Дуу болгон нь хит болж байдаг домогт “Харанга” хамтлагийн ахлагч Монгол Улсын гавъяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцлаа. Түүний зүрхнээс гарсан аялгуу гитарын утсаар дамжин хүний сэтгэлд хүрч гэгээн дурсамж хөтлөн бодол эгээрлийг төрүүлдэг билээ.
-Анх хөгжимд дурлаж, гитартай нөхөрлөж эхэлсэн цаг үе гэвэл та хэдэн оныг дурсах бол?
-Би багаасаа гитарт дуртай байсан. Миний төрсөн ах тэр үеийн ЗХУ-ын Ленинград буюу одоогийн Санкт-Петербургт оюутан байлаа. 1965 онд зуныхаа амралтаар ирэхдээ бага гарын гэдэг долоон утастай цыган гитар авчирч өгсөн. Тэгээд “Кавказад тохиолдсон явдал” киноны дууг анх тоглож сурсан даа. Тэгж л гитарт дуртай болсон гэх үү дээ.
-Та 1975 онд “Ногоон гэрэл” хамтлагт Я.Одсүрэн ахтай хамт тоглож байсан гэдэг. Одоо ч та хоёр хамт. Анх ер нь яаж танилцаж, нөхөрлөв?
-Ер нь 1975 оноос ч өмнө бид бие биеэ мэднэ л дээ. Я.Одсүрэн 1972 бил үү, 1973 онд тухайн үеийн Пионерын ордны хамтлагт гитарчин байсан. Би яг хажуугийнх нь Барилгачдын соёлын ордонд тоглодог байлаа. Ингээд ойрхон болохоор бие биеэ мэддэг болохгүй юу. Тэр үед хамтлаг маань “Ногоон гэрэл” биш “Замнал” нэртэй байлаа. Дөнгөж байгуулагдаж байх үе 1974-1975 оны шинэ жилээр бид тоглох гэтэл бөмбөрчин байсангүй. Тэгэхэд Оогий гаднаас орж ирж таараад. Бид ч “За Оогий тоглочих, тоглочих” гээд. Тоглолт тараад “Ерөөсөө хоёулаа хамтдаа явъя” гэснээр үндсэндээ зам нэгдсэн дээ. Бид хоёрын сонсдог хамтлаг, мөрөөддөг мөрөөдөл ижилхэн болохоор ойлголцоход ч амархан байлаа.
-Та “Айзам” хамтлагийн анхны гишүүдийн нэг биз дээ?
-1977 онд Үйлдвэрчний соёлын төв ордон дөнгөж байгуулагдаад хөгжимчид авч байсан юм. Тэнд Д.Ганболд, Т.Нямдорж нартай хамт “Айзам” хамтлагийг байгуулалцаж, үндэс суурийг нь тавьсан. 1978 он хүртэл нэг жил тэндээ тоглосон юм.
-Таныг “Соёмбо” хамтлагт дуулж байсан үеийг хүмүүс их сайн мэддэг. “Болжмор шувуу жирэгсэн…” гээд дуулдаг байсан дууны тань мөрүүд санаад ордог гэцгээдэг юм билээ?
-”Соёмбо” чуулгад би зургаан жил болсон. Орныхоо дараахан шинэ жилээр одоогийн МҮОНРТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэгт “Өссөн нутаг” дуугаа дуулсан нь хүмүүст гайгүй хүрсэн.
-Улсын драмын эрдмийн театрын дэргэд “Харанга” хамтлаг байгуулагдсан гэдэг. Яаж яваад драмын театрт рок хамтлаг байгуулсан юм бол?
-”Соёмбо”-оос 1983 онд гараад Төв циркт хөгжимчнөөр орж “Цирк” хамтлагийг байгуулж байлаа. Я.Одсүрэнгээ татаж аваад хамт тоглосон. 1986 онд тэндээсээ гараад Улсын филармонийн Д.Ухнаа даргад хандаж Филармонийн дэргэд шинэ хамтлаг байгуулъя гэхэд “Манайд орон тоо байхгүй, цалин өгөх боломж алга” гэсэн. Энэ үед “рок” Р.Мөнхсайхан маань “Би ер нь дарга нартаа хэлээд үзье. Драмын дэргэд та нар хамтлаг байгуулвал яадаг юм” гэсэн. Хэд хоногийн дараа “Би Н.Сувд эгчтэй ярьчихлаа. Та нартай уулзъя гэж байна” гэсэн. Би очоод хүсэл мөрөөдлөө, юу хийх гэж байгаагаа хэлсэн.
