Өнгөрсөн баасан гарагаас эхлэн цагдаагийн алба хаагчид шинэ дүрэмт хувцсаар ижилсэж эхэлсэн.
Гэтэл зарим хүмүүс цагдаагийн шинэ дүрэмт хувцасны малгай таалагдаагүй, жуулчны хувцас шиг харагдаж байна гэх мэтээр цахим ертөнцөөр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх болсон.
Цаашлаад дотоодын олон үйлдвэрүүд байхад яагаад дотооддоо шинэ хувцсыг үйлдвэрлэж болоогүй юм. Турк улсад үйлдвэрлэсэн нь хэн нэгний бизнес байсан уу, хуучин хувцас нь агуулахад нь их хэмжээгээр байгаа эсэх гээд олон асуултууд урган гарч байгаа юм.
Тиймээс манай сурвалжлах хэсэг энэ бүгдэд хариу авахаар сурвалжлага бэлтгэлээ.
2011 оноос хойш цагдаагийн хуучин дүрэмт хувцсыг үйлдвэрлээгүй
Цагдаагийн хуучин дүрэмт хувцасны хангалт ЦЕГ-ын агуулахад хэр их байгаа талаар мэдэхээр ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний тасгийг зорилоо. Биднийг очиход хуучнаар Дотоодын цэрэг буюу Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын харьяа анги, хэлтсийн алба хаагчид шинэ хувцсаа хүлээн авч байсан юм.
ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний тасгийн дарга н.Саруул “Өнөөдрийн байдлаар цагдаагийн хуучин дүрэмт хувцасны үлдэгдэл байхгүй. Учир нь 2011 оноос хойш цагдаагийн хуучин дүрэмт хувцсыг огт үйлдвэрлээгүй.
Хувцасны шинэчлэл хийнэ хэмээн хүлээлтийн байдалтай байсан юм. Тиймээс ч бид хуучин дүрэмт хувцасны хангалтыг үлдэгдэл хувцсаараа болгож өдийг хүрсэн. Шинэ дүрэмт хувцасны тендер нь 2013 онд зарлагдаж үйлдвэрлэгдэж ирсэн.
Улмаар өнгөрсөн баасан гарагаас шинэ дүрэмт хувцас тараагдаж эхэлсэн. Одоогийн байдлаар 1000 гаруй хүн хангалтаа авсан. Яг одоо Олон нийтийн аюулгүй байдлыг хангах 805 дугаар ангийн 500 гаруй албан хаагчийг шинэ хувцсаар хангах ажил явагдаж байна.
Энэ мэт үе шаттайгаар хангалт явагдана. Эхний ээлжинд Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчдыг дуусгаад дараа нь орон нутгийн цагдаа нарыг шинэ дүрэмт хувцсаар хангах ажил хийгдэх болно” гэлээ. Ийн шинэ дүрэмт хувцас үйлдвэрлэгдэн ирсэн болон цагдаагийн хувцас хэрхэн тараагдаж байгаатай танилцлаа.
Алба хаагчдаас шинэ хувцас хийх талаар санал авчээ
Шинэ дүрэмт хувцсаа хүлээн авч буй Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 805 дугаар ангийн дэслэгч Б.Энхболдын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр, “Бид хуучин дүрэмт хувцсаа солиод шинэ дүрэмт хувцсаа авч байгаадаа сэтгэл хагалуун байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд Дотоодын цэргийн бус Олон нийтийн аюулгүй байдлыг хангах 805 дугаар анги болон шинэчлэгдсэн. Шинэ дүрэмт хувцас гээд бүх зүйл шинээр эхэлж байна.
Цагдаагийн өмнөх хувцсыг бодвол чөлөөтэй, малгай нь ажил үүргээ биелүүлэх үед унаад байхгүй аятайхан байна.
Тиймээс урам зоригтой ажиллах болно. Шинэ дүрэмт хувцас биед эвтэйхэн харагдаж байна билээ. Цагдаагийн өмнөх хувцсыг бодвол чөлөөтэй, малгай нь ажил үүргээ биелүүлэх үед унаад байхгүй аятайхан байна” гэв.
