ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сери А-гийн “торниж” буй залуучууд

CSPORTS team
2014 оны 4 сарын 14
iKon.MN

Европын хөлбөмбөгийн ертөнцийн ээлжит нэгэн улирал дуусах дөхөж, ТОП 4 лигүүдэд 4-6 тойргийн тоглолт үлджээ.

Сери А лигийн хувьд ч тэр ялгаагүй дуусах шатандаа орж, энэ улирлыг өөртөө “боломж” болгон ашигласан залуу одууд гялалзан гарч ирж байна. Сери А лигийн 32-р тойргийн хүрээнд орсон гоолуудын дийлэнх хувийг залуучууд оруулсан нь ирэх жилийн Сери А лиг хэр сонирхолтой болох дохиог өгч буйн илрэл мэт.

Удинэзийн Бруно Фэрнандэз, Турины Иммобилэ, Сассуологийн Сансон /Аталантагийн эсрэг дубль/, Ромагийн Дэстро /Кальяригийн эсрэг хэт трик/, Интэрийн Икарди /Болоньягийн эсрэг дубль/ гэх мэт 20-24 насныхан буюу “залуучуудын арми” нийлээд одоогийн байдлаар орсон 19 гоолын 9 гоолыг нь оруулжээ.
Иймд Сери А лигийг 1 улирлын турш тайлбарлахад тоглолт, багтаа үзүүлж буй нөлөөгөөрөө өөрийгөө харуулсан, багийнхаа гараанд өөрийгөө дархалж чадсан залуучуудын жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтаар онцлохуйц 7 тоглогчийн үнэлэлт дүгнэлт, ирээдүйн тухай таамаг, танилцуулгыг танд хүргэж байна.

№7 Домэнико Бэрарди
Баг: Сассуоло /Ювэнтүс-ээс зээлээр/
Нас: 19
Байрлал: Довтлогч
Үзүүлэлт: Сери А-д 12 гоол, өнгөрсөн жил Сери Б-д 11 гоол хийж байсан 

Тайлбар:
Ювэнтүсээс зээлээр нутагтаа ирсэн Берардид нутгийн ус тун сайн зохиж байгаа. Мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа Сассуологоос эхлэсэн тэрээр улирлын эхний хагаст үнэхээр сайн байсан.
Миланы эсрэг покэр хийж “Миланы түүхэнд” бичигдсэн тэрээр Миланы эсрэг покэр хийж байсан цорын ганц тоглогч болсон.
Гэсэн хэдий ч улирлын хоёрдугаар хагаст тийм ч сайнгүй тоглолтыг үзүүлж буй нь залуу тамирчныг ямар ч багийн эсрэг өөрийн тоглолтоо тогтмол сайн гаргах түвшинд хараахан хүрээгүй байгааг илэрхийлнэ.
 
Тоглолт:
Аль ч хөлөөрөө чадварлаг тоглох чадвартай тэрээр ур чадварын хувьд ч тэр тун сайн. Байрлалаа сайн мэдэрч тоглодог нь гоол оруулах гол үндэс нь болдог. Залуу тоглогч гэсэн үгийг дагаж зориг гэсэн үг хамт дагалдаж буй. Зоригтой, чадварлаг Бэрарди. 
 
Ирээдүй:
Ювэнтүсийн ирээдүй хэмээн нэрлэгдэж буй түүнд цааш өсөн дэвжих маш том боломж байгаа. Магадгүй ирэх жилийг Сассуологоос биш өөр багийн өмсгөлтэйгээр эхлүүлж болох юм. Сассуологийн хувьд Сери А-гаас доош унах магадлалтай багуудын нэг тул ирэх жил Ювэнтүс түүнийг дахин өөр Сери А-гийн багт зээлж болох юм.
 
№ 6 Матта Пэрин
Баг: Жэноа
Нас: 21
Байрлал: Хаалгач 

Тайлбар:
Жэноа клүб багийн түүхэндээ тийм ч сайн хаалгачтай байгаагүй. Магадгүй Пэриний хувьд багийн түүхэнд бичигдэхүйц сайн карьерын эхлэлийг багтаа тавьж болох юм.
Жэноагийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн тэрээр Италийн шигшээгийн дуудлагад аль хэдийнээ очсон. Прандэлли түүнийг 2014 оны 3 сард Испаний шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтонд дуудаж, нүдийг нь нээсэн.
 
Тоглолт:
Хариу урвал хурдан, хатгалт сайн. Тааж үсрэх, байрнаас үсрэх хурд сайн гэх мэт маш олон давуу талтай. Хамгийн гол нь “хий” багатай. Тиймээс ч тогтмол багийнхаа гараанд гарч байгаа.
 
