Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Шинэн: Аав ээж минь анх гурван тэмээ тасалж өгсөн, мянган тэмээтэй болох гараа маань энэ байв

П.Ядамдорж, Өдрийн шуудан
2014 оны 5 сарын 28
Өдрийн шуудан
Зураг зураг
Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Ц.Шинэн

Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Ц.Шинэнг монголчууд бараг бүгдээрээ мэдэх байх. Үгүй ядахнаа сураг ажгийг нь дуулж байсан байлгүй. Тэр бол мянга гаруй тэмээтэй цорын ганц хүн. Мянган тэмээтэй аймаг сум ч цөөхөн байж мэднэ.

Тэгэхээр Монголд байтугай дэлхийд ганцхан Ц.Шинэн гэж ойлгож болно. Удахгүй “Улаан ном”-онд бичигдэж мэдэхээр болтлоо тоо толгой нь цөөрсөн хоёр бөхт тэмээг өсгөхийн төлөө нойр хоолоо умартаж, эр биеэ элээж яваа түүний зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнажээ.  

Нутгийнхан түүнийг Шинэн гэхэсээ илүүтэй гавьяат хэмээн дуудах юм билээ.  Ц.Шинэн гавьяаттай  саяхан нутагт нь уулзаж, хөөрөлдснөө хүргэж байна. 

-Өөрийг чинь харахаар барилдаж явсан болов уу гэж санагдаад байх юм. Барилддаг уу? 

-Эр хүн болохоор эрх биш зүгээр байгаагүй. Сумын заан цолтой. 

-Хол явж барилдаагүй сумын заан, Хот орж зодоглоогүй сумын заан юм байна... 

-Тийм л болох байх даа. /инээв/ 

-Мал маллаад удаж байна уу? 

-Ер нь бол мал аж ахуй дээр төрсөн, өссөн.  Анхны илгээлтийн эздийн нэг юм уу даа. 1975 онд  улс даяар 75 мянган залуучуудыг МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гаргах уриа дуудлага улс даяар түгж байсан юм. Тэр 75 мянгын нэг нь болж сурагчийн үзгээ шилбүүрээр сольсон залуучуудын нэг нь би байлаа.

Дунд нь хэдэн жил завсардсан. Гурван жил цэргийн алба хааж халагдаж ирээд сумын худалдаа бэлтгэлийн ангид 10 шахам жил ажилласан. Бусад хугацаанд нь мал маллаж байна.  Бараг 30 шахам жил болох байх.  

Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Ц.Шинэн

-Танайх хэдэн хошуу малтай вэ? 

-Манайх таван хошуу малтай. 

-Хамгийн олон нь тэмээ юу? 

-Тэмээ. Одоо мянга нэлээд гарчихаад байна. Энэ жилийн төлөөр бас тоо толгой нь нэмэгдэнэ. 

-Энэ жил хичнээн ингэ ботголж байгаа вэ? 

-Хоёр зуу гаруй ингэ ботголно оо. Өвөл хавар сайхан  байсан болохоор мал төл сайн л байна. Харин ойрдоо нэлээд гандуу байна. Тэмээ зуднаас илүү ганд хэврэг амьтан. Хэрэв тэнгэр хангай энэ янзаараа байвал бэлчээр  ус дагаж нүүж суух л болох байх даа. Малчин хүн гэдэг малынхаа аясаар шүү дээ. 

-Хаашаа нүүх вэ? 

-Хаана ногоо байна, тийшээ л явна даа.  Хол гэж хойргошихгүй. Уг нь манай энэ Баянлиг жинхэнэ тэмээний нутаг байгаа юм. Гэхдээ сүүлийн хоёр жил газрын гарц тийм ч сайн байсангүй. 

-Бог хэр өсч байна? 

-Өсгөе гэвэл өсөөд л байна. Одоо мянга гаруй бог мал байгаа. Гэхдээ мал маллана гэдэг бол амар хялбар ажил биш. Байгаль цаг агаар, тэнгэр хангайн араншингаас их хамааралтай. Үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж  байж л өсдөг. 

-Мянган тэмээ  гэхээр бүгд хамтдаа нэг суурь уу, эсвэл хэсэг хэсгээр нь суурилж маллаж байна уу? 

- Тэмээ мянга хүрээд ирэхээр учрыг нь олоход бэрх болдог юм байна. Тиймээс хэсэг хэсгээр нь суурилж байна.  Ботголсон ингээ бүгдийг нь нийлүүлье гэхээр эх ботгоо олох гэж хөл толгойгоо алдсан юм болно, тус тусад нь салгах гэхээр эх үрс нь салж төл нь үрэгдчих гээд асуудал бий.