Өөрөөр хэлбэл, шинэ дүрэмт хувцасны олны шүүмжлэлд өртөөд байгаа малгайны хувьд хуучин малгайнаас олон давуу талтай байгаа гэдгийг албаныхан онцолж байсан юм. Тухайлбал, хуучин дүрэмт хувцасны хатуулгатай малгай нь салхи гарахад, тонгойх зэрэгт унадаг тогтворгүй байсан аж. Тиймээс ч Замын цагдаа нар малгайгаа машинд даруулсан, усанд унаж хэв алдсан гэх шалтгаанаар байнга солиулдаг байсан гэнэ.
Түүнчлэн хуучин малгай нь чийгээ гадагшлуулдаггүй учраас олон жил замын цагдаад ажилласан хүмүүсийн үс нь халцрах зэрэг сөрөг талууд байдаг гэдгийг алба хаагчид хэлж байлаа. Харин шинэ дүрэмт хувцасны хувьд одоо тараагдаж байгаа малгайнаас гадна дөрвөн төрлийн малгайгаар хангах юм байна. Тухайлбал, саравчтай, бүрх, ноосон, ёслолын зэрэг малгайнуудаар хангах ажээ.
Өдөр бүр тухайн дүрэмт хувцсыг өмсч ажил үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчдад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс эдгээр малгайг хийсэн гэдгийг албаныхан онцолж байлаа. Уг нь одоо хангагдаж буй энэхүү бүчтэй малгай эхлээд хэлбэртэй буюу цардуултай байсан байна.
Харин цагдаагийн алба хаагчдаас санал авахад “хатуулгатай малгай хэлбэрээ алдах, ажил үүргээ биелүүлж байхад буюу гэмт хэрэгтэн барих зэрэгт толгой дээр тогтохгүй, хүндрэлтэй байдаг. Тиймээс өмсөхгүй үедээ эвхэж болох, салхинд тогтвортой байхаар бодолцож хийвэл зүгээр байна” гэсэн учир одоогийн бүчтэй малгайг өдөр тутамд өмсөхөөр бодож үйлдвэрлэжээ.
Дашрамд дуулгахад, цагдаагийн алба хаагчдын өмсч байсан малгайг Монголын цагдаагаас өөр хаана ч өмсдөггүй байсан гэнэ. Гэтэл манай улс өнөөдрийг хүртэл социалист орнуудын цагдаагийн алба хаагчдын өмсч байсан малгайны загвартай хэвээр байсан гэнэ лээ.
Тиймээс ч хүйтэнд чих нь даарахгүй, зуны улиралд наранд сүүдэртэй гэх зэргээр цагдаа нарын биед нь тухтай байх хэлбэрүүдийг сонгосон аж. Үнэхээр цагдаагийн алба хаагчид өмсч буй хувцас нь биед тухтай, тухгүй ч өдөр бүхэн дүрэмт хувцсаа өмсөөд ажил үүргээ биелүүлээд явдаг. Гэтэл бид өдөр бүр өөрт тав тухтай хувцсыг сольж өмсч байдаг гээд бодохоор биед нь эвтэйхэн, чөлөөтэй хувцас сонгосон цагдаа нарыг буруутгах эрх бидэнд байхгүй бололтой.
Г.Ганзориг: Манай үйлдвэрүүд 2013 онд багтааж хувцас үйлдвэрлэх боломжгүй гэсэн
Цагдаагийн алба хаагчдын шинэ хувцас хэдэн төгрөгөөр хийгдсэн, хувцас солигдох ямар хэрэгцээ шаардлага байсан талаар ЦЕГ-ын Хувцасны ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Г.Ганзоригоос тодруулсан юм.
-Шинэ дүрэмт хувцас хэдэн төгрөгийн өртөгтэйгөөр үйлдвэрлэгдэж байгаа вэ?
-2013 онд цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцсыг шинэчлэхэд 5.5 тэрбум төгрөг батлагдсан. Тиймээс бид эхний ээлжинд Дотоодын цэргийн алба хаагчдынхаа дүрэмт хувцсыг журмыг дагуу, Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тэрбум төгрөгөөр тендер зарлаж, бэлтгээд байна.