“Ер нь бид бүгд мэргэжлийн хөгжимчид. Тийм учраас мэргэжлийн хамтлаг байгуулах хүсэлтэй байна” гэхэд Н.Сувд эгч “Та нар яагаад манай хажууд хамтлаг байгуулах гэсэн юм бэ. Жүжгэнд дуу хөгжим байдаг ч манайхтай хамааралгүй шүү дээ” гэж асуухад нь “Монголын бараг анхны батлагдсан мэргэжлийн “Соёл-Эрдэнэ” хамтлаг Ардын дуу бүжгийн чуулгын хажууд байгуулагдаж байсан. Чуулга, драм хоёр нэг байранд байдаг. Тэдний хажуугаас тийм хамтлаг төрж болсон юм танайд яагаад болохгүй гэж” гээд хэрээрээ ятгасан даа. Тэгээд удирдлагын хэмжээнд ярилцаад хариу өгье гээд долоо хоногийн дараа гэхэд зөвшөөрсөн.
-1989 онд “Амьдрал” тоглолтоо тоглочихоод, 1993 оны “Миний рок” хүртэл танайх даралтат хөгжимчингүй байсан гэдэг. 1993 оноос нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын хүү Х.Булган ирсэн. Талийгаач Х.Булганы “Зэрэглээ”, “Илүүдсэн дурлал” зэрэг олон дуу өнөө хэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд эгшиглэсээр байдаг юм билээ. Та түүний тухай яриач?
-Х.Булгантай “Харанга”-ыг байгуулахаас өмнө “Цирк” хамтлагт цуг байлаа. Х.Булган маань рок хөгжимд маш дуртай, мэдрэмжтэй, шинэ зүйл хийхийг хүсч мөрөөддөг залуу байсан. Олон жил нөхөрлөсөн. Анх “Харанга” хамтлагт ирнэ гэж байсан ч ажил амьдралын шаардлагаар “Соёл-Эрдэнэ”-д орсон юм. 1993 онд “Миний рок” тоглолтоо хийх гэж байхад бидэнтэй нэгдсэн.
“Харанга”-д Х.Булган ирснээр манай уран бүтээлүүд шинэ шатанд гарсан. Яагаад гэхээр дууны найруулгыг гурван гитартай янз янзаар хийж болох боловч даралтат хөгжим нэмэгдэхээр илүү баялаг болдог. Илүү сонгодог рок хэлбэрийн найруулгыг хийх боломж бүрдсэнээс “Харанга”-ын уран бүтээлд өөрчлөлт гарсан. “Миний рок” тоглолтод түүний зохиосон “Зэрэглээ”, “Илүүдсэн дурлал” зэрэг хоёр гурван дуу орсон доо. Сонсогчид Х.Булганы уран бүтээлээс “Зүүд” дууг илүү сайн мэднэ.
-“Харанга”-ын гурван цомгийг ХБНГУ-ын компани ивээн тэтгүүлж хэвлүүлсэн. “Харанга”-аас өөр гадны ивээн тэтгэгчтэй хамтлаг байсан уу?
-Бид өөрсдийгөө маш азтай гэж бодож явдаг. 1997 онд Монгол-Германы соёлын өдрүүд болсон. Бонн хотод Монголын соёлын өдрүүд зохиогдсон юм. “Харанга” хамтлаг орчин үеийн урлагаа төлөөлж оролцоод Боннд бүрэн хэмжээний хоёр тоглолт хийсэн. Хоёр улсын соёлын харилцааны шугамаар очсон болохоор Германд суугаа Элчин сайдын яам бүх асуудлыг хариуцсан.
Яамныхан бидэнд “Германчуудаас талархал, магтаал их сонслоо. Та нар үнэхээр сайн байна” гэж урам өгсөн. Одоогийн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэр үед соёлын атташе байлаа. Бид Пүүжээд “Энд бичлэг хийлгэж, цомог гаргах гэсэн юм. Спонсор олдох уу” гэхэд “Юу ч гэсэн яриад үзье” гэсэн. Тэгээд “Мерседес Бенз”, “Сиеменс” компаниудтай ярьсан байдаг.
“Ямар ч байсан бичлэгийг чинь хийлгэе. Бүтэн цомог хэвлүүлэх тал дээр ярилцаж байна” гэсэн юм. Бичлэгээ хийлгэж байхад “Мерседес Бенз”, “Сиеменс” компаниуд Германыхаа хөгжмийн зохиолчид, продюссеруудыг явуулж ямархуу түвшний хамтлаг байна гэж биднийг сонсгосон байдаг юм. Тэдгээр хүмүүс “Харанга”-ыг өндрөөр үнэлсэн. Энэ бол сонгодог рок стилиэр тоглодог үнэхээрийн чадварлаг хамтлаг байна гэдэг үнэлэмжээ “Мерседес Бенз”, “Сиеменс” компанийнханд хэлсэн байдаг.
Түүнийг нь үндэслээд энэ хоёр том компани бидний эхний хоёр цомгийг хоёр сар гаруй хугацаанд бичүүлээд зэрэг хэвлүүлж өгсөн юм. Энэ нь “Best of Haranga”, “Эрин зууны хөг” цомгууд. Дэлхийн болоод Германыхаа түүхэнд эдгээр компаниуд урлагийн салбарт, уран бүтээлчидтэй ажиллаж байсан түүх байхгүй. Анх удаагаа Монголын “Харанга” хамтлагийг ивээн тэтгэсэн. Германы “Real Mother Fishermen” гэж хамтлагийг Монголд ирэхэд нь бид тоглолтуудыг нь зохион байгуулж хүлээж авсан. Тэр хамтлагийнхан, ингэж ивээн тэтгэх шийдвэр гарсан гэхэд үнэхээр их гайхаж байлаа.
-Тэднээс юугаараа илүү байж чадсан юм бол?
-Бид “Монголжуу рок”-ыг хөгжүүлэх зорилготой. Ингээд ярихаар зарим хүн рок л бол рок шүү дээ гэдэг. Барууны рокын хэм хэмнэл, янз бүрийн урсгалыг монгол ая, аялгуутайгаа яаж хослуулах вэ гэдэг хамгийн гол нь юм. Германчуудад хамгийн их таалагдсан нь дуунуудын маань аялгуу. Энэ бол тэдний хувьд цоо шинэ санагдсан. Тэр утгаараа маш их сонирхож, сонин содон шинэ гэж хандсан байх.
-Энэ онд “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа. Фэнүүд тань ойн тоглолтыг хүлээж байгаа байх?
-Бидний товлосон хугацаа их ойрхон байна. Гэхдээ аливаа зүйлийг бүтээхэд ололттой тал байвч саад бэрхшээл бас бий. Энэ жил Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Ийм болохоор ивээн тэтгэгчид маань “Хойшлуулах арга байна уу. Яг одоогоор 25 жилийн ойг дэмжээд хамтраад ажиллахад хүндрэлтэй байна” гэцгээсэн. Уг нь бид наадмын дараа долдугаар сарын 15-нд тоглолтоо хийхээр төлөвлөсөн юм. Тиймээс түр хойшлуулсан.
-Та өөрийнхөө бие даасан цомог дээр ажиллаж байгаа гэсэн. Хэзээ бэлэн болох вэ?
-Он гараад энэ ажлаа эхэлсэн. Гэвч гуравдугаар сард Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж”, “Харанга”-ын “Best of Haranga” тоглолтууд болсон. Бас Н.Пүрэвдашийн тоглолтын бэлтгэл, урагшаа явж тоглох гээд завсардсан. Одоо ажилдаа буцаж орсон, гучаас дөчин хувьтай явж байна. Дан гитар хөгжмийн аялгуутай нэг цомог, өмнөх цомогт ороогүй кино, жүжгийн дуунуудаа оролцуулаад ганц хоёр шинэ дуутай цомог гаргана. Хоёр цомог зэрэг гаргахаар ажиллаж байгаа. Тэгэхээр удах байх.
