Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Балхаажав: Хүн судлалыг хүнд нь ойлгуулах гэж оролдох шиг хүнд юм алга

Б.Халиун, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажав

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажав гуайтай бүтээж туурвисан номуудынх нь талаар голчлон ярилцлаа.

-Таны ажил, амьдралын ихэнх хугацаа үзэл суртал, олон түмний үйл хэрэгт зориулагдаж байсан.  Тэр дундаа улс төрийн ууган хүчин МАН-тай салшгүй холбоотой. Гэхдээ сүүлийн үеийнхэн таныг судлаачийн тань хувьд илүү таних байх?

-Би чинь бага, залуудаа малчин болох шахсан, хөгжмийн багш болохоо дөхсөн. Тэр байтугай тамирчин, тэшүүрчин, шүлэгчин, шатарчин болбол яасан юм гэж мөрөөдөж явсан нөхөр. Тэгсэн нэг хэсэг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хорхой хүргээд яггүй их цаг, хүч авсан. Гэтэл нам, улсын даалгавар томилолт гэсэн чиглэлээр өөрийн эрхгүй зүтгэх асуудал тулгарсан ийм л нэг өвгөн дөө.

-Та шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн төдийгүй шинжлэх ухааны доктор, профессор гээд олон цол гуншинтай. Эдгээрийг хэзээ ямар учралаар авснаа сонирхуулж болох уу?

-Үнэнийг хэлэхэд би гэдэг чинь элдэв нэр, цол, эрх мэдэл, хөрөнгө зоорь, тансаглал, тоглоом наадмыг туйлын муу мэддэг. Бусдын анхаарал татах юмаар маруухан зан төрхтэй хүн шүү дээ. Олонд гэмгүй, өөртөө хал балгүй шиг шороо хөдөлгөж явбал болох нь тэр. Эцэг өвгийн захиа даалгавар маань ч тиймэрхүү. Тэглээ гээд засаг төр, нийгэм олон нийтийн олгож байгаа хүндэтгэлийн талаар нэрлэхэж, дургүйцэн зугтаад байлтай нь биш. Өгсөн нэр, хүндлэлийг нь дагахаас өөр яах билээ.

-Ийм нэр алдрыг зүгээр нэг гуйгаад, хөөргөөд, хоосон магтаад өгнө гэж байхгүй. Ямар ч атугай гүн утга учиртай. Эдгээр нэр, цолыг цаг хугацаа, нөхцөл байдлын талаар дэс дараалан хэлбэл сайн байна. Хэзээ, хэрхэн гээд учир байна шүү дээ?

-Эрдмийн зэрэг цолын тухайд бол дэд эрдэмтэн буюу одоогоор ph.D болохоор 1967-1970 онд тэр үеийн Зөвлөлтөд Нийгмийн ухааны академид гурван жилийн турш олон шалгалт шүүлэг өгч, диссертаци гэгчийг бичиж, хатуухан багшийн удирдлага дор үйлээ үзэж байж хамгаалж авсан эрдмийн зэрэг. Шинжлэх ухааны докторын зэргийг бүр хожим 1999 онд “XX зуун ба хүн” сэдвээр манай Үндэсний академийн цол хамгаалуулах журмын дагуу олон эрдэмтэд дунд нүүрээ улайлган байж хамгаалсан юм.

Анхны зэрэг хүртсэнээс хойш бараг 30 жилийн хойно. Нэг үе нам, улсын ажилд цаг наргүй зүтгээд, зав зай гаргаж чадалгүй явсан. Харин 1990 онд намын үндсэн ажлаас огцорсны буянаар урьд хурааж, хумисан ном, цаасаа эргэлдүүлж тэтгэвэрт сууснаа ашиглан жаал зугаа ном бичиж байж л докторын үнэмлэхэд хүрсэн хэрэг.

Профессор хэмээх алдрыг XX зууны эцсээр Монголд байсан Дорно дахины гүн ухаан, хүн судлалын дээд сургуульд багшилж байхдаа хүртсэн юм. Бас академич гэсэн нэг нэр буй. Тэр бол том академичидтай дүйцэх өндөр нь хараахан бус, боловсролын академийн түвшний жинхэнэ гишүүн эрхтэй нэр. Том академи, академичид намайг төдийлөн тоодоггүй юм. Тэр түвшний их, бага чуулганд би сууж үзээгүй. Өөрийн тань асуугаад байгаа нэр, цолын учир тодорхой болсон биз дээ.

-Та чинь МАН-ын удирдах ажилтны хүрээнд олон жил сонгууль, томилолтоор ажиллах явцад шинжлэх ухааны асуудлыг хариуцаж байсан биз. Академийн ажлаар уг газар, эрдэмтэдтэй их л ойр байсан байж таарна. Тэр тусмаа Б.Ширэндэв гуай та хоёрыг их дотно байсан гэдэг?

-Энэ ч үнэн. Ширэндэв гуайн тэргүүлсэн олон том эрдэмтнийг би танина. Базарын Ширэндэв гуай ч Монголын шинжлэх ухааны төлөвшилд чамгүй их хувь нэмэр оруулсан хүн. Харин өөрчлөгдсөн шалтгаан нь учир битүүлэг.

-Таны бичиж олны хүртээл болгосон бөгөөд Монголдоо анхдагч гэхээр ном зохиол олон бий. Нэгдүгээрт, 1964 оны “Шинжлэх ухаан ба нийгмийн дэвшил” номдоо та юуг өгүүлэхийг зорьж байв?

-Шинжлэх ухааныг зүгээр нэг магтан дуулах бус түүний учир зүй, судалдаг зүйл, гол бүтэц агуулга, зүй тогтол арга хэлбэр үр дүн түүний түүхэн зарим том төлөөлөгч мэргэдийн талаар монгол түмэнд үндсэн мэдэгдэхүүн өгөхөд чиглүүлсэн ажил. Өөрөөр хэлбэл, манайд Шинжлэх ухааны академи дөнгөж байгуулагдаад байсан үед шинжлэх ухааны үүрэг, өгөөжийг улсын түвшний нэн чухал ойлголт болгох сурталчилгааны зорилго агуулсан хэрэг. Миний эрдэм оюуны гол бишрэл бол шинжлэх ухаан.

-“Орчин үеийн Монгол орны түүхэн хөгжлийн диалектик” 1968 оны, “Монгол орны нийгмийн шинж, онцлог, үр дүн, цаашдын төлөв” 1981 оны, “Миний Монгол” 2005 оны бүтээлүүдийг тань харж байсан юм байна?

-Эхнийхэд нь Монголын хөгжлийн XX зууны тэргүүн хагасын хөгжилд философи сэтгэлгээний анализ хийсэн. Дараачийнхад нь манай орны XX зууны хөгжлийн эхний хагасын ардчилсан шинж, хоёрдахь хагасын социалист чиглэлийг тодруулан гаргахыг зорьсон.

Гурав дахьд нь Монголд өөрчлөлт шинэчлэлтийн эх суурь тавигдаж, хөгжлийн шинэ хандлага, боломж гарч буйг хэсэгчилсэн хэлбэрээр харуулахыг зорьсон. Энэ гурав гурвуулаа хоорондоо цаг хугацаа орон зайн хувьд ч бодлого зорилгын хувьд логик холбоотойн дээр өөр өөрийн нүүр царай агуулгатай.

-Мөн “Хүн” гэж таны үзэл бодол, судалгааны үр дүнгээ монгол уншигчиддаа төдийгүй монгол хүний нэрээр дэлхийд анх хаяглан гаргасан бүтээлийг тань “Хүн” номыг уншсан хүн олон байдаг. Уншаагүй, үзэж хараагүй нь ч олон байгаа биз. Тиймээс та сүүлийн үеийн бүтээлүүдийнхээ талаар бага зэргийн тайлбар өгнө үү?

-Хүн нэрийн дор миний гаргасан ном нэртэй юм гэвэл овоо хэд бий. Ер нь ямар ч судлаач номыг бусдын оюуны хэрэгцээнд зориулан гаргахаас бус өөртөө зориулж гаргана гэж ер байхгүй. Харин номоор дамжуулж хүн судлалыг хүнд нь ойлгуулах гэж оролдох шиг хүнд юм алга мэт. Би энд дөрвийн зэрэг номынхоо гол санааг дахин хэлье. Урьд өмнө нь элдэв аргаар улигласан санаа ч олон бий.

  • 2004 оны “Үүрдийн дурсгал номын хөшөө” гэсэн цувралын II ботид хүний хөгжлийн онол, арга зүйн философи үндэслэлийг бүхэлд нь зарим нэг өгүүллийн хамт гаргасан.
     
