• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бакей: Ээлжит бус чуулганы талаар УИХ-ын дарга шийдвэр гаргаагүй

М.Санчир
2014 оны 3 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Баян-Өлгий аймгийн нийслэл дэх нутгийн зөвлөлийг тэргүүлдэг.

Тэрбээр өчигдөр Наурызын баярын талаар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсний дараа түүнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодруулсан юм. 

-Наурызыг нийслэлд хоёр дахь удаагаа зохион бай­гуу­лах гэж байна. Энэ жилийн онцлог нь юу байх вэ?

-Наурызыг зөвхөн Казах түмний биш, монгол түмний баяр болгож, дэлгэрүүлэх зо­рилгоор Чингисийн талбайд энэ удаа хоёр дахиа зохион байгуулах гэж байна. Адилхан нүүдэлчин ард түмэн учраас тэрхүү соёлыг бас таниулах нь зөв, зүйтэй алхам юм. Өнгөрсөн жил Чингисийн талбайд Казах гэр барьж, дотор нь үндэсний соёл, уламжлалаа харуулсан эд агуурс дэлгэн үзүүлж байсан. 

-Харин хөдөө орон нутагт хэрхэн тэмдэглэх бол?

-Энэ жил жинхэнэ Казах түмний заншил ёсоор Баян-Өлгий аймагт маш өргөн дэлгэр зохион байгуулна. Тэнд тулам булаалдаж, морь уралдуулан наадах юм. Энэ баяр ёслолд УИХ-ын дарга З.Энхболд оролцоно. 

-Үйл ажиллагааны зохион байгуу­лалтыг нутгийн зөвлөл дангаараа хийдэг үү. Баярын өдөр төв талбайд ямар арга хэмжээ болох вэ?

-Бид зохион байгуулалтын хувьд ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар мөн СУИС-тай хамтарч байгаа. Аль болох олон хүн оролцуулахын тулд эдгээр бай­гууллагуудын туслалцааг авч байна. Арга хэмжээний үеэр доомборын чуулга, Казах түмний болон баруун монголын бие биел­гээний үзүүлэх тоглолт, ах дүү уран бүтээлч Ж.Ойлан, Ж.Тойлан нарын уран зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Харин гуравдугаар сарын 22-нд Казакстаны хамтлагуудын тог­лолт “UB Palace”-т тог­логдоно.

-Эдгээр ажлуудын төсвийг хэрхэн шийддэг вэ?

-Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл зохицуулж байна даа. 

-Наурызыг их эртнээс тэм­дэглэж эхэлсэн гэдэг гэхдээ яг хэзээнээс тэмдэглэж ирсэн юм бэ?

-Наурыз бол Азийн эсгий туургат зарим орон тэмдэглэж ирсэн баяр. Тэр дундаа Казах түмний уламжлалт баяр. Бараг МЭӨ 330 оны үеэс тэмдэглэж ирсэн. Наурыз гэдэг маань нау буюу шинэ, риз буюу өдөр гэсэн үг байгаа юм. Өнө эртнээс улбаатай энэ баярыг жил бүрийн өдөр, шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Энэ өдрөөс эхэлж ертөнцийн амьд бүхэн сэргэж, шинэ төл мэндэлдэг, өвс ногоо ургадаг гэх зэргээр билэгшээдэг. 

-Гэр бүлийнхэн нэг дор цугладаг гэдэг утгаараа цагаан сартай их ойролцоо гэдэг ч ялгарах онцлог нь юу вэ?

-Мэдээж цагаан сартай ойролцоо. Учир нь удаан уулзалдаагүй ах, дүүс эцэг эхийндээ цуглана. Мөн энэ баяраар архи ерөөсөө хэрэг­­лэдэггүй. Цагаан сараар нэ­гэндээ бэлэг сэлт барьдаг бол Наурызаар бэлэг өгдөггүй. Ах дүүгийн хүрээнд байж болох ч тэгж өргөнөөр бэлэг барьдаггүй. Харин оронд нь бие биедээ сайн сайхныг хүсч, аль сайхан идээ будаагаа барьдаг.

-Нэг үе казах иргэд Ка­закстан руу явсан. Харин сүү­лийн үед нийслэлд олноор суурьшиж Баян-Өлгий эзгүйрч байгаа юм биш биз?

-Нийт 110 мянга гаруй Ка­зах иргэн бий гэдэг судалгаа байдаг. Тэдгээрийн дийлэнх нь буюу 80 мянга гаруй нь төрөлх Баян-Өлгий аймагтаа аж төрж байна. Нийслэлд бол Налайх дүүргийг оруулаад 10 мянга шахам иргэн сурч, ажиллаж, амьдардаг гэсэн албан бус мэдээ бий. Байршлын хувьд Налайх дүүрэгт дийлэнх нь аж төрдөг. Мөн Шарын гол, Эрдэнэт, Дархан зэрэг төв суурин газ­руудад амьдарч байна. Тэд маань тухайн орон нутагтаа Наурызаа тэмдэглэж, олон талын арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ тал дээр зөвхөн нутгийн зөвлөл ч биш зарим ТББ, Казах түмний харилцааны дууны тэмцээн, тулам булаалдах зэрэг уламж­лалт ёслол, наад­гай зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Гэхдээ эдгээр нь нийслэлд гэхээсээ илүү хөдөө орон нутагт илүү өргөн зохион байгуулагддаг.

-Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүний хувьд орон нутагтаа ямар ажил хийж байгаа вэ?

-Саяхан тойрогтоо ажиллаад ирлээ. Баян-Өлгий аймагт Дулаан Харын хар тугалгын үйлдвэр ашиглалтад орж, 500 хүн ажлын байртай болж байна. 

Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг томилолтоор ажиллуулсан. Асгатын мөн­гөний ордыг очиж үзлээ. Энэ мэт гол, гол зүйл дээр ажилллаж байна.

Мөн ойрын өдрүүдэд нийс­лэлд суугаа аймгийн уугуул эрдэмтэн, мэргэдийг орол­цуулж Баян-Өлгийн хөгж­лийн хэд хэдэн баримт бичгийг боловсруулахаар бол­сон. Аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, уул уурхайн хөгжлийн хөтөлбөр, малын чанарыг сайжруулах хөтөлбөр, багш, эмч нарыг чад­варжуулах хөтөлбөр зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилт тавин ажиллаж байгаа. 

-УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 24-нд хуралдуулна гэж байсан. Гэвч сүүлийн үед хойшлуулна гэх яриа гараад байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дуулгасан зүйл бий юу?

-УИХ-ын дарга шийдвэр гаргаагүй байгаа. Тиймээс одоогоор тодорхой биш байна. Урьдчилсан байдлаар энэ сарын 24-нд гэсэн тов бий. Гэхдээ тухайн өдөр Монголын эдийн засгийн чуулган давхцаж байгаа болон гишүүдийн ирц хэр байх вэ гэдгээс шалтгаална. 

-Хуралдсан тохиолдолд хамгийн түрүүнд төсвийн тодотгол, царцаасан барил­гуудын талаар хэлэлцэх үү?

-Тэгэлгүй яах вэ. Эхний ээлжинд төсвийн тодотголыг хэлэлцэх шаард­лагатай. Мөн урин дулаан цаг ирсэн бо­ло­хоор царцаасан барил­гуу­дын асууд­лыг яаралтай хэлэл­цэн, шийд­вэрлэх зэрэг ажлууд хү­лээгдэж байгаа. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг