УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш. Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байна гэв.
Ш.Түвдэндоржийн тухай
Ш.Түвдэндорж 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн байна. Хуульч, улс төрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор.
Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124-р ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.
Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.
Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан Гадас одон, АН-ын дээд шагнал-Чингис Хааны одонгоор тус тус шагнагджээ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!