Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эко эргүүлээ өргөжүүлье

Н.Пунцагболд
2014 оны 4 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг

Монголчууд бид хэтэрхий эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа улс.

Жаахан хэтрүүлж яривал бараг л хүн алах эрх чөлөөтэй байгаа. Хууль, журам гэж байдаг ч биелүүлдэг нь ховор. Уг нь иргэд биелүүлдэггүй биш, биелүүлэхийг хүсдэг ч хянадаг газар гэж алга.

Тамхины хууль баталсан, хүмүүс тун ч сүрхий биелүүлж эхэлсэн. Гэвч хяналт байхгүй болохоор тэгсхийгээд л мартах шахаж байгаа. Осолдохгүй үйлчилгээний газарт тамхи татвал торгох тухай сануулга наачихсан байдаг болохоор санадаг биз. Наад захын жишээ татахад л, бид хууль, журмыг яаж биелүүлж байгааг мэдэж болохоор байгаа биз дээ. Ийм хүмүүс хотынхоо төвд шүлсээ хаяж, нусаа нийж, хогоо шидэж, морь харах нь энүүхэнд шүү дээ.

Ядаж байхад хог хаялаа гэхэд тэдэн төгрөгөөр торгоно энэ тэр гэсэн журам байхгүйтэй ижил. Уг нь нэг тиймэрхүү журмархуу юм байдаг гэсэн. Гэхдээ хүмүүс мэдэхээсээ мэдэхгүй нь их.  Гэтэл гадны оронд энэ асуудлыг тун сүрхий зохицуулсан байдаг юм билээ.  

“Эко эргүүл” гэж гаргаж байгаа юм чинь торгуулийнхаа журмыг ч давхар гаргаад, нэг мөр болгочих хэрэгтэй.

Йемений нийслэл Сан хотын эрх баригчид ил задгай хог хаяж,  хотын нүүр царайг гутааж байгаа иргэдийг долоо хоног хорьж, мянган риалаар торгох арга хэмжээ авах болжээ. Энэ нь ядуу буурай орны хувьд тун ч өндөр торгуульд тооцогдох аж. Харин Японд гудамж талбайд хог хаясан хүн дунджаар 1500 иен буюу 10-20 мянган төгрөгөөр торгуулна.

Европын бусад хотууд ч хамгийн багадаа 50 ам.доллараар торгож, хог хаяхгүй байх сэтгэхүйг иргэддээ суулгадаг гэнэ. Бээжингийн гудамжинд шүлсээ хаясан хүнийг 50 юаниар торгодог байна.  Түүнчлэн БНСУ зэрэг орны томоохон хотууд иргэд хогоо хааш нь асгах, хэзээ ачуулах, хэн нь ил задгай хаяж байгааг камерын системээр хянадаг гэнэ лээ. 

Ингээд тухайн дүүргийн холбогдох байгууллагууд хог хаяж орчноо бохирдуулсан хүнийг 72 цагийн дотор олж, өндөр торгууль тавьдаг аж. Эдийн засгийн хөшүүргээр иргэдийнхээ ухамсарыг дээшлүүлж байна гэсэн үг. Тэгэхдээ өндөр хяналттай байгаа юм. Манайх ч гэсэн энэ аргыг хэрэглэхэд болохгүй зүйлгүй. Тэгэхгүй бол хот хогноосоо салахгүй, иргэдийн ухамсар ч дээшлэхгүй нь бололтой.

Сүүлийн үед “Эко эргүүл” гаргаж эхэлжээ. Эхнээсээ Сүхбаатар дүүрэгт эргүүл гарчихсан. Цаашлаад бүх дүүрэгт гарах юм билээ.  “Эко эргүүл”-д гарч байгаа хүмүүс иргэдийг хог хаяж байгааг хянаж, баримтжуулж авсанаар хариуцлага тооцуулах гэнэ. Гэхдээ эхний ээлжинд амьдарч байгаа ойр орчиндоо хур хогийн цэг үүсгэж байгаа нөхдүүдийг хянаж, баримтжуулж авах аж.

Манайхан хогоо аятайхан ууталж, савлаад, хогны машин ирэхийг хүлээчихэж сураагүй. Өөрийнх нь хашаа, гэр, байшин, ажил нь хоггүй байвал бусад нь хамаагүй мэтээр энд тэнд гаргаж хаядаг. Түүнээс нь үүдээд энд тэнд хур хогийн цэг үүсэх нөхцөл бүрдээд байдаг.

Нэг нь ирээд хогоо хаячихвал бусад нь хогийн цэг мэтээр ойлгоод байдаг хачин зантай улс. Энэ байдлыг арилгаж, хогоо хаяж байгаа хүнийг хашраах арга нь “Эко эргүүл” байх юм билээ. Маш зөв санаа. Цаашлаад хур хогийн цэг гэлтгүй цонхоороо элдэв хаягдлаа хаяж байгаа, хотын төвд шүлсээ хаяж, нусаа нийж, амьдарч байгаа орчноо завааруулж байгаа хүмүүсийг ч хянаж, баримтжуулж авах юм.  

Түүнээс гадна “Эко эргүүл”-д 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг авч ажиллуулж байгаа нь хоёр сумаар нэг туулай буудсан хэрэг. Харин одоогоор хог хаясан, амьдарч байгаа орчноо бохирдуулсан, бусдын эрүүл мэндэд заналхийлсэн нөхдийг хэдэн төгрөгөөр торгох журам хараахан гараагүй байна. Ер нь бол нэгэнт л “Эко эргүүл” гэж гаргаж байгаа юм чинь торгуулийнхаа журмыг ч давхар гаргаад, нэг мөр болгочих хэрэгтэй.

Тэгээд эргүүлийнхээ тоог нэмж, хотын төвдөө хамаагүй хогоо хаядаг хүмүүсийн шүүсийг шахахгүй юу. Манайд бол хог хаясан хүнийг 10 мянган төгрөгөөр торгоход яг сайхан таарна. Тэгж байж л бид бусад орны жишгээр хоггүй нийслэлтэй болно шүү дээ. Ерөөсөө бид аливаа дүрэм, журмаа эхэлж гаргаад. Дараа нь түүнийхээ хэрэгжилтийг хянах гэж оролддог.

Тэгвэл энэ удаад хянах хүмүүсээ эхлээд бэлтгэчихлээ. Цаашид улам олон болж, үйл ажиллагаа нь өргөжих гэж байна. Харин одоо хог хаясан хорлонтой нөхрийг, хур хогийн цэг үүсгэж байгаа этгээдийг яаж торгохоо л нэг мөр болгочихмоор байгаа юм.

Зураг