Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хөгжлийн бэрхшээлээсээ болж нийгмийн амьдралд идэвхитэй гишүүн болж, аливаа харилцаанд бүрэн дүүрэн буюу тэгш эрхтэй оролцоход хязгаарлагдмал байдаг. Энэ нь тэдний хүсэл тэмүүлэл, зорилгодоо хүрэхэд нь саад учруулдаг юм.
Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол Улсад 96325 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн дотор тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд 18351 буюу 19 хувийг эзэлж байгаа гэсэн дүн гарсан байдаг.
Тиймээс ч энэ онд Ази, номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улс хүлээн авч, хэрэгжүүлж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлсэн томоохон алхам болсон байна.
Энэхүү стратегид тусгагдсан бие бялдарын орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл, харилцааны хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд СЗХҮТ нь ДЭМБ-тай хамтран АНУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тэргэнцэрийн зөв хэрэглээг төлөвшүүлэх” сэдэвт гурван үе шаттай сургалтыг энэ өдрүүдэд улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна.
Тодруулбал, тэргэнцэр тохируулах сургагч багш бэлтгэх, тэргэнцэр түгээх үйл ажиллагааг зохион байгуулах менежерүүдийн сургалт, тэргэнцэр түгээх үйл ажиллагаанд оролцогч талуудын хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулснаар тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгээх, тэргэнцэртэй иргэдийг зөв байрлуулж суулгах, хэрэглэх, арчлах, тэдэнд давхар бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар цогц мэддэг мэдээлэл олгох юм байна.
Уг сургалт тэргэнцэрийн зөв хэрэглээг төлөвшүүлэх нийгмийн амьдралд бие даан оролцоход тус нэмэр болох зорилготОй аж. Сургалтыг АНУ, Филлипин, Энэтхэг орноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг мэргэжилтнүүд ирж зохион байгуулсан юм.
З.Наранбаатар: Олон хүн удаан хугацаагаар үргэлжилсэн цооролттой байгаа нь тогтоогдсон
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Сэргээн засах оношлогоо эмчилгээний төвийн дарга З.Наранбаатар "Ер нь тэргэнцэрийн хүртээмж манай улсад гайгүй байдаг. Өөрөөр хэлбэл, манай байгууллагатай тогтмол хамтран ажилладаг олон улсын байгууллагууд бид нараар дамжуулан иргэдэд тэргэнцэр түгээдэг. Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагууд ч тэргэнцэр авчирч борлуулдаг. Тиймээс тэргэнцэрийн түгээлтийн асуудал харьцангуй гайгүй. Харин хамгийн гол асуудал бол тэргэнцэр тухайн хүний биед хэрхэн тохирч байна гэдэг нь гол асуудал юм.
Тиймээс энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа. Сургалтад суух хүмүүстэй хэдэн өдрийн өмнөөс уулзалт зохион байгуулж, судалгаа явуулсан. Гэтэл олон хүн удаан хугацаагаар үргэлжилсэн цооролттой байгаа нь тогтоогдсон. Энэ нь юуг илтгэж байна гэхээр өөртөө яг тохирсон тэргэнцэрээ хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс холголт, цооролт их байгаа юм.
Тухайлбал, тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэргэнцэрээ авахдаа багадуулбал үрэлт үүсдэг, томдуулчихвал илүү хөдөлгөөнүүд үүсээд холголт цооролт бий болдог. Үүнээс шалтгаалаад хоёр дахь бэрхшээл болох цооролт, гэмтэл зэрэг асуудал үүсч эхэлдэг. Биднийг судалгаа хийж байхад 10 гаруй жил цооролттой явсан хүмүүс ч таарч байсан.
Тиймээс хамгийн гол асуудал бол тохирсон тэргэнцэрийг хэрэглүүлж сургах нь чухал юм гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байгаа” гэлээ. Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа тус сургалтад энэхүү үйл ажиллагаанд оролцдог талууд бүгд хамрагдаж байгаагаараа онцлог гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм.
Гурван үе шаттай явагдах сургалтаар эхний ээлжинд тэргэнцэрийг хэмжиж тохируулах эрүүл мэндийн ажилтнуудад, түгээлт хариуцах менежерүүдэд буюу орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан эрүүл мэндийн өр-хийн асуудал хариуцсан, хүмүүст тухайн мэдээллийг хүргэх гэнэ.
Гуравдугаарт, энэ ажлын хүрээнд оролцогч талууд болох шийдвэр гаргагчид болон тэргэнцэр хэрэглэдэг иргэд гээд бүх талын оролцоог хангасан хүмүүсийг цуглуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хийх ёстойгоо зүйлээ ярилцаж, шийдвэр гаргах ажээ.
Ийнхүү сургалтад хот, хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эмч, эмнэлгийн ажилтанууд, иргэний нийгмийн байгууллага, иргэд, бодлого боловсруулах, шийдвэр гаргагчид зэрэг анхан шатны нэгж салбарын төлөөллөөс эхлэн хэрэгжүүлэгч агентлагууд, бодлого тодорхойлох төвшний байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудын оролцоог хангасан нь тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэрийн үйлчилгээг хүргэх тогтолцоог бий болгох, салбар дундын ойлголцлыг төлөвшүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулахад чухал ач холбогдолтой сургалт болох бололтой.