Ерөнхийлөгч шинэ дүрэмт хувцасны загварыг баталсан юм.
Цагдаагийн дүрэмт хувцас 3.5 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаа байсан. Өнгөрсөн онд цагдаагийн шинэчлэлтэй холбоотойгоор цагдаагийн дүрэмт хувцасны загвар шинэчлэх ажил хийгдсэн. Уг ажил өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл явагдсан. Улмаар Ерөнхийлөгч шинэ дүрэмт хувцасны загварыг баталсан юм.
-Цагдаагийн дүрэмт хувцсыг яагаад гадаадад үйлдвэрлэв. Дотооддоо үйлдвэрлэж болох байсан уу?
-Шинэчилсэн дүрэмт хувцсыг дөрвөн сарын дотор багтаагаад бэлтгэх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, хугацаа маш шахуу байсан. Гэхдээ бид дотоодын үйлдвэрлэгчдэд боломж олгох үүднээс бүх аж ахуйн нэгжүүдэд урилга явуулсан.
Тодруулбал, 2013 онд багтаагаад цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцсыг бэлтгэж өгөөч гэсэн утга бүхий урилга хүргүүлсэн юм. Гэтэл шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтаас харж байхад манай улсын томоохон үйлдвэрүүдээс боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байсан.
Учир нь өнгөрсөн онд манай оёдлын томоохон үйлдвэрүүд сурагчдын дүрэмт хувцас бэлтгэж байсантай холбоотой. Тиймээс үйлдвэрүүд 2014 оны гуравдугаар сараас хойш дүрэмт хувцсыг нийлүүлнэ гэсэн хариу өгсөн. Гэтэл бид 2013 ондоо дүрэмт хувцсаа бэлдэх ёстой байсан.
Хэрэв бэлтгэж чадахгүй бол дүрэмт хувцасны шинэчлэлд зориулагдан батлагдсан төсөв хураагддаг журамтай. Тиймээс бид богино хугацаанд, чанартай хувцас хийлгэх шалгаруулалт явуулаад гадаадын нэлээд олон орныг судалж Турк улс хамгийн боломжтой байсан учир сонгосон.
-Хуучин дүрэмт хувцас их хэмжээгээр агуулахад хадгалагдаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар тодруулаач?
-Цагдаагийн хуучин дүрэмт хувцсны үлдэгдэл байхгүй. Дүрэмт хувцасны бэлтгэл ажлыг эртнээс үе шаттайгаар хийсэн. Тиймээс агуулахад байгаа үлдэгдэл хувцсыг дуусгаад шинэ хувцсаар хангаж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, бид улсын төсөвт ямар нэгэн хүндрэл учруулаагүй.
Хангагдах ёстой журмаараа л хангагдаж байгаа. Өнгөрсөн онд бэлтгэсэн өдөр тутмын хувцас нь шинэчлэгдэх гэж байгаа гэдэг үүднээс сүүлийн хоёр жил хангагдаагүй байсан.
-Нэг цагдаагийн алба хаагч хэдэн төгрөгийн, хэчнээн ээлжийн хувцсаар хангагдаж байгаа вэ?
-Бүх нэр төрлийн хувцас нь 1.2 сая төгрөг орчим болж байгаа. Өмнө нь ч цагдаагийн алба хаагчдын бүх төрлийн хувцас мөн л адил үнэтэй байсан. Шинэчлэгдэж буй хувцасны хувьд бүх нэр төрлийн хувцсыг нэг дор үйлдвэрлэж, хангаж чадахгүй. Учир нь энэ жил гэхэд 3.3 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.
Тиймээс улирал бүрт нь тохируулан ээлж дараатайгаар хувцсыг нь үйлдвэрлэж хангах болно. Энэ онд цамц, малгай, өмд, цөөн тооны өвлийн улиралд өмсөх хувцсыг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа. Одоо уг ажлын тендер нь зарлагдчихсан явж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!