-Хөндөх сэдэв-
Монгол хэлний тухай хууль хэмээх есөн бүлэг, 24 зүйлтэй нэгэн хачирхалтай хуулийн төсөлтэй танилцлаа.
Энэ хуулийн гуравдугаар зүйлд Хуулийн үйлчлэх хүрээг 3.1-д Энэ хууль Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй этгээд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бусад хуулийн этгээд хамаарна гэсэн байгаа юм.
Гэтэл дөрөвдүгээр бүлгийн наймдугаар зүйл 8.1-д Монгол Улсын хэмжээнд кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө.
8.2-д Кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, 22.1-д заасан эрх бүхий байгууллага баталснаар хүчин төгөлдөр болно.
8.3-д Кирил монгол болон үндэсний монгол бичгийн зөв бичих дүрмийг, баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, 22.1-д заасан эрх бүхий байгууллага батална.
Тэгвэл 11.1.4-т Төрийн захиргааны бүх шатны байгууллагад эх бичгийн түшмэл томилон ажиллуулж, төрийн албан хэрэгт кирил монгол болон үндэсний монгол бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн бол 15.1.1-д Цахим орчинд монгол хэл, кирил монгол болон үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, латин үсэг хэрэглэх зааварчилсан дүрэм, стандартыг мөрдүүлэх ажлыг эрх бүхий судалгааны байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хэмээн заажээ.
Хэдийгээр хэлэлцэгдэх шатанд яваа ч энэ хуульд ойлгомжгүй зүйл, заалт тун ч олон байна. Одоо жишээ нь кирил монгол, уйгаржин монгол бичиг хоёрыг нэг дүрмээр зохицуулах бололтой юм. Худам монгол бичгийг кирил монгол бичгийн дүрмээр зохицуулж болно гэж эрхэм мэргэн төрийн түшээд минь яаж сэтгэж чадав аа.
Энэ хуулийн 22.1-д Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал дүгнэлт боловсруулах эрх бүхий хэл бичгийн судалгааны хүрээлэн цаашид эрх бүхий судалгааны байгууллага ажиллана гэжээ.
Уйгаржин монгол, кирил монгол бичиг хоёрыг нэг дүрэмд мухайрлан оруулах гэж нүсэр бүтэцтэй хүрээлэн байгуулах бололтой юм.
Төрийн нүсэр олон агентлагуудын тоо хэмжээг багасгаж бүх газарт үрэлгэн зардлыг яаралтай бууруулах зайлшгүй шаардлагатай байхад эрхэм төрийн түшээд минь агентлагийн тоо нэмэгдүүлэх ямар ч хэрэгцээгүй хуулийн төсөл зохиогоод сууцгааж байна.
Төрийн хэлний зөвлөл гэж тусдаа байгууллага байсаар байхад шинээр нүсэр олон орон тоо гаргаж байр савны асуудлаас эхлээд үргүй зардал гаргах гэж ямар томчууд лобби үсэргэж байгаа нь удахгүй илэрхий болох биз.
Уйгаржин монголыг кирил бичгийн дүрмээр зохицуулна гэж ухаан санаанд ч багтахгүй хууль зохиоцгоож суухаар их сургуулийн оюутнаас эхлээд төрийн албанд шургалсан монголоороо алдаагүй бичиж чаддаггүй орчин цагийн эрэмдэг залуусаа зөв бичдэг болгоход санаа тавьж асуудал дэвшүүлэх нь өнөөдрийн амьдралд арай л ойр санагдах юм.
Хэрэв энэ хууль хэлэлцэгдэж батлагдахдаа тулвал монгол хэлний цэвэр тунгалаг байдал таамаглахын аргагүй будлиантай хутгалдах нь тодорхой.
Эхнээс нь будлиантай зөв бичгийн дүрмийн уршгаар өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд утга төгс монгол хэлээр алдаагүй бичдэг сурагч өдрийн од шиг л ховордож байна.
Ийм байхад дээрээс нь нэмээд холион бантангийн хууль батлачихвал Монголын боловсролын систем ч аюултай байдалд орохыг үгүйсгэхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|