Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цэвэрлэх байгууламжийнхан бохирыг гараараа цэвэрлэж байна

Д.Оюун
2014 оны 3 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Техникийн элэгдлээс гадна барилга нь бүхэлдээ нурах аюул нүүрлэжээ

Улаанбаатарыг нэг хэсэг Утаанбаатар хэмээсэн. Харин өдгөө Бохирбаатар болох нь. Төв цэвэрлэх байгууламжийн бетон хийцийн элэгдэл нь хэдийд ч задрахад бэлэн, техникүүд нь элэгдэлд орсноор бохирын том хаягдлыг ажилчид нь гараараа авдаг болжээ.

“Зууны мэдээ” сонин нийслэлийн цэвэрлэх байгууламж тойрсон асуудлуудыг энэ хаврын онцлох сэдэв болгосон. Бид өмнө нь 50 настай Төв цэвэрлэх байгууламжийн талаар уншигч танд хүргэж байсан. Энэ удаагийн дугаарт бодит байдал ямар байгааг сурвалжилснаа хүргэе.

Төв цэвэрлэх байгууламжийн үүдээр ороод л амьсгалахад хүнд байлаа. Гэтэл тэнд ажиллаж байгаа хүмүүс юу ч болоогүй аятай холхиж байгаа харагдав. Төв байгууламжийг шинэчилж сайжруулах саналыг дээд шатны байгууллагуудад хүргүүлсэн аж. Шийдвэрийг зөвхөн тэд гаргах юм.

Хана, тааз нь хэзээ нурахыг мэдэхгүй ч ажилласаар...

Төв цэвэрлэх байгууламжийн албаны инженер Ц.Болд “Манай байгууламж 50 гаруй жил болж байна. Одоо бидний хамгийн их сэтгэл зовниж байгаа зүйл нь хэдийд хот бохиртойгоо холилдох бол гэдэг асуудал. Манай байгууллага хүчин чадлаасаа хэд дахин давсан ачааллаар ажиллаж байна. Гэвч бид элдэв зовлон тоочиж суулгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа” гэсэн юм.

Ц.Болд: Бидний хамгийн их сэтгэл зовниж байгаа зүйл нь хэдийд хот бохиртойгоо холилдох бол гэдэг асуудал.

Төв цэвэрлэх байгууламжийн дунд хэсэгт бидний хэлж заншсанаар оффис нь байрладаг аж. Үүдээр нь оронгуут шилэн самбарын цаана үзүүлэн тавьсан харагдана. Тэрхүү самбарт байгