Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй"

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит  хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. 

Бүлгийн хуралдааны эхэнд Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонслоо. 

Харин дараа нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаатай холбогдон гишүүдийн байр суурийг сонслоо. Хуучин нурж эвдэрсэн барилгыг сэргээх,  шинээр барилга барих ажлыг судлах  ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг гаргасан.

Мөн “Морин хуур” цогцолборыг барих  тухай ажлыг судлах ажлын хэсгийг байгуулахыг намын бүлгийн гишүүд дэмжлээ.  

Эцэст нь  УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсантай холбоотой асуудлыг хэлэлцэж, нягталж, тодруулах шаардлагатай зүйлсийг нарийн магадалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзлээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хууль зүйн сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг нэгдсэн байр суурь илтгэх үү. Гишүүд өөрсдийн үнэлэмжээр хандах уу?

-Гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь нээлттэй. Х.Тэмүүжин Монгол Улсын эрх зүйн орчныг шинэчлэхэд асар  их нөлөө бүхий хуулийн шинэчлэлүүдийг хийж байгаа. Энэ нь өөрөө Ардчилсан намын шинэчлэлийн бодлогод гол түлхүү нөлөөг үзүүлж байгаа учраас манай гишүүд өөр өөрийн үзэл бодлоор асуудлыг дүгнэх байх. Тиймээс нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй.

Манай гишүүд өөр өөрийн үзэл бодлоор асуудлыг дүгнэх байх. Тиймээс АН-ын бүлгээс нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй.

-Эдийн засгийн зарчмын асуудлыг  оруулж ирэх тухай асуудлаар Засгийн газарт үүрэг өгсөн гэж та хэллээ. Яг ямар  зүйл оруулж ирэхийг үүрэгдсэн юм бол?

-Эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай болсон энэ үед цаашид Оюутолгойн хувь болоод Тавантолгойн менежментийг хэрхэн шийдэх ёстой  вэ.  Мөн эдийн засгийн асуудлыг ил тод болгох, төмөр замын асуудал зэрэг тулгамдсан асуудал ч мөн байна. Тиймээс нэлээд нухацтай шийдэх ажлууд бидэнд байна.