ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбасүрэн: Шинэ буудал ашиглалтад ортол “Чингис хаан”-д өргөтгөл барих зайлшгүй шаардлагатай

Ж.Нарангэрэл
2014 оны 5 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг
“Чингис хаан” нисэх буудлын захирал Л.Бямбасүрэн

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд олон улсын “Чингис хаан” нисэх буудлын захирал Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-“Чингис хаан” олон улсын нисэх буудал өдөрт хэдэн нислэг хүлээн авч байгаа вэ. Ачаалал хэр байна?

-Зөвхөн өнөөдөр гэж ярьвал арай өрөөсгөл байх. Өнгөрсөн онуудтай харьцуулж үзвэл 2010 онд жилдээ 670 мянган зорчигч үйлчлүүлж байсан. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдсээр 2013 онд нэг сая гурван мянган зорчигчид үйлчиллээ.

Өөрөөр хэлбэл зорчигчийн урсгал жилд 30 хувийн өсөлттэй явж ирсэн. Харин энэ жилийн тухайд эдийн засгийн байдалтай холбоотойгоор зорчигчийн урсгал буурах магадлалтай байна. Гэхдээ цаашид өсөх байх гэсэн тооцоо гараад байгаа. Яг өдөрт гэвэл өвлийн улиралд 30-50, зун 50-80 нислэг хүлээн авч, долоо хоногт өвөлдөө 20, зундаа 40 гаруй мянган зорчигчид үйлчилдэг.

-Мэдээж зорчигчдын урсгал нэмэгдэхийн зэрэгцээ үйлчилгээний чанар болон ачааллыг хөнгөвчлөх шаардлагатай болно. Үүний тулд ямар ажил зохион байгуулж байгаа бол?

-Анх 1986 онд “Чингис хаан” олон улсын буудлыг жилд 500 мянган зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар барьсан. 1996 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар жилдээ 800 мянган зорчигчид үйлчлэхээр тооцож томсгож, өргөтгөсөн.

Гэтэл одоо бид жилд нэг сая 100 мянган зорчигчид үйлчилж байна. Энэ нь эргээд бидний зай талбайнаас эхлээд зорчигчдод үйлчлэх стандарт алдагдахад хүргэдэг. Үүнтэй уялдуулан шинэ буудал ашиглалтад ортол “Чингис хаан” буудалд өргөтгөл барих зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс энэ өргөтгөлтэй холбоотой төслийг холбогдох албадууд нь бэлэн болгосон. Одоо зөвхөн санхүүжилт нь хүлээгдэж байгаа.

-Хэдий хэрийн хөрөнгө шаардагдаж байгаа бол. Ямар байдлаар өргөтгөх юм бэ. Зурвас, буудал бүгдийг хамруулах уу?

-Манайх 4D ангиллын 3100 метрийн урттай зурвастай. Өргөтгөл бол нисэх буудлын зорчигчийн танхимтай л холбоотой. Ердөө л зорчигчдын багтаамжийн асуудал. Бид Даваа гарагийн өглөө гэхэд л найман нислэгт зэрэг үйлчилдэг. Энэ нь 800 зорчигч “Чингис хаан” олон улсын буудлаар нэг цагт зорчино гэсэн үг. Уг нь цагт 600 зорчигчид үйлчлэх учиртай нисэх буудал маань 800-900 хүнд зэрэг үйлчлэхээр хэвийн үйл ажиллагаа алдагдахаас аргагүйд хүрдэг.

Хийсэн төслийн дагуу бол одоогийн нисэх буудлын зорчигчийн терминалын дээд талд байгаа дээврийн хэсгийг дахин өргөтгөх юм. Энэ тохиолдолд зорчигчдын хэсэг 2800 м.кв талбай нэмэгдэнэ. Ингэснээр бид 2017 он хүртэл “Чингис хаан” буудал ачааллаа даагаад, шинэ буудалтай золготол ажиллах боломжтой болно.

“Чингис хаан” нисэх буудал

-Тэгвэл дээвэр дээрээ нэмнэ гэсэн үг үү?

-Дээврийн ашиглагддаггүй хэсэг бий. Агааржуулалтын төхөөрөмжүүд л байдаг. Тэр дээвэр дээр шилэн фасад барих юм. Төслийг гүйцэтгэхийн тулд ойролцоогоор гурван сая ам.долларын зардал орно. Одоогоор Хөгжлийн банкинд асуудлаа өгчихсөн байгаа.

-Нэгэнт Хөшигийн хөндийд нисэх буудал барьж байхад заавал өргөтгөл барих шаардлагатай гэж үү. Шинэ буудал руу нүүсний дараа одоогийн нисэх буудлаа хэрхэн ашиглах бол?

-Удахгүй нүүх гэж байхад хөрөнгө оруулах шаардлагатай эсэх тухай маш олон газар яригдаж байгаа. Бид шинэ нисэх буудал руу шилжихэд гурван жилийн хугацаа байна. Энэ хугацаанд өргөтгөлдөө зарцуулсан мөнгийг эргээд олох бүрэн боломжтой.

“Чингис хаан” буудалд транзит танхим байдаггүй. Олон авиа компани транзит танхимтай бол ОХУ-БНХАУ-ОХУ гэсэн маршрутаар зорчигч тээвэрлэх санал тавьдаг. Одоогийн зохион байгуулалтаар 70 хүн хүлээн авах транзит танхимтай болж болно. Тэгтэл 150 зорчигчтой онгоц байвал яах вэ.

2017 онд шинэ нисэх буудал ашиглалтад орохоор одоогийн буудлаа хэрхэх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг томилогдчихсон байгаа.

Зураг