-Таны ”Gibson Les Paul” брэндийн гитар, та хоёрыг тусдаа байгаагаар төсөөлшгүй санагддаг. Энэ гитартайгаа хэдэн жил нөхөрлөж байна?
-Энэ гитараар тоглох юмсан гэж мөрөөддөг байлаа. 1989 оны “Амьдрал” тоглолтод “Gibson”-ыг дуурайж хийсэн чех гитартай оролцсон. Энэ гитартайгаа 1994 он хүртэл явсан. Тэр жил манай Ц.Чулуунбат хувийн ажлаар Сингапур явсан юм. Ирэхдээ мөрөөдөл болсон гитарыг минь өөрийнхөө мөнгөөр авчирч өгсөн. Чукадаа би маш их баярладаг. Тэр их баяр хөөртэй дурсамж ерөөсөө мартагддаггүй юм. Яг тэр гитараар өнөөдрийг хүртэл 20 жил тоглож байна.
-Шинэ залуу гитарчид танаас зөвлөгөө авдаг уу. Гарын шавьтай юу?
-Хүүхдүүд ”Би тэгээд сурсан чинь энд ирээд ингээд гацчихлаа” гээд ирдэг. Анх сурахдаа жаахан буруу сурсан бол нэг хэмжээнд очоод зогсдог тохиолдол бий. Түүнээс гарах аргыг нь зааж зөвлөдөг. Гарын шавь байхгүй. Амьдралдаа би гурван шавьтай. Нэг нь1993 онд “Миний рок” тоглолтыг хийж байх үед Монголд оюутан байсан япон хүн байлаа. Нутагтаа очоод 5-6 жил тоглоод бизнест ороод орхисон юм билээ. Хоёр дахь нь өвөр монгол залуу. Бүтэн жил заалгаад явсан.
-Гитараас гадна та бөмбөрчин. Хаана бөмбөр тоглож сурав?
-“Ногоон гэрэл” хамтлагт байхдаа одоогийн СУИС-ийн багш, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдоос бөмбөр сурсан. Сок маань маш гоё, бөмбөр сурахсан гэмээр хүнийг өдөөж тоглодог. Тэгээд Я.Одсүрэн бид хоёр сонирхсоор байгаад боломжийн тоглочихдог болсон. “Айзам” хамтлагт бүтэн жил бөмбөр тоглосон доо.
-Н.Пүрэвдаш ахын тоглолт дээр бөмбөр тоглохыг тань харсан. 1977 оноос хойш тайзан дээр анх удаагаа бөмбөр тоглосон хэрэг биш биз?
-Ер нь тийм шүү. Бэлтгэлийн өрөөнд бол хийх гэж байгаа дууныхаа хэмнэлийг олох гэж бөмбөрөө өөрөө тоглодог. Бөмбөрийнхөө ноотыг Н.Пүрэвдашдаа бичиж өгөхөөс өмнө ингэж тогловол зүгээр юм уу гэж тоглож үздэг дээ. Үзэгчдийн өмнө бол 1977 оноос хойш анх удаагаа гэж хэлж болно.
-Та ямар хамтлагийг сонсох дуртай вэ?
-Миний багаасаа сонсч байсан хамтлаг бол Английн “Deep Purple”, “Rolling Stones” юм. Мэдээж “AC DC”-г сонирхдог. Мөн “Dream Theatre”-ыг сонсох дуртай. Тэдний тоглолтын чадвар үнэхээр таалагддаг. Сүүлийн үеийн хамтлагаас бол “Nickelback”. Дээр үеийн уран бүтээлүүдээ шинэчилж найруулсан цомог нь сайхан болсон байсан.
-Наадам хаяанд ирлээ. Х.Лхагвасүрэн ахын тоглолтыг наадмын өмнөх өдөр хийхээр товлосон гэсэн. Энэ танай хамтлагийн ой угтсан нэг ажил уу?
-Ер нь Лхагваагийн тоглолтыг төлөвлөгөөт гэхээсээ илүүтэй үзэгчдийн хүсэлтээр хийж байгаа юм. Ноднингийн наадмаар энэ тоглолтоо хийсэн. Хүмүүс их сайхан хүлээж аваад дахин тоглооч гэж хүсэлт гаргаж байлаа. Тэр дагуу Лхагваа маань шинэ уран бүтээлээ тайлагнах байх.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!