Г.Тунгалаг: Би тэргэнцэртэй иргэдэд мэдээлэл түгээх гүүр нь болно
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Г.Тунгалаг
“Би сургалтад хөдөө, орон нутгаас ирж оролцож байна. Тэргэнцэр хэрэглээд олон жил болж байна. Анх тэргэнцэр хэрэглэх зөвлөгөөг сонсч ч байгаагүй. Сүүлийн жилүүдэд л тэргэнцэрийн асуудал арай дээр болж байгаа. Өөрөөр хэлбэл, надад ямар ч хамаагүй тэргэнцэр бус өөрт тохирсон, стандартын тэргэнцэр хэрэглэх шаардлагатай юм байна гэдгийг мэддэг болсон. Гэтэл одоо бол ихэнх тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд тэргэнцэр хэрэгтэй болсон бол өөрт олдсоныг л ашиглаж байгаа. Түүнээс өөрт таарсан байх эсэх нь хамаагүй. Өндөр, өргөн багадаж байгааг үл анзаардаг.
Гэтэл өөрийн хэмжээг үнэн зөв өгч, өөрт яг тохирсон тэргэнцэрийг захиалж чадвал хөлөө тэгш тавих, өөрөө төвөггүй тэргэнцэр дээрээ суух, тэргэнцэр таараагүйгээс болж бэртэж гэмтэх гээд олон сайн талууд байдаг юм байна. Энэхүү сургалтаас би сургагч багш болж бэлтгэгдээд гарах ёстой. Тиймээс орон нутагтаа очоод тэргэнцэртэй иргэд болон тэдэнтэй ажиллаж байгаа холбогдох хүмүүст энэ талын мэдлэг мэдээллийг түгээж ажиллах гүүр нь болно.
Тухайлбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэрийн хэмжээг хэрхэн өгөх, хэрхэн өөрт таарсан тэргэнцэр сонгох гээд олон мэдээллийг хүргэх юм” гэв. Хэрэв энэ удаагийн “Тэргэнцэрийн зөв хэрэглээг төлөвшүүлэх” сэдэвт гурван үе шаттай сургалт амжилттай болж, цаашид хийх ажлын шийдвэрийг зөв гаргаж чадвал тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн маш том асуудлын гарцыг нээж чадах юм байна.
Тухайлбал, тэргэнцэртэй иргэдэд тэргэнцэрийн засварын асуудал нэн тулгамдсан асуудал болдог гэдгийг тэдний төлөөлөл дуулгаж байсан юм. Учир нь эмэгтэй хүмүүс тэргэнцэрийн дугуйгаа солих, хийлэх зэргийг чадахгүй гэр бүлийн гишүүдийн тусламжийг авах зайлшгүй шаардлага гардаг байна. Тиймээс аймаг, сум, дүүрэг бүрт байдаг нийгмийн халамжийн ажилчид тэргэнцэртэй иргэдийн тэргэнцэрийн засварын асуудалд анхаарч ажилладаг байж яагаад болохгүй гэж.
Тиймээс уг сургалтыг хийж байгаа нь энэ мэт олон асуудлыг шийдэхэд дөхөм болох юм байна. Дашрамд дуулгахад, улсаас гурван жил тутамд тулгуур эрхтний бэрхшээлтэй бүх насны иргэнд тэргэнцэрийг үнэ төлбөргүйгээр олгодог байна.
Б.Уранчимэг: Тэргэнцэрийг үнэ төлбөргүй олгоно
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Уранчимэг
“АНУ-ын “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран “Тэргэнцэр” хэмээх төсөл хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд бид өнгөрсөн онд 300 гаруй тэргэнцэр болон туслах хэрэгсэл болох таяг, алхуулагч зэргийг иргэдэд олгосон байна.
Ирэх сарын 10-наас 300 гаруй тэргэнцэр, тодорхой тооны туслах хэрэгслүүд ирнэ. Тэргэнцэр авах иргэдийн хувьд тухайн иргэн Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд хандах хэрэгтэй.
Энэ оны эхний ээлжийн тэргэнцэрүүдийн гэрээ хийгдсэн. Тиймээс ирэх сарын 10-наас 300 гаруй тэргэнцэр, тодорхой тооны туслах хэрэгслүүд ирнэ. Тэргэнцэр авах иргэдийн хувьд тухайн иргэн Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд хандах хэрэгтэй.
Тодруулбал, тэргэнцэр хүссэн өргөдөл, өвчтөний тэтгэмжийн дэвтэр болон иргэний үнэмлэхний хуулбар, халамжийн байгууллагаас сүүлийн гурван жил тэргэнцэр аваагүй гэсэн тодорхойлолт зэргийг бүрдүүлж өгнө.
Хэрэв материал нь зөрчилгүй бол тухайн иргэнд буюу тулгуур эрхт-ний бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад бид тэргэнцэрийг үнэ төлбөргүй олгох бүрэн боломжтой. Энэ талаар асууж тодруулах зүйл байвал манай байгууллагын 352423, 99072517 дугаарын утсаар холбогдож болно” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!