ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

М.Түвшинхүү: Бид дэлхийн хэмжээнд зориулж кино хийх хэрэгтэй байна

Б.Төрбат
2014 оны 6 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Уран бүтээл эхлэх шалтгаан эмзэглэлээс үүдэлтэй

“Их хүрээ” уран бүтээлийн нэгдлийн хамт олон БНХАУ, Казахстан, ОХУ-ын Тува, Якут, Алтай, ӨМӨЗО-ны Ордос зэрэг улс, үндэстний уран бүтээлчидтэй хамтран “Андууд” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийх гэж байна. Энэ оны есдүгээр сард үзэгчдийн хүртээл болох тус кино нь өнөөгийн Монгол туургатан залуусын хайр сэтгэл, нөхөрлөлийн тухай өгүүлэх аж.

Эл хүрээнд ирэх долоодугаар са­рын 10-15-ны хооронд жүжигчин М.Түвшин­хүүгийн урилгаар дээрх дөрвөн орны уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирж, анхдугаар уулзалтаа зохион байгуулах гэж байна. Тиймээс энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүүг урьж ярилцлаа.

-Таныг юу тэгтэл нь эмзэг­лүүлэв ээ. Монгол туур­гатан за­луус хэрхэн нэгдэж эртнээс уламж­­лаг­­даж ирсэн зан заншил, үнэт өвөө хамгаалж байгаа талаар өгүүлэх “Андууд” киног бүтээх санаа эмзэг­лэлээс үүдэлтэй гэж сонслоо?

-Тийм ээ, үнэн. Өнөөдөр бид түүхийн болоод соёлын үнэт өвөө харь оронд маш ихээр алдсан. Өдөр өдрөөр л алдаж байна шүү дээ. Хэдэн мянга, хэдэн зуун жилийн өмнөх түүх, соёлын үнэт өвөө бүгдийг нь алдчихаад байна. Уран бүтээлч, иргэн хүний хувьд үүнд маш их эмзэглэж явдаг. Энэхүү эмзэглэл дээр төрсөн бодол маань ар араасаа ажил хэрэг болоод явж байна.

Өөрөөр хэлбэл өөрийн болон өрөөлийн энэхүү эмзэг­лэлээ уран бүтээлээрээ дамжуулж кино хийхээр төлөвлөсөн. Киногоороо дамжуулж ард түмэндээ, Монгол туургатан олондоо ухаарлын мессеж өгөхийг зорьж байна. Бид л өөрсдийн үнэт зүйлээ хадгалж хам­гаалахгүй юм бол өөр хэн хамгаалж хайрлах юм бэ, тийм биз дээ.

-Тэр ч тийм шүү?

-Үүнийг л хөндсөн кино хийх гэж явна. Нөгөөтэйгүүр миний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Энэ эмзэглэл маань олон жил сэтгэл дотор минь хадаастай явсан. Харин жилийн өмнөөс энэ тухайгаа найз, нөхөддөө ярьж зөвлөлдсөн. Тэгээд л кино хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон доо. Дараа нь зохиолч Оргил найзтайгаа уулзсан. Бид хоёр их ч удаан ярилцсан. Тэгээд л манай Оргил зохиолоо бичиж, өнгөрсөн хавар дуусгалаа.

Түүнээс гадна Бат-Эрдэнэ гэдэг залуу судалгаан дээр нь ажилласан. Мэдээж толгойдоо орсон зүйлээ үг, үсэггүй бичээгүй нь ойлгомжтой. Маш их судалж байж бичсэн. Ямар эх сурвалж ашиглаж, юун дээр түшиглэж бичсэн нь хүртэл цаанаа учиртай.

-Ингэхэд таны санаанд тань хүрсэн сайн зохиол болж чадсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Зохиолоо уншаад сууж бай­хад сайхан сайхан ололт­­той талууд харагдсан. Өнөөдөр бид Монголоороо амьдарч чадаж байгаа эсэх нь хүртэл эргэлзээтэй болчихсон байна шүү дээ. Хатуухан хэлэхэд энэ улс гүрэн цаашид орших уу, эс орших уу гэдэг л болчихоод байна. Наад зах нь монголчууд урд хөршдөө ямар их үнэт зүйл, соёлын өвөө алдчихсан юм бэ. Яаж хэл ам хийн байж уртын дуу, хөөмий, морин хуураа буцааж авлаа. Тэр Батаар байна.

Бид өөрсдөө ч мэдэлгүй хил гаргаад алдчихсан л байгаа байхгүй юу. Гэхдээ тэр бүгдийг буцааж авч ирж байгаа нь бидний бахархал юм. Монгол хүн бүрийн зүрхэнд, судсанд байгаа тэрхүү бахархлыг сэрээхийн тулд энэхүү уран бүтээл зайлшгүй төрөн гарах ёстой. Зохиолын зарим үйл явдал Орос, Хятадын нутаг дэвсгэрт өрнөдөг. Тийм ч учраас гадны уран бүтээлчдийг кинондоо тоглуулах санал тавиад байна.

-Тэд бүгдээрээ таны найз гэсэн. Яаж танилцсан юм бэ?

-Тийм ээ, би гадны хэд хэдэн кинонд тоглож байсан. Ингэж явахдаа найзалж, нөхөрлөсөн уран бүтээлч найз нараа энэхүү кинондоо оролцуулах нь зүйтэй гэж бодсон. Тэд нартайгаа ч холбогдсон. Наадмын өд­рүүдэд тэд маань ирж Монгол орны зан заншилтай танилцахаас гадна зохиолоо ярилцах юм.

Өөрөөр хэлбэл анхдугаар уулзалтаа хийж өөрсдийн санаа бодлоо нэгэн жолоонд оруулах юм. Нэг хүсэл, нэг зорилго доор нэгдэх юм. Гэхдээ тэднийг ийнхүү авч ирж байгаа нь ямар нэгэн төсөл биш гэдгийг хэлэх байна. Уран бүтээлч, анд нөхдийн уулзалт гэж ойлгож болно. Киноныхоо талаар халуун, дотно яриа өрнүүлэх юм. Тэдний цусанд нь байгаа омогшлыг сэрээж, сэдрээж өгөх л зорилготой. Түүнээс биш бусдын хийдэг ямар нэгэн төсөл энэ тэр бол биш. Цэвэр уран бүтээлийн сэтгэлгээн дээр хийгдэж байгаа ажил юм.

-Хэчнээн уран бүтээлч, хаана хаанаас ирэх вэ?

-Дөрвөн орноос найзууд маань ирнэ. Тухайлбал ОХУ-ын Якутаас Вла­димир Иванов, Ирина Энгьлис, Саары Ырыа, Алтайгаас Амаду Мамадаков, Тувагаас Эдуард Ондар, Буриадаас Баярто Ендонов, Надежда Мунконова, Цын­ге Ломбоев, Болот Дын­ганор­боев, Ка­захстан Даулет Абды­гапаров, Батиржан Ка­ган, БНХАУ-аас То Вей нар ирнэ. Заримыг нь манайхан сайн мэднэ.

Заримыг нь бол огт мэдэхгүй байх. Жишээ нь Якутаас ирж байгаа Владимир Иванов гэдэг залуу манай Нямгаваа найруулагчийн хүү, Дэлхийн киноны прод­юсе­рын холбооны гишүүн. Баярто Ендонов бол Бу­риадын Ардын жүжигчин. Даулет Абдыгапаров гэх залуу Казахстаны нэртэй жү­жигчин. Батиржан Каган гэх залуу Казахстаны Азийн нүүдэлчний соёлын өвийн ерөнхийлөгчийн албан ту­шаал хашдаг. Энэ хүн маш их анхаарал тавьж, ач холбогдол өгч байгаа.

-Тэд таны саналыг яаж хүлээж авав?

-Маш сайхан хүлээж авсан. Тэд маань бүгд л Монголыг гэсэн сэтгэлтэй, төрхтэй хүмүүс байгаа юм. Түүх соёлын хувьд ч гэсэн бидэнтэй адилхан талтай. Энэ нь ч их нэмэр болсон байх. Энэ хүмүүсийн ирэх болсон шалтгаан нь уран бүтээл эхлэх шалтгаан юм. Уран бүтээл эхлэх шалтгаан нь эмзэглэлээс үүдэлтэй гэдгийг дахин хэлэх байна. Үнэндээ Монгол айл бүрт шүтээн гэж байдаг шүү дээ. Гэтэл удам дамжин шүтэж ирсэн шүтээнээ харь оронд алдчихсан байгааг ч үгүйсгэхгүй.

-Энэхүү киног бүтээхэд ямар нэгэн хүндрэл тулгарч байна уу?

-Хувь хүн, албан бай­гууллагаас гадна төр засаг анхааралдаа аваасай гэж хүсч байна. Учир нь кино­гоороо дамжуулж иргэдэд, олон түмэндээ ухаарал, бодролын мессежийг өгөх болно. Эх орноо гэсэн омог­шил, бахархлыг нь сэрээж өгнө.