Тэгэхээр тэднийг чинь цөөн цөөнөөр маллаж, тал тал тийш нь бэлчээрлүүлж байна. Эрсдэлгүй талыг нь бодохоор ингэж маллахаас өөр аргагүй.

Бууранд гарсан ингэнүүд тус тусдаа байна шүү дээ. Зарим буур нь гарсан байдаг зарим нь гараагүй байдаг, эр сувай тэмээнээс тусад нь байлгаж хээлийг нь хамгаална.

Тэмээ олон болоод ирэхээр ерөнхийдөө нутгаар нь шахаж л маллаж байна. Тэгснээс орой болгон хотлуулаад, маллаад хариулаад байгаа юм бол бага байна.   

-Туслах малчин байдаг биз дээ? 

-Байгаа. Бог  дээр хоёр малчин байна. Бод мал дээр  манай нэг хүүгийнх өөр хоёр гурван ч хүн байна. Ерөнхийдөө бол гурван айл, өөр гурав дөрвөн хүн туслах малчнаар ажиллаж байна. 

-Малчдаа хэдэн төгрөгөөр  цалинжуулж байна вэ?
 
-Бог мал дээр ажиллаж байгаа хүмүүстээ тодорхой хэмжээний үндсэн цалин өгнө. Үүн дээр гарсан төлийнхөө 40 хувийг өгч байгаа. Гол нь малжуулах зорилготой. Жилдээ хэдэн зуун төл авна шүү дээ. Ингэхээр туслах малчдын хувьд ганц хоёрхон жилийн дотор малжих бүрэн боломжтой.  Бод малын тухайд голдуу өөрийн талын хүмүүс байгаа. Тэдэндээ бас л амьжиргаагаа аваад явахад хүрэлцэхүйц хэмжээний юм өгөлгүй яахав. 

-Тэмээнээсээ жилд хэдэн тонн ноос авах вэ? 

-Өнгөрсөн жил таван тонн ноос  авсан. Энэ жилийн тухайд ч бас үүнээсээ ахина уу гэхээс буурахгүй. Таван тонн нэлээд  гарах байх. 

-Сүү сааль хэдийг авах вэ. Багцаалах боломж бий юу? 

-Сүү саалийн тухайд багцаалах боломжгүй. Ингэ дөрвөн улирлын саальтай амьтан. Сүү саалийг нь өөрсдөө хэрэглэнэ. Нэг хэсгийг нь хүн амьтанд өгнө, заримыг нь борлуулна. Мөн уламжлалт аргаараа ааруул хурууд гэхчлэн цагаан идээгээ хийнэ. 

-Анх хэдэн тэмээтэй байж байгаад ингэж  мянгат тэмээчин болов? 

-Нэгдэл тарахад би хувьчлал гэж мал авсангүй. Миний өөрийн их гэр маань надад анх гурван тэмээ тасалж өгч байсан. Ингэж л би өөрийн гэсэн гурван тэмээтэй болж, түүнээсээ мянга хүрлээ. 

-Мал, тэр дундаа тэмээ өсөх үндэс юу вэ? 

-Би улсын байгууллагад ажиллаж байгаад ерээд оны эхээр малчин болсон хүн.  Жижиг сажиг ишиг борлон цуглуулж байгаад л мал дээр гарсан. Хүмүүс намайг ажлаа хийж байхгүй мал дээр гарч яадаг байнаа гэж зэмлэх сануулахын хооронд хэлж л байсан.    

Мал эзэн хүнийхээ сэтгэлээр өсдөг гэж үг буй. Би энэ сумынхаа анхны мянгат малчны нэг шүү дээ. Тэгээд дараа нь тэмээгээ түлхүү өсгөе гэж зорьсон. Ингээд өөрийн хэдэн тэмээн дээрээ энд тэндээс тором ботго худалдаж авч нэмэрлэсээр гайгүй хэдэн ингэтэй болсон. Түүнийгээ өсгөсөөр  л мянган тэмээтэй болсон доо. 
  
-Ингэж тэмээг түлхүү өсгөх шалтгаан юу байв. Ядахад л хариулж маллахаас эхлээд урт хөлийн амьтан хэцүү биш үү? 

-Ер нь яахав, нэгэнт хүн болж төрснийх эх орондоо, нутаг нугадаа, аав ээждээ тустай амьдрах ёстой. Амьдралд зорилго гэж бас байх учиртай.  Нөгөө талаар дэлхийд хоёр бөхтэй тэмээ ховордож байна. Нэгэнт тэмээний нутагт төрж өссөнийх ховордож байгаа энэ буянаа  өсгөе л гэж зорьсон. Би ганцаараа тэмээ өсгөөд хоёр бөхт тэмээний тоо толгойн хорогдлыг зогсоож чадахгүй ч хамгийн гол нь хүмүүсийн тэмээгээ хайрладаг, өсгөж үржүүлэх гэсэн сонирхол хүслийг өдөөх болов уу гэж бодсон. 

