-Ёс заншил-
Маргааш ханш нээх өдөр. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, амьтад ичээнээсээ гардаг гэдэг.
Ханш нээх өдөр хүмүүс ямар зан уйл хийх ёстой талаар Дашчойлон хийдийн зурхайч лам Ч.Алтангэрэлээс тодрууллаа.
-Ханш нээх үеэр хүмүүс ямар зан үйл үйлдэх вэ. Энэ өдрийн утга учрын талаар ярихгүй юу?
-Билгийн тооллоор нэг жилийг дөрвөн улиралд хувааж үздэг. Одоо цэцэг ногоо ургадаг сайхан улирал нь эхэлж байгаа гэсэн үг.
Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас тэр хааны нэрээр нэрлэх болсон юм. Энэ өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 5-ны өдөр тохиодог.
Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр.
Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр юм. Тиймээс манай ард түмэн дэлгэрч дээшлэх өдөр гэж билгэшээдэг.
Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай. Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газар тариаландаа бэлтгэх, нас барагсдадаа ерөөл маань уншуулдаг.
-Эл өдөр хүмүүс нас барагсдынхаа газрыг эргэж очно гэдэг. Энэ ер нь зөв үү?
-Сүсэгтэн олон бүрлээчдийнхээ газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтан баярлуулж үйлддэг уламжлалтай. Хятадууд газар гэсэхээр өвөг дээдсийнхээ шарилыг эргэж очдог гэсэн. Тиймээс үүнийг Хятадын ёс заншил гэж үздэг.
-Ханш нээх өдөр тусгайлан унших бурхны ном байдаг уу?
-Дүйчин өдөр шиг тусгайлан унших тарни, ном байхгүй. Харин хөрс шороо хөндөхгүй байх, газар ухаж сэндийчихийг тэвчих хэрэгтэй. Мөн байгаль дэлхийдээ идээ ундааныхаа дээжийг өргөж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!