Senzu-ийн тоглож буй "Passion UA" баг Германд зохиогдох дэлхийн аваргыг өнжихөөр болов
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний дэлхийн аварга болох Intel Extreme Masters Cologne Major 2026 тэмцээн Германы Кёльн хотод зургаадугаар сарын 2-ноос 21-нийг дуустал үргэлжилнэ.
Тус тэмцээнд нийт 32 баг бүсийн чансааны оноогоор гурван шатанд хуваагдан оролцох бөгөөд нэр эцсийн байдлаар тодорхой боллоо.
Манай улсын "The MongolZ" баг Азийн чансааны оноог тэргүүлж буй учир шууд гуравдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлнэ. Өнгөрсөн оны Будапештын дэлхийн аваргад "The Huns Esports" баг нэгдүгээр шатнаас оролцож байсан бол энэ удаад эрхээ авч чадсангүй.
Харин Senzu буюу М.Азбаярын тоглож буй "Passion UA" баг нэгдүгээр шатанд Америкийн бүсийн оноогоор уригдах бололцоотой байсан. Гэвч бүсийн чансааны оноог ахиулах боломжтой Urban Riga Open #4 тэмцээний аваргын төлөө Туркийн "Sangal Esports" багтай өнгөрсөн шөнө тоглож, 1:2 онооны харьцаатай хожигдлоо. Ингэснээр Intel Extreme Masters Cologne Major 2026 тэмцээний нэгдүгээр шатанд оролцох Америк бүсийн зургаан эрхэд багтаж чадсангүй.
М.Азбаяр нь 2023 оны есдүгээр сарын 7-нд "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд нэгдсэнээс хойш дөрвөн дэлхийн аварга дараалан оролцсон. Тэрбээр мэргэжлийн өндөр түвшинд тоглож эхэлснээс хойш анх удаа дэлхийн аваргыг өнжихөөр боллоо.
ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ БАГУУД: 1-3 дугаар шат
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