Намайг тэмээгүй шахам байхад  гаднаа 100 гаруй тэмээ хотлуулчихсан айл байж л байсан. Нэгдэл тарахад өөрийнхөө гарын малыг  аваад үлдчихсэн олон хүн байсан. Гэтэл өчнөөн жил өнгөрсөн ч тэд одоо хүртэл тэр хэмжээндээ л байна. Над шиг ингээд өсгөчихсөн хүн бол цөөхөн байх. Тэгэхээр би тэмээгээ ингэж өссөнийг өмнөө тавьсан зорилго, шаргуу хөдөлмөрийн үр дүн л гэж хардаг. Зүгээр байхад өөрөө аяндаа өсдөг мал гэж байхгүй шүү дээ. Бойжуулсан ботго бүрийн ард хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. 

-Мал мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэх үг бий. Тэмээ мянга хүрэхээр бас тийм үү? 

-Ер нь бол хөгшин хөвөө, онд орохгүй тэмээгээ заазлалгүй яахав. Энэ ингэ төд ботголчихлоо, одоо дахиад төл өгч чадахгүй гэдэг ч юм уу эсвэл энэ жил онд ороход төвөгтэй гэхчлэн тухайн малчин хүний ажиглалт сонголтоор малаа үлдээхийг нь үлдээж, хэрэглэхийг нь хэрэглэж байхаас аргагүй.   

Тэмээ бусад мал шиг жил бүр төллөөд байдаггүй, олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд тоо толгой нь өсдөг амьтан учраас  тэр бүр дээс хутга барьж мал руугаа дайрахыг  боддоггүй.   

-Би өөрөө говьд  төрж өссөн тэмээтэй газрын хүн. Тэмээ маллана гэдэг амар ажил биш шиг санагддаг. 

-Амар  хялбар ажил гэж юу байхав. Мал өсөх сайхан л юм. Гэхдээ ний нуугүй хэлэхэд  сүүлдээ өөрөө дийлэхээргүй юм болж байна. Өөрөө үр хүүхэдтэйгээ зүтгээд,  бүр малчин авч ажиллаад  ч хүч хүрэхгүй үе олон тохиолдох юм. Малчин авч ажиллуулж байна гээд бас найдах итгэх юм бага шүү дээ. Хүний мал маллаж байгаа хүн чинь эзэн нь чимээгүй байвал чимээгүй л байна.  Тэгснээс тэмээндээ явъя гээд малынхаа захад явж байдаг хүн ховорхон болжээ. 

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 

-Манайх таван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд л их дээд сургууль төгслөө. Нэг нь  одоо сурч байна. Хүүгийнх маань манайхтай  хамт байна. Бусад  нь эзэмшсэн мэргэжлээрээ багш, Банкны салбарын эрхлэгч  гэхчлэн төв суурин газар  төвхнөсөн.  Гэхдээ энд байгаа хүүхдүүд өглөө оройдоо ингэ саалцаж, тором ботго уялцана  гэхчлэн малын ажилд бол байнга оролцоно. Ач зээ нар түрүүчээсээ тусад орж байна.   

-Танайх ер нь хаагуур нутагладаг айл вэ? 

-Өвөлдөө сумандаа ойртож өвөлждөг. Нэг буурны ингээ аваад төв суурин газраа бараадаж ирдэг.  Гол, устай идэштэй болохоор сумын ойролцоо өвөлжихэд хүндрэл гардаггүй.  Малаа төвөөсөө яваад эргүүлж  тойруулчихна. Ингэ ботголох болохоор хөдөөгөө гараад малаа төллүүлнэ. Залгуулаад ингэ ботгоо саалинд оруулж, ногоолуулж  тарга тэвээргийг нь авахуулж байгаад  өвөл болохоор сумандаа орж ирнэ дээ. Малын тухайд бол бэлчээр ногоо хаана байна, тэнд л нутаглана даа. 

-Тэмээнийхээ тоо толгойг цаашид 2000 болгох бодол байна уу? 