  • 2006 оны “Хүн та хэн бэ” гэсэн бяцхан дэвтэрт хүнийг хэрхэн ОЙЛГОвОЛ зохихын тоймыг үзэл бодлын хялбаршуулсан арга хэлбэрээр өгүүлэхийг оролдсон.
     
  • 2007 оны “Үзэг, цаас бид гурав" нэртэй гар бичвэрийн түүвэр эмхтгэлд хүний талаар юу ажиж, юу ухаарч юу мэдсэнээ өдөр тутмын тэмдэглэл маягаар илэрхийлсэн.
     
  • 2012 оны “Хүн хэмээх агуу их ертөнц”, 2013 оны “Хөгжил” номуудад хүний үүсэл хөгжлийн асуудлын хүрээнд өөрийн судалгааны гол гол үр дүнг нэлд багтаан өгүүлэхийг хичээсэн.

Хэрэв эдгээрийг олж харсан хүн байгаа бол хүний тухай монгол судлаачийн номоос багшаас, шинжлэх ухаанаас, дэлхийгээс, монгол соёлын өвөөс юу олж мэдэж, бусдад юу ойлгуулахыг хүссэнийг гадарлаж болно.

-Таны “Монгол хүн” сэдвээр бичсэн номууд дотор малчныг хамгаас дээдлэн бичсэн зүйл захаас аван тааралддаг. Үүний учир начраас дурдаач?

-Миний бурхан бол хүн. Тэр тусмаа монгол хүн бол миний бурхдын хамгийн ойлгомжтой бөгөөд гойд дотно, гоц танил өвөг нь, төрүүлэн өсгөж тэтгэж авч явсаар ирсэн дээдийн дээд амин сүнс нь. Тэгээд л би монгол хүний тухай ажих, судлах, бичихээрээ юуны өмнө малчдын тухай сэдвийг бариад авдаг юм.

Малчин хүүхэд байсан болоод тэр үү, малаас ихийг олж мэдсэн болоод ч тэр үү Монголын түүх намтрыг харахаар малчин гарал, шастир, бодит амьдрал үр бүтээл голлоно.

Ингээд л “Малчин удамт монгол хүн” номыг хамгийн сүүлд хэвлүүлсэн. Малчны талаар юу хэлэх гэсэн бүхний дээжийг тэнд бараг багтаасан. Үүнд өөрөө ч их урамшин баярладаг. Хүмүүс тоож уншвал малчнаа, мал аж ахуйгаа ерөөс монгол хүн хэн болохын мэдэгдэхүүнийг олж авах байх.

-Дэлхийн XX зууныг судалж, монгол судлаач дэлхийг хэрхэн төсөөлдгийг харуулсан номыг анх бичсэн хүн бол та. Тэр номд чухам юуг судалж, дүн шинжилгээ хийсэн тухайгаа уншигч олонд товч боловч тайлбарлана уу?

-1999 оны “XX век” гэсэн орос хэлээр чадан ядан ноороглосон эрдэм шинжилгээ судалгааны маягийн нэг жижгэвтэр ном бий. Таван бүлгийн нэгдүгээрт, XX зуунаар харвал дэлхийн хүн хэд хэчнээн болсон, ямар бүтэц бүрэлдэхүүн, байршил суурьшилтай оршин аж төрж буйг, хоёрдугаарт, энэ хүн байгаль газар дэлхийгээ хэрхэн авч явна, ямар ашиг олж ямар гамшиг муу нөлөө тарьж явааг, гуравдугаарт, дэлхийн түвшинд хүн төрөлхтөн юу бүтээж, юугаар нэрээ гаргаж, хүн бүтээлээ харуулж байгааг, удаахад нь даян дэлхийд хүний учруулсан хохирол гай гамшиг хор нөлөө юу байна гэдгийг, эцсийнхэд нь хүнээс гариг дэлхийдээ өвлөх өв юу байна ирээдүй яаж харагдана вэ гэдгийг дүр төрх болгон гаргасан ухаантай.

Уншиж танилцсан хүн байдаг эсэхийг мэдэхгүй. Ямар нэгэн эерэг буюу эсрэг байр суурь одоо болтол сонсогдоогүй л байна. Хүмүүс тоогоогүй юм байлгүй дээ.

Зураг