ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Олны өмнө илтгэл тавихаасаа өмнө юу хийх хэрэгтэй вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Олон ч бай цөөн ч бай хүмүүсийн өмнө гарч илтгэл тавих хүн болгонд амархан биш. Тэгвэл индэрт гарахаасаа өмнө 15 минутын дотор хийж амжих ёстой 10 үйлдлийг мэргэжилтэн зөвлөж байна. Well Said Inc. компаний Дарлин Прайс бол энэ чиглэлээр бизнесийнхэнд сургалт, зөвлөгөө өгдөг эксперт. Түүний зөвлөгөөг дагавал илтгэлийн тань үр дүнд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй.

     1.   Ариун цэврийн өрөө орох хэрэгтэй

Индэрт гарахын өмнө догдолж байгаа хүмүүс заавал ариун цэврийн өрөөгөөр ороод гарах хэрэгтэй. Яагаад чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

     2.   Танхимын бэлэн байдлыг шалгах

Эхлэхээсээ өмнө техникийн бэлэн байдал, микрофон, гэрэлтүүлэг, прожектор, сонсогчдын суудлын байрлал зэргийг шалгаж, орчноо мэдрэх хэрэгтэй.

     3.   Сонсогчидтой уулзаж мэндлэх

Эхлэхээсээ өмнө аль болох олон хүнтэй мэндэлж гар барих нь чухал. Тэгснээр хүмүүс танийг илүү сайн ойлгож сонсох болно. Ярилцсан хүмүүсийнхээ заримаас сонссон зүйлсээ илтгэл дундуураа дурдвал зүгээр. Ингэвэл албархаг хүйтэн байдал алга болж илүү дотно нөхөрсөг харилцаа бий болно.

     4.   Гүнзгий амьсгаа авах

Эхлэхийн өмнө хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч гаргах хэрэгтэй. Ингэснээр хангалттай хүчилтөрөгч уушиг болон тархинд хүрч, айдас түгшүүр, сандралыг дарж өгдөг.

     5.   Эхлэл хэсгээ дотроо төсөөл

Яг ямар үг хэлж эхлэхээ дотроо бодож бэлдэх хэрэгтэй. Эхлэх хэсэг амжилттай болвол цаашаа илүү өөртөө итгэлтэй байж сонсогчдод нөлөөлөхүйц мэдрэмжийг төрүүлж чадна.

     6.   Эерэг төсөөлөл, бодолд анхаарлаа төвлөрүүл

Эхлэхийн өмнө аль болох эерэг зүйл бодож төсөөлөх хэрэгтэй. “Би бэлтгэлгүй байгаа, балрах вий” гэсэн бодлоо “энэ сэдвээр надаас илүү ярих хүн байхгүй, би хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн эерэг төсөөллөөр солих хэрэгтэй.

     7.   Инээмсэглэл

Нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь бие махбодыг тайвшруулахаас гадна сонсогчдод таатай, өөртөө итгэлтэй мэдрэмжийг хүргэнэ. Физиологийн хувьд инээмсэглэхэд үүсэх эндорфин нь мэдрэлийг тайвшруулж, таатай мэдрэмж төрүүлдэг.

     8.   Өрөөний хэмтэй ижил эсвэл бүлээн ус балга. Лимонтой бол сайн.

Ингэх нь ам хатахаас сэргийлж, яриаг илүү саадгүй, цэвэр сонсогдуулна. Хүйтэн ус, сүүн бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа хэрэглэж болохгүй. Илтгэлийн үеэр аяга ус гар дороо заавал байлгах хэрэгтэй.

     9.   Хөнгөхөн дасгал хий

Босож суух, шатаар өгсөх зэрэг хөнгөхөн дасгал хийвэл сайн. Ингэснээр бие махбод сэргэж, тархинд хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэнэ.

    10.   Эхлэхийн өмнө таван минут босож зогсох хэрэгтэй

Илтгэл эхлэхээс өмнө таван минут орчим босож зогсох хэрэгтэй. Суугаа байдлаас шууд индэрт гарснаас энэ нь илүү. Ингэснээр таны бүх эрч хүч дараагийн үйлдэлд төвлөрч, бие халж, бэлэн байдалд шилжинэ.