Манайхан кино гэхээр маш өнгөц ойлгоод байдаг. Нэг нөхөр зохиол бичиж, нө­гөөдөх нь уншаад л нэг сэжүүр олж авч кино хийгээд байна. Бүх уран бүтээлчдээ хэлээгүй л дээ. Зарим нэг киночид мөнгө олох гэж ки­но хийж байгаад харамсаж явдаг. Ингэж бодож кино хийхийн бол ямар ч амжилт олохгүй. Цаашаа явахгүй шүү дээ.

Харин уран бүтээл хийе гэж зориод тэр нь мөнгө олж ирж чадаж байвал тэр нь бизнес. Энэ нь хоёр өөр ойлголт шүү. Цэвэр уран бүтээлээ гар­гаж массыг яг эмзэглүүлж, ухаарал өгч, бид өөрсдөө ийм түүх соёлтой, хайрлах, хүндлэх зүйлтэй гэдгийг ойлгоё л гэж бодож байгаа бол энэ уран бүтээлийг хийх зайлшгүй шаардлагатай. Ямар ч байсан зохиол нь гар­чихсан. Одоо багаа цуг­луулна. Түвшинхүү өөрөө найруулж, гол дүрд нь тог­лохгүй нь тодорхой. Би Казахстаны нэрт най­руулагч Ахан Сатаев гэдэг мундаг найруулагчийн кинонд тоглож байсан. Тэр найруулагчийн ажиллаж байгаа ажиллагаа, арга барил нь мундаг. Кинонд нь тоглосон манайхны анхаарлыг зүй ёсоор татаж байсан. Тэр хүнд санал тавина гэж бодож, төлөвлөж байна даа.

-Тэгэхээр киноны най­руу­лагчаар гадны хүн ажиллана гэсэн үг үү?

-Манай мундаг мундаг найруулагчид байна. Тэд­ний хэн нь ч юм бүү мэд киног маань найруулна. Ерөнхий найруулагчаар ажил­лана. Одоохондоо ший­­дээгүй байна. Харин тус­лах найруулагчаар нь Ка­­захстаны найруулагчийг ажиллуулах бодолтой байгаа.

-Зөвшөөрөх болов уу?

-Мэдэхгүй. Эхний ээл­жинд найзуудтайгаа уул­заад санал бодлоо солилцож, зохиолоо ойлголцоно. Тэгж байж кино хийх багаа бүр­дүүлнэ. Ямар ч гэсэн туслах найруулагчаар ажил­лах са­нал тавина даа. Найзууд маань бүгд Чингис хаантай холбоотой жүжиг, кинонд тоглоод үзчихсэн. Тэгээд ч уран бүтээлч хүнд нэг л гай­хамшигтай зүйл байдаг юм.

-Юу тэр билээ?

-Цаг хугацаагаар аялдаг. Бид аль ч үеийн жүжиг, кинонд тоглодог. Дүрээ амьдруулахын тулд маш их судалгаа хийдэг. Тухайн үеийнх нь соёл, зан заншлаас эхлүүлээд биеэ авч яваа байдал, алхаа гишгээ, харц гээд бүгдийг нь судалж, түүнийгээ ойлгож байж тухайн дүрээ амьдруулдаг.

Харамсалтай нь өнөөдөр манай Монголын кино урлагт хэсэг бүлэг хүмүүс ашиг хонжоо харж кино хийдэг болсон байна. Тэд Монголын хөнгөн жанрын кино сонирхогчдод зо­риулсан кино л хийгээд бай­на.

Одоо бүгдээрээ дэлхийн хэм­жээ­ний зүйл хийх хэрэгтэй. Ядаж хойд, урд хоёр хөрш улсдаа зориулж кино хиймээр байна шүү дээ. Ин­гэхийн тулд ч энэхүү уран бүтээлчид кинонд маань тоглож байгаа юм. Мэ­дээж кино гарсны дараа дөрвөн орны жүжигчдийг хамруулсан гэдэг утгаараа тухайн улсдаа гарна.

Нөгөөтэйгүүр жүжигчин хүн хэдий чинээ нөөцөнд далд байх тусам бас хэдий чинээ киноны са­налаас татгалзана төдий чинээ үнэ цэнэтэй байдаг гэдгийг ойлгохгүй байна. Нийгэм маань ч, уран бүтээлчид маань ч ойлгохгүй байна. Дээр нь энэхүү кинонд маань залуу уран бүтээлчид тоглоосой гэж хүсч байна. Манайд сайн сайн залуучууд бий. Тэднийгээ бас дэмжиж ажиллана даа.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг