• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Анхаарал болгоомжтой зорчих замууд

ikon.mn
2014 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд дараах газруудад авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол  их гарч байна.  Иймд эдгээр замаар явахдаа анхаарал болгоомжтой зорчихыг МХЕГ-аас сэрэмжлүүллээ.

Анхаарал болгоомжтой зорчих замууд

- Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч 11 хүн нас барсан. 

- Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд 7 осол гарсан. 

- Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн.

- Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол бүртгэгдсэн. Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон гүүрүүд их эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдаж байгаа.

- Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй. Энэ замд он гарсаар 9 осол гарч 5 хүн нас барсан.

- Чойр- Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас төв зам руу орох хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол их гардаг. Түүнчлэн Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн.

- Дархан-Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт рүү уруудах зам,  Бага хөшөөтийн даваанд зам, тээврийн 13 ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн. Орхон аймгийн Шанд, Рашаант баг чиглэлийн замыг барихдаа трасст орсон айл, хашаа байшинг бүрэн нүүлгэж чадаагүй. Үүнээс болж замын чигийг өөрчилж, замын хаалт, хашлага хийгээгүй нь зам, тээврийн 35 осол гарахад хүргэсэн. 

- Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас замын далан сэтэрч машин онхолдон 1 хүн нас барсан. Булган сумын Зүүн түрүүний 18 у/м, Мааньт, Ацын голын 8 у/м модон гүүрний бүтээц эвдэрсэн, Хангал сумын нутагт гүүрийн хайс, хаалт байхгүйгээс осол гарсан байна.

- Архангай аймагт 38 осол гарч, 27 хүн нас барж, 30 хүн гэмтсэн. Иймээс зам, тээврийн осол их гардаг “Хар цэг”-ийн судалгааг Замын цагдаагийн тасагтай хамтран гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүгнэлт өгч Зам, тээврийн яаманд хүргүүлсэн

- Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын хашааны гудамжны замд 6 осол гарч 8 хүн нас барсан. 

- Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын уулзвар зэрэг газарт 2013 оноос хойш 79 осол бүртгэгдсэн. 

- Мөрөн-Хатгал чиглэлийн замд 2013 онд үерийн улмаас 500м орчим  хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4,5км хэсэгт замын хажуугаар 2м гүнтэй гуу жалга үүссэн.  

- Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна.

- Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд 6 осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг.

- Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй, Улаагчины 9 у/м, Булганы голын 45 у/м, Бага хуурайн голын 30,3 у/м, Согоогын голын 19 у/м модон гүүрүүд, Сагсайн голын 96,8 у/м, Бураатын горхийн 18 у/м төмөр бетон гүүрэнд  урсгал засвар хийгээгүй, хүнд даацын тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн зорчсоноос эвдрэл гарч, ашиглалтын байдал муудсан. Үүнээс болж тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцөл алдагдаж байна.

Жолооч, иргэд та бүхэн  дээрх замуудаар зорчихдоо анхаарал болгоомжтой байж хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаална гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж, зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг