Ачааны машиныг замын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулж байгаа. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас түр зөвшөөрөл олгож байна. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын ачаа тээврийн зохицуулалтын мэргэжилтэн Ж.Бум-Эрдэнээс тодрууллаа.
-Том оврын машинд замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг хэрхэн олгох вэ?
-Бүх жин нь 3.5 тонн болон түүнээс бага жинтэй “В” ангиллын ачааны машин, бүх жин нь 3.5 тонн болон түүнээс дээш жинтэй “С”, “СЕ” ангиллын чиргүүлтэй ачааны машин гэсэн гурав ангиллаар гудамж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
“В” ангиллын ачааны машин 11:00-20:00 цагийн хооронд Цэцэг төвийн уулзвараас МУБИС-ийн уулзвар, Төв шуудангаас 120 мянгат хүртэл, СУИС-аас МУИС-ийн хооронд маршрутын дагуу хөдөлгөөнд оролцоно.
Харин “C”, “CE” ангиллын ачааны машин 08:00-21:00 цагийн хооронд Таван шар, Зүүн дөрвөн зам, Баянбүрд, Гуравдугаар цахилгаан станцаас хотын төв рүү нэвтэрнэ гэсэн үг. Энэхүү зөвшөөрлийг нэгдүгээр сараас зургадугаар сар, долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл олгодог.
- Түр зөвшөөрөл авахад ямар материал бүрдүүлэх вэ?
-Аж ахуйн нэгж байгууллага бол компанийн албан бичиг, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрөл, ачааны машины дөрвөн тал нь харагдахуйц фото зураг, машины гэрчилгээ, хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар шаардлагатай.
Харин хувь хүн бол дээрх материалууд дээр цагийн хязгаарлалт тогтоосон бүс руу зайлшгүй орох шаардлагатайг нотлох баримт, албан татвар төлсөн, оношлогооны баримт шаардлагатай. Мөн төрийн сангийн 200051055 дансанд хураамжаа төлнө.
Түр зөвшөөрлийн хураамж “В” ангилалын ачааны машин нэг өдрийн 1000 төгрөг, “С” ангилалынх 1500 төгрөг, “СЕ” ангилалынх 2000 төгрөг төлнө.
Зөвшөөрлийг өдрөөр, сараар, таван сараар ч авч болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!