Ирээдүй:
Италийн шигшээд аль хэдийнээ дуудагдсан гэдгийг дахин хэлье. Одоогийн байдлаар Прандэллигийн эхний сонголтууд Буффон, Сиригу байх нь ойлгомжтой Пэрин ердөө 21 настай, хаалгачийн хувьд “нялх”-аараа байгаа. Түүнийг асар том ирээдүй хүлээж байна.
 
№5 Маттиа Дэстро
Баг: Рома
Нас: 23
Байрлал: Довтлогч
Үзүүлэлт: Энэ улиралд Ромад 13 гоолоор бэлэг барьсан. Гэхдээ ердөө 18 тоглолтонд оролцсон. Рома нийт 65 гоолыг улирлын турш оруулсан бол үүний ¼-ийг Дэстро оруулжээ. Түүний араас 7 гоолтой тоглогчид болох Жэрвиньо, Тотти нар багийнхаа мэргэн буучдын жагсаалтад удаалж байна.

Тайлбар:
Энэ жилийн Ромагийн хамгийн хэрэгтэй тоглогч хэлж болно. 2013 оны 12 сард удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн тэрээр ашигт байдлын коеффицэнт өндөртэй байгаа. Цэвэр довтлогчийн байрлал дээр “хүнгүй” байсан Рома хагас хамгаалагчдын гоолоор амьдарч байсан.

Гэвч Дэстро эргэн ирснээр тоглолтонд бүтэн оноо авах нь ихэсч, гоол арвинтай тоглолтыг Рома үзүүлж буй.
Сиенад өөрийгөө нээн харуулсан тэрээр Ромад ирсэн эхний улиралдаа 6 гоолыг оруулж байсан бол энэ жил түүний хувьд үсрэлтийн жил болж байна.
Прандэлли ч түүнийг тоглолтоос тоглолт бүрт ажиглаж байгаа нь түүний хэр сайжирч буйг илтгэж байгаа биз. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тоглолтонд Кальяригийн эсрэг хэт трикийг Дэстро хийсэн.
 
Тоглолт:
Байх ёстой газартаа байж, хүрэх ёстой бөмбөгөндөө хүрч, цохих ёстой үедээ цохилт хийдэг. Тийм гоц ялгарах ур чадвар, техник байхгүй ч гүйцэтгэл сайн.
 
Ирээдүй:
Италийн шигшээгийн “чанар”-тай довтлогчийн залгамжийг авах магадлал тун өндөр.
Ер нь уг жагсаалтанд орсон Итали залуусын хувьд бүгд л Прандэллигийн хараанд өртөөд байгаа. Түүний нэг нь мэдээж Дэстро. Жилээс жилд амжилт нь өсч буй түүний хувьд ирэх улирал маш чухал.
Рома ч гэсэн Европын тавцанд хүч үзэх нь ойлгомжтой болсон. Хөгжөөн дэмжигчдээсээ “Destro-yer” нэрийг авсан түүнийг ирэх улирал том сорил угтан авна.
 
№4 Мауро Икарди
Баг: Интэр Милан
Нас: 21
Байрлал: Довтлогч
Үзүүлэлт: 17 тоглолтонд нийт 903 минут талбай дээр байхдаа 6 гоол оруулсан. Уг 6 гоолын нэг нь улирлын эхний хагаст Ювэнтүсийн эсрэг хийсэн тоглолтонд тэнцээний гоол авчирсан гоол байсан. Талбай дээр гарч ирээд 5 минут бололгүй гоол оруулж байв. 

Тайлбар:
Уг залууг тодотгох хамгийн эхний онцгой зүйл бол Ювэнтүсийн эрлэг! Сампдориад тоглож байх хугацаандаа Ювэнтүсийн хаалганд эхний тоглолтондоо дубль, удаах тоглолтондоо нэг гоол хийж, аль алинд нь Сампдориа 3 оноотой тоглолтыг өндөрлүүлж байсан. Харин Интэр Миланд мөн л тэнцээний гоол хийгээд амжсан.
Улирлын эхэнд Интэр Миланы шинэ залуусаас маш их зүйл хүлээж байсан ч М.Икарди л тус итгэлийг дааж буй. В.Маццари түүнийг улирлын дундаас хойш маш сайн ашиглаж байгаа. Биеийн хүчний тоглолт сайтай, бие сайтай залуу учир багт сайн үр нөлөөг авч ирж байгаа.

Барсэлона, Сампдориа гэсэн багуудаар хэсч, нүдээ олсон багтаа ирсэн. Интэр Миланы сэргэн мандалт хийхийг хичээж буй энэ үед Икардид маш их боломж түүнд олгогдож буй.

