Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уяачдаас анх удаа Хөдөлмөрийн баатар цол хүртсэн тод манлай уяач Д.Даваахүү өнгөрсөн ням гаригт цолныхоо мялаалгыг унаган нутаг Төв аймгийн Баянцагаан суманд хийжээ.
Энэ үеэр хүчит 128 бөх барилдаж, хоёр насны морь уралдсан нь багахан сумын наадмаас ч том хэмжээний арга хэмжээ болсон гэнэ. Хүчит бөхийн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн аж. Энэ баярт олон хүндтэй зочид уригдсан бөгөөд тод манлай уяачид нүнжигтэй бэлэг өгсөн сурагтай. Тухайлбал, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, “Монгол-999”-ийн захирал Л.Ариунболд 280 сая төгрөгөөр үнэлэгдэх цул мөнгөн эмээл, хазаар бэлэглэсэн гэнэ.
Харин Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү аймгийнхаа Эрүүл мэндийн нэгдлийн эрчимт эмчилгээний тасагт таван сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж, Баянцагаан сумын сургуульд компьютерийн танхим тохижуулж өгсөн аж. Мөн тус сумын хүүхдийн цэцэрлэг шатсан байсан учраас хандив болгож иж бүрэн тавилгатай таван ханатай хоёр гэр бэлэглэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!