Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой

Э.Энхтуяа, Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 5
Өдрийн шуудан
Зураг зураг
Л.Ганбат

Засгийн газрын их дээд сургуулиудын сургалтын чанар, элсэгчдийн сурлагын амжилтыг сайжруулах, үндэсний хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Өөрөөр хэлбэл их дээд сургууль, колллежид элсэх хүсэгчид монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгөхөөр болсон байна.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа хэзээ дуусах вэ. Хэчнээн хүүхэд хамрагдах тооцоо байна вэ?

-ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 5-нд эхэлсэн. Энэ сарын 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 34 мянга гаруй хүүхэд төгсч байгаа. Үүн дээр өмнөх оны 4000 гаруй төгсөгч нэмэгдэхээр энэ жил 38 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө. Өнөөдрийн байдлаар 28 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгэл хэвийн үргэлжилж байна гэж үзэж болно.

-Шалгалт эхлэх хуваарь гарсан уу, шалгалт хоорондын хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Зургадугаар сарын 14-нд орон даяар монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Тэгээд нэг өдөр өнжөөд 16,17-нд долоон хичээлийн шалгалт авна. Мөн 18-нд өнжөөд 19-ний өдөр сүүлийн гурван шалгалтыг авахаар төлөвлөөд байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад шалгалт хоорондын хугацаа уртассан. Энэ нь элсэгчдэд дарамт болохгүй, ачаалал багасах давуу талтай.

-ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жилийн ЭЕШ-ын онцлог гэвэл 2013 онд Засгийн газрын 37 дугаар тогтоол гарсантай холбогдуулж их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө гэж заасан. Үүний дагуу төгсөгч бүр уг шалгалтыг өгөх ёстой.

-Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо бий юу. Хэрвээ тэнцээгүй бол их дээд сургуульд элсэх боломжгүй гэж ойлгож болно.

-Энэ шалгалтад босго оноо гэж байхгүй. Шалгалтын дүн, оноо ЭЕШ-д ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Хамгийн гол нь монгол хэлний шалгалт өгч байж, ЭЕШ-даа хамрагдах эрх авч байгаа юм. Энэ шалгалтаар бүх нийтийн монгол хэлний хэрэглээний түвшинг тогтоох, чанарын үнэлгээ хийх, үүнээс шалтгаалж ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын программд өөрчлөлт оруулах, сайжруулах, бодлого чиглэлийг тодорхойлох зорилготой.

 Монгол хэлний шалгалт өгч байж, ЭЕШ-даа хамрагдах эрх авч байгаа юм.

-Сурагчид энэ жил 11 жилээр төгсөнө. Харин ирэх жилээс 12 жилээр төгсөхтэй холбоотой ЭЕШ-д дахин өөрчлөлт орох уу?

-Ирэх жилээс багагүй өөрчлөлт гарна. Жишээ нь монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр босго онооноос дээш үнэлгээ авч байж ЭЕШ-д орох эрхээ олж авна гэсэн үг.

-Монгол хэлний дүрмүүд хоорондоо зөрчилддөг шүү дээ. Тэгэхээр хэний зохиосон дүрэм, толь бичгийг дагаж мөрдөх вэ?

-Монгол хэл бол үндэсний эх хэл. Тийм ч учраас цаашид хэрэглээ, үнэлэмжийг нь сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна гэж ойлгож болно. Үүний дагуу ажлын хэсэг гарган монгол хэлний хэрэглээний агуулгын түвшинг тодорхойлох, жишиг даалгаврыг гаргаж шалгуулагчдад хүргэх мөн сурагчдаас урьдчилаад туршилтын шалгалт авах ажлыг зохион байгуулж байгаа.

-Ер нь өмнөх жилүүдэд монгол хэл, бичгийн шалгалтыг хэр олон хүүхэд өгдөг байсан бэ?

-Өмнөх жилүүдийн баримтаас харахад элсэгч 10 хичээлээс сонгож шалгалт өгдгөөс дунджаар дөрвөөс таван хичээлийг нийт шалгуулагчийн 70 гаруй хувь нь сонгох жишээтэй. Монгол хэл, математик, англи хэл, нийгэм зэрэг хичээлийг сонгож шалгалт өгч байгаа харагддаг. 

-Их дээд сургуульд элсэгчдийн тоо жил ирэх тусам өсч байгаа байх. Энэ талаар тодорхой судалгаа бий юу?

-Өсч байгаа. Гэхдээ тодорхой судалгаа байхгүй. Ерөнхийдөө тухайн жилд нийт шалгуулагчдын 90 орчим хувь нь их дээд сургуульд элссэн байдаг.

Зураг