Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганбат: Шалгалтын тест задрах боломжгүй

Зууны мэдээ
2014 оны 4 сарын 30
Зууны мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр тест алдаатай байсан, хариу гараагүй гэх гомдол нэлээд гардаг.

Тиймээс энэ удаа тестийн нууцлалын талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын тест жил бүр асуудал дагуулж байдаг. Шалгалтын тестийг хэрхэн боловсруулдаг талаар мэдээлэл өгөөч?

-Элсэлтийн шалгалтыг 10 хичээл тус бүрээр нь Боловсролын үнэлгээний төвийн тусгай шаардлага хангасан хүмүүс баталдаг. Тухайлбал, мэргэжлээрээ таваас дээш жил ажилласан, олимпиад, уралдаанд тодорхой амжилт гаргаж байсан, урд нь сурах бичиг, ном боловсруулах ажилд оролцож байсан, энэ жил төгсөх ангийн хүүхэдгүй байх зэрэг шаардлага тавьдаг.

Ингээд шаардлага хангасан их, дээд болон дунд сургуулийн төлөөлөл оролцсон багш нараас бүрддэг. Нэг хичээлд 2-3 хүний бүрэлдэхүүнтэй тест зохиох багийг томилдог. Сонгогдсон хүмүүс шалгалт эхлэхээс сарын өмнө тусгай вакумжуулсан орчинд цагдаагийн болон тагнуулын ерөнхий газрын хамтарсан хамгаалалт дор сэдвээ зохиодог.

-Өнгөрсөн жил алдаатай тестээр шалгалт авсан гэсэн хэл ам гарч байсан. Энэ жил энэ асуудал дээр хэрхэн анхаарч байгаа вэ. Мөн шалгалтын тестийн нууцлалын талаар тодруулаач. Тест задрахгүй гэх баталгаа бий юу?

- Сэдэв зохиохоос эхлээд шалгалтын тест шалгуулагчдын гарт очих хүртэлх аюулгүй байдлыг тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн албан хаагчид зохион байгуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаварт алдаа гарах асуудал байгаагүй.

2011 онд алдаатай тест орж ирсэн асуудал гарч байсан. Энэ тохиолдолд тухайн алдаатай тестийг гүйцэтгэсэн хүүхдийн оноог нөхөж өгөх байдлаар шийдвэрлэж байсан. Элсэлтийн ерөнхий шалгалт 2006 оноос эхэлж зохион байгуулагдсан. Энэ хугацаанд тестийн нууц задарсан асуудал гарч байгаагүй. Тест задрах ямар ч боломж байхгүй.

-Шалгалтын тест хүнд, хариу нь гарахгүй байсан гэх асуудлыг хүүхдүүд ярьж байсан. Тэгэхээр тестийг ямар шалгуур үзүүлэлтээр зохиодог вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын нь тухайн хүүхдийн стандартын хэрэгжилтийн төвшинг тогтоох зорилго бүхий шалгалт биш. Харин ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа их, дээд сургуульд элсэх гэж байгаа шалгуулагчдыг бодитой үнэлж эрэмбэлэн жагсаах зорилготой шалгалт.

Тиймээс шалгалтын даалгавар нь дундаж төвшнөөс ахисан төвшинд боловсруулагддаг. Өөрөөр хэлбэл, өндөр онооноос бага оноо хүртэл жагсаах зорилготой, үзээгүй даалгавраар шалгалт авах асуудал байхгүй. Зарим нэг даалгаврыг хүндрүүлсэн төвшинд тавих тохиолдол бий.

Жил бүрийн шалгалтын дараа зөв хариу байхгүй байна гэх асуудал гардаг. Хэрэв тухайн даалгаварт асуудалтай гэж үзсэн тохиолдолд өргөдлөө Боловсролын үнэлгээний төвд өгнө. Ингээд эцэг, эх мэргэжлийн багш, тест зохиогч нарыг байлцуулж магадлал шалгадаг.

Мөн шалгалт дууссанаас долоо хоногийн дараа шалгалтын зөв хариуг өдөр тутмын сонинд нийтэлдэг. Тэгэхээр хүүхдүүд шалгалтын зөв хариуг тэндээс харах боломжтой.

Зураг