"Нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татвар дээр зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгч, үнийн өсөлтийг хязгаарлана"
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулсан байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газраас өргөн барьсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ дээр яаралтай батлуулахаар МАН-ын бүлэг шийдсэн байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь гаднаас авч хэрэглээгээ хангаж байгаа. Үүний үнийн өсөлт бүх бараа бүтээгдэхүүний өртгийн орцод томоохон нөлөө үзүүлдэг. Цар тахлын үед бид тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байлаа. Тиймээс шуурхай зохицуулалтын шинж чанартай зарим хуулийг батлан гаргах ёстой юу гэдэг асуудлыг ярилаа.
Нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлттэй уялдуулан АИ-92 дээр үнийн тогтворжуулалтын бодлого барьсан. Бусад бүтээгдэхүүн нь зах зээлийн нөхцөлөөр явж байгаа. Уул уурхайн салбарын бүх техник хэрэгслүүд дизель түлшээр ажилладаг. Хөдөө аж ахуйн салбарын техник хэрэгслүүд дандаа дизель хөдөлгүүртэй. Энэ жил нөхцөл байдлыг урьдчилж харсан учраас газар тариалангийн хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ.
Нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татвар дээр тодорхой зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгөх тогтоолын төслийг УИХ дээр явж байгаа. Үүнийг шуурхай баталбал импортын барааны таван хувийн татварыг Засгийн газар үнийн өсөлттэй уялдуулан зохицуулалт хийж болно. Мөн үнийн нэмэгдлийг тодорхой түвшинд хязгаарлаж болно.
Үнийн өсөлтийн тодорхой хэсгийг гаалийн албан татварыг тэглэх замаар хязгаарлаж болох юм. Жишээл 1,000 төгрөгөөр өсөж байгаа бол 200 төгрөгийг нь татварын хөнгөлөлтөөр дамжуулж өсөлтийг хязгаарлана" хэмээн мэдээлэл өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