Хэдий үзүүлэлтийн хувьд тийм сайн биш ч, тоглолтонд үзүүлэх нөлөөлөл сайн, юутай ч Интэр Миланы довтлогчдын үзүүлдэггүй сайн тоглолтыг хийж байгаа. 2008 онд Барсэлонагийн хүүхдийн багт очиход түүнийг Барса, Реал Мадрид, Валэнсиа, Сэвилья зэрэг Испаний 6 клүб, АПЛ-ээс Арсэнал, Ливэрпүүл багууд сонирхож байсан нь түүний хэр өсөх ирээдүйтэй, авьяас чадвар байгаа нь харагдаж байгаа.
 
Тоглолт:
Биеийн хүчний тоглолт сайн учир довтолгоо бүсээс бөмбөг залгуулах, хамгаалагчтай контакт үүсгэж ядраах, хоёр давхарт сайн тоглох гэх мэт давуу талуудаараа ялгарч байгаа. Төгсгөл сайн тавьдаг.
өнгөрсөн тойрогт түүний оруулсан гоол:

Ирээдүй:
Энэ залууг Аргентины шигшээ баг зүгээр ч нэг дуудаагүй нь ойлгомжтой. Түүнд мэргэжлийн түвшинд сайн тоглох маш их чадвар, боломж бий. Гол нь түүний хөгжлийг зөв замаар явуулах нь чухал. Ур чадвар, тоглолтын арга барил талаасаа ч тэр, цаашид тоглох багаа сонгох тал дээрээ ч тэр. Икардиг яагаад ийнхүү ирээдүйтэй хэмээн үнэлэж ТОП-4 р байранд бичсэн шалтгаан нь мэдээж түүний В.Маццари удирдаж байгаа!
 
№3 Жоржиньо
Баг: Наполи
Нас: 22
Байрлал: хагас хамгаалагч
Үзүүлэлт: Улирлын эхэнд Вэронагийн зүгээс 7 гоолыг оруулаад байсан. Харин Наполид ирээд нэг ч гоол оруулаагүй байгаа.

Тайлбар:
Жоржэ Луиз Фрэлло буюу Жоржиньо. Бразилд төрсөн тэрээр Итали иргэншилтэй. Хэллас Вэронагаас “мандсан нар” тэрээр Сери А-гийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэж хэлж болно.
Наполид түүнийг Рафа Бэнитэз авчирсан шалтгаан нь мэдээж талбайн төвийн найруулга тал дээр багт нь тохирох хамгийн сайн, хамгийн ирээдүйтэй залуу байсан.
Тиймээс ч Наполид ирсэн даруйдаа тоглолтонд оролцож одоогийн байдлаар гарааны дархан эрхийг авчээ.
Хэдий гоол оруулж амжаагүй ч, өөрийн гол үүргээ маш сайн биелүүлж байгаа.
 
Тоглолт:

Гүйлт сайтай учир тоглолтын турш зогсдоггүй, талбайн аль ч хэсэгт багийн тоглогчдоо дэмждэг. Чэлсигийн Оскар шиг арга барилтай. Биеийн хувьд тийм хатуу чанга биш ч, бөмбөгний төлөө тэмцэлд ялах тохиолдол их. Бөмбөг алдалт маш бага. Техникийн алдаа бага гаргадаг.
 
Ирээдүй:
Итали болон Бразилын шигшээгийн аль алинд нь тоглох боломжтой. Өөрөө Италийн шигшээгийн 21-ээс доошхи насны шигшээд тоглоод амжсан. Харин насанд хүрэгчдийн шигшээд аль шигшээд тоглох нь сонирхолтой. Нэгэнтээ Европын томоохон багт өөрийн байр сууриа эзэлсэн. Харин түүний супер од болох хэмжээнд Бэнитэз хүргэж чадах уу гэдэг багийн амжилтаас ихээхэн шалтгаална.
 
№2 Киро Иммобилэ
Баг: Торино
Нас: 24
Байрлал: Довтлогч
Үзүүлэлт: Сери А-гийн 28 тоглолтонд 18 гоол. Мэргэн буучдын жагсаалтад эхний эгнээнд Тэвэзийн хамтаар бичигдэж байгаа. 18 гоолыг 16 тоглолтонд оруулсан.

Тайлбар:
Ювэнтүсийн хамгийн муу наймаануудын нэг гэж хэлж болно. Ердөө 2,8 сая еврогоор өөрийн болгосон Торино Иммобилэд сайхан ч боломжийг олголоо, Иммобилэ ч өөрөө боломжоо маш сайн ашиглаж байгаа.

2011-12 оны улиралд “цоорсон” тэрээр Пэскараг дээд лиг рүү дэвших жилд багтаа 28 гоолоор бэлэг барьж, тухайн жилдээ лигийнхээ мэргэн бууч болон шилдэг тоглогчоор шалгарч байв.
 
Харин Сери А-д, тэр тусмаа Ювэнтүст тохирохгүй байсан тэрээр Торинод өөрийгөө дахин харуулж байна. Ювэнтүст тохирохгүй байсан гэхээсээ илүүтэй, дээд түвшний довтлогчдын хэмжээнд хараахан хүрэх болоогүй байсан нь ойлгомжтой.
 
2013 онд Италийн 21 нас хүртэлх шигшээд тоглон Израйлын Залуучуудын ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирсан тэрээр Дэстро, Инсинэ нарын хамтаар гялалзсан нэгэн.
 
Энэ улирлын хувьд Сери А-гийн довтолгооны шилдэг хослолуудын нэгээр нэрлэгдэж байгаа. Турины довтолгооны хослолууд гэсэн гарчиг энэ улирлын Сери А-гийн гол сэдэв байсан нь дамжиггүй. Ювэнтүсийн Тэвэз ба Ллорэнтэ, Ториногийн Иммобилэ ба Чэрчи.
 
Тоглолт:
Бөмбөггүй гүйлт, хоёр хөлийн хүчтэй цохилтоороо ялгарсан тэрээр довтлогчийн байх ёстой чухал чанаруудыг эзэмшсэн. Нэг тоглолтонд маш олон удаа уралдуулсан бөмбөгөнд гүйдэг тул отон тоглолтонд орох тохиолдол их. Тус алдааг гаргаж байж өөрийгөө суллах тохиолдол гарах нь элбэг.
 
Ирээдүй:
Италийн шигшээд мөн л дуудагдахад бэлэн болсон. Довтлогчийн асуудалтай байдаг Италийн шигшээгийн хувьд Иммобилэг тордож авах нь тэдэнд ашигтай. Насны хувьд ч тэр уг жагсаалтанд орсон залуусаас харьцангуй ахимаг настай ба үүнийгээ дагаад Прандэлли түүнийг багтаа дуудах магадлал өндөртэй. Түүний ирээдүйд хамгийн их аюул учруулж буй зүйл бол клүб. Түүний ийнхүү олон гоол оруулж буй нь дундаж багийн бүх гоолыг хийгээд байна уу? Эсвэл аль ч багт очсон гоол хийгээд байна уу гэдэг нь сонирхолтой. Том багт очиж өөрийгөө соривол түүний ирээдүй огцом өөрчлөгдөх магадлалтай. Дээшээ, доошоо аль нь гэдгийг хэлж мэдэхгүй юм.

№1 Пол Погба
Баг: Ювэнтүс
Нас: 21
Байрлал: Хагас хамгаалагч
Үзүүлэлт: Энэ улиралд Ювэнтүсийн зүгээс 6 гоолыг оруулж, 30 тоглолтоонд оролцон 27-д нь гараанд гарсан.

Тайлбар:
Погбагийн тухай магтсан сайшаасан нийтлэлүүдийг чамгүй олон бичиж байсан. Түүний үүх түүхийг ч манай хамт олон бичиж байсан удаатай.

Энэ жилийн хувьд тэрээр мэргэжлийн түвшинд тогтвортой харуулж чадна гэдгээ батлан харуулсан жил болж байна. Биеийн хүчний давуу тал+хурд гэсэн хослол түүнийг бусад хагасуудаас ялгаруулж байна. Тиймээс ч талбайн төвд бусад багийн тамирчидтай тэмцэлдэж ялах магадлал харьцангуй их байна.
 
Юнайтэдэд дутуу үнэлэгдсэн тамирчин гэдгээ жил ирэх тусам л батлан харуулж байгаа төдийгүй клүб болон шигшээ багийн хэмжээнд аль хэдийнээ өөрийн байр сууриа авсан. Илүү тайлбар ч хэрэггүй биз, түүний гайхалтай улирлыг хамтдаа сонирхъё.

Энэхүү нийтлэлийг бичсэн Г.Зол-Эрдэнэ нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр Боловсрол ТВ-д харьяалагдан Английн Премьер лигийг тайлбарлаж байсан ба одоогийн байдлаар Sportbox сувгаар Италийн Сери А-ийн тоглолтуудыг Монголын үзэгчдэд тайлбарлан хүргэдэг. АС Милан клубын дэмжигч