3x3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд далайн орнуудын баг түрүүлэв
3х3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм.
Сингапур Улсад болсон тус тэмцээнд Шинэ Зеландын эрэгтэй, Австралийн эмэгтэй баг цом өргөлөө. Австрали хүүхнүүд тивийн тэмцээнээс найм дахь медалиа авснаас сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлээд байна.
Тэдний толгойлсон хэсгээс хоёроор шалгарсан Филиппинчүүд хасагдах шатанд Монголын багийг 15:12, хагас шигшээд Японыг 21:19-өөр буулган аваад финалд 9:18-аар дийлдсэнээр тивийн тэмцээнээс анхны мөнгөн медалиа хүртсэн бол БНХАУ-ын баг хүрлийн төлөө Японыг 20:15-аар ялснаар зургаа дахь медаль, дөрөв дэх хүрлээ зүүв.
Эрэгтэйчүүдийн ангилалд Шинэ Зеландын баг анх удаа түрүүлсэн юм. Тэд аваргаа хамгаалж буй Австралийг хасагдах шатны эхний тойрогт 21:16, хагас шигшээд Японыг 21:16, шигшээд БНСУ-ын багийг 21:15-аар илүүрхсэн.
БНХАУ-ын эрэгтэй баг Японыг 22:20-оор ялснаар дөрөв дэх медаль, гурав дахь хүрлээ авлаа.
Монголын баг эхний шатанд Японд дийлдсэнээр V байрт орж буй аж.
3х3 сагсан бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн таван жил дараалан Сингапур Улсад болжээ. Харин дараа жилийн тивийн тэмцээн Монголын нийслэл Улаанбаатар хотод болно. Манай улс өмнө нь 2017 онд буюу тивийн аваргын хоёр дахь тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