-Хоёр мянга болгох боломж байхгүй юм байна. Тэр битгий хэл мянга болгох боломж ч бараг бага. Няцалгүй, зоригтой байж л мянга болгоно шүү дээ.  Ер нь малын ажил, тэр дундаа тэмээний арчилгаа маллагаа гэдэг гарын үзүүрээр хийдэг ажил биш. Заавал биеийн хүчний хөдөлмөр ордог, хүч бяр шаарддаг. Бог малтай зүйрлэхийн аргагүй.  Тиймээс цаашид нэг хэсгийг нь эргэлтэнд оруулъя, үржлийн тодорхой сүргээ авч үлдэнэ гэсэн бодолтой байгаа. Цаашид тоо толгойг нь төд хүргэнэ гэж амлахад хэцүү. Тэгээд ч хүний нас хэд билээ, миний хувьд идэр нас маань эргэчихлээ. Тус тусдаа ажил албатай хүүхдүүдээ хэдий болтол малын ажилд  зүтгүүлэх билээ гэхчлэн асуудал байна. 

-Санхүүгийн ямар нэг асуудал үүсдэг үү? 

-Төгрөг мөнгө дутаад өр зээлэнд ороод явах юм юу байхав. Гэхдээ амьдрал юм болохоор асуудал үүсэх үе байлгүй яах вэ. Хэчнээн олон малтай байлаа гээд баячуудын зиндаа зэрэгт  очтолоо хаана ч юм. Малтай хүн байнга л зарлага гаргаж байдаг. Өвс тэжээл, арчилгаа маллагаа, ус хужир гээд  тэр бүгдэд мөнгө зарна.  Хэрэв олноор нь нядлаад борлуулбал орлогоо чамгүй нэмэгдүүлэх боломж байлгүй яахав. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж, хүмүүсийн хэлдгээр чөмгөө дундартал  хөдөлмөрлөж  байж  өсгөснийгөө зөвхөн ашиг орлогын нүдээр харж  үрж барж  болохгүй байна ш дээ. 

-Тэмээ ер нь яавал өсөөд байх шиг байна? 

-Зөв маллаж байж л өснө. Зөв маллана гэхээр нутгийг нь зөв сонгож, зөөлөн гараар  оролдох хэрэгтэй гэсэн үг. 

-Танай тэмээ ямар омог угшилынх вэ? 

-Би малынхаа тоо толгой гэхээс  илүүтэй  чанарт нь түлхүү анхаардаг.  Монголд тэмээний гурван ч омог угшил байна. Тэр бүгдээс нь буур авчирч тавилаа. Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөмтунгалагийн хос зогдорт  гэхчлэн. Мөн нутгийнхаа шилмэл омгийн хээлтүүлэгчийг тавьж байна.  Би таван хошуу малаа бүгдийг нь тус тусад нь сайжруулж, энд тэндээс шилдэг омгийн хээлтүүлэгч авчирч тавьсан. 

-Танай үүгээр хавтгайн угшилтай тэмээ хэр олон байна вэ? 

-Манай  нутагт  бол цөөхөн дөө. Гэхдээ ганц хоёр бий. Шинэжинст, Баян-Өндөр талдаа хавтгайн төл цөөн бөр байдаг юм. Сонирхоод хавтгайн тайлаг гунж авчирч цус сэлбэж л байна. 

-Тэмээ аль хэр үнэ хүрч байна? 

-Дээд тал нь 10 сая төгрөг хүрчихлээ.
 
-Ямар тэмээ тийм үнэ хүрэх вэ? 

-Гол нь хурдан тэмээ л тийм үнэ хүрч байна. 

-Танайд хурдан тэмээ хэр олон байгаа вэ? 

-Хэд хэдэн тэмээ байна аа. Би чинь  улсдаа хурдан тэмээний анхны алдарт уяач  шүү дээ.  Улсын чанартай  тэмээний уралдаануудад удаа дараа оролцож олон айраг түрүү авч байсан. Ноднингоос эхэлж тэмээний уяачдад “Алдарт уяач” гэдэг цолыг өгч эхлэхэд анхныхыг нь надад өгсөн. 

-Тэмээний уяа сойлго гэж байна биз? 

-Байлгүй яахав. Тэмээний уяа морины уяа хоёр өдөр шөнө шиг өөр зүйл. Гэхдээ  мал сойж уралдуулах гэж байгаа болохоор тодорхой хэмжээний уяа сойлго байдаг. 

-Танай тэмээ дээд тал нь хэдэн кг ноос өгч байсан бэ?
 
-Хэдэн кг ноос өгч байна гэж ганцаарчлан үзэх боломж гарахгүй юм. Харин хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд  нэг сувай ингэний ноосыг тусад нь хэмжиж үзэхэд найман кг илүүтэй байсан. Хэрэв тэр ингэ боос ингэ /ботголох ингэ/  байсан бол бүр илүүг л өгөх байсан гэсэн үг. 

-Мянган тэмээг ноослоно гэдэг хэцүү дээ? 

-Хэцүү хэцүү. Ёстой л олны хүч оломгүй далай гэдэг шиг олны дэм тусаар бүтдэг ажил. 

-Ярилцсанд баярлалаа.

Зураг