Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны Гүйцэтгэх захирлаар М.Болдыг томилжээ

Б.Ану
2014 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ХасБанкны Гүйцэтгэх захирлаар М.Болдыг томилсон тухай тус банкны сайт дээр мэдээлсэн байна.

Энэхүү мэдээлэлд Тэнгэр Санхүүгийн Нэгдэл болон ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн энэ сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлаа хийсэн талаар дурджээ. 

Тус хурлаар Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал М.Болдыг ХасБанкны Гүйцэтгэх Захирлаар томилж, одоогийн Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очирыг тус банкны Ерөнхий захирлын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлсэн байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эдийн засгийн хямралын үед банкны зохион байгуулалт болоод бусад бодлогын асуудлыг гардан хариуцах үүргийг илүү туршлагатай хүн хүлээх нь зөв гэж энэ шийдвэрт хүрсэн байх гэж байлаа. 
 
Магваны Болд нь 2011 оны нэгдүгээр сарын 1-ээс одоог хүртэл Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гүйцэтгэх гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө ХасБанкны Ерөнхийлөгчөөр 3 жил, Гүйцэтгэх захирлаар 2 жилийн хугацаанд ажиллаж байжээ. 

Тэрээр арилжааны банк, Монголбанк, Олон Улсын Валютын сан, Дэлхийн банк зэрэг гадаад дотоодын санхүүгийн байгууллагуудад удирдах болон зөвлөх шатанд ажиллаж ирсэн, энэ салбарт 20 гаруй жилийн арвин туршлагатай нэгэн юм.

Мөн тэрээр 2007-2010 онуудад Монголын Банкуудын Холбооны Дэд ерөнхийлөгч, 2011 оноос Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ. 
 
М.Болд нь 1986 онд Будапешт хотын Эдийн Засгийн Их Сургууль, 2001 онд Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийг эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр төгссөн, олон улсын харилцааны магистрын зэрэгтэй.