлтгэн нийлүүлэлт хийдэг БЖДБ эрхлэгчдэд хямд санхүүжилт олгох зорилготой 25 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд уг санхүүжилтийн сүүлийн шатны 8 сая ам.долларын санхүүжилтийг төгрөгөөр авч байгаа юм. Монгол улсын арилжааны банкуудаас анх удаа төгрөгийн санхүүжилтийг гадны банкнаас хүлээн авч байгаа нь ХААН Банкны олон улс дахь нэр хүндийг илтгэж байна" гэжээ.
ХААН Банк ЕСБХБ-тай хамтран Монгол улсад БЖДБ эрхлэгчдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулахаар ажилладаг бөгөөд 2013 онд БЖДБ-ийг дэмжих чиглэлээр ЕСБХБ-аас эхний ээлжинд авсан 17 сая ам.долларын санхүүжилтээ зорилтот харилцагч нарт бүрэн хүргэж, микро бизнес болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан бөгөөд үүнээс 5 сая ам.долларыг Монгол улсын нэмүү өртгийн сүлжээнд оролцдог 51 аж ахуйн нэгжид дамжуулан зээлдүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!