Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Бостоны марафонд оролцоно
Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-д болох Бостоны марафонд оролцохоор болжээ.
Дэлхийд нэр хүнд цар хүрээгээрээ ялгардаг томоохон долоон марафоны нэг (World Marathon Majors) Бостоны марафон энэ жил 130 удаагаа болно. Bank Of America-гийн ивээн тэтгэдэг энэ марафоны мэргэжлийн тамирчдын ангилалд Монголын Б.Сэр-Од нэмэгдсэнийг албан ёсны хуудсанд мэдээлжээ.
Ингэснээр тэр Монгол Улсаас дэлхийн нэр хүндтэй уралдааны элит ангилалд оролцохоор болсон анхны тамирчин болж байна.
Тус марафонд дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар 32,494 хүн уралдахаар бүртгүүлсэн байна.
АНУ-ын 50 муж, дэлхийн 137 орноос тамирчид оролцох бөгөөд Массачусеттс мужаас 4,698 иргэн оролцохоор нэрээ өгсөн аж.
Марафоны үеэрх хандивын арга хэмжээнд өнгөрсөн жил 50.4 сая ам.доллар босгосон. Харин энэ жил уг дээд амжилтыг эвдэх зорилготой байгаагаа зохион байгуулагчид онцолсон юм.
Тус уралдаанд түрүүлсэн тамирчид 50,000 ам.долларын урамшуулал авна.
Эх сурвалж: Baa.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
