Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар ҮХАА-н сайдыг томилох тухай хэлэлцэж байна.
Хуралдаанд 22 гишүүн оролцсноос 19 гишүүн Ш.Түвдэндоржийг томилох саналыг дэмжлээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байж эцсийн шийд гарна.
Эргэн сануулахад
ҮХАА-н сайд Х.Баттулга албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа. Тиймээс дараагийн сайдыг томилох асуудал яригдаж байгаа юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн албан бичиг Ерөнхийлөгчид илгээсэн.
Гэвч Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн хариу өгсөн юм.
Үүний дараагаар хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсний үндсэн дээр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш. Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барьсан билээ.
Ш.Түвдэндорж гэж хэн бэ
Ш.Түвдэндорж нь 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байсан.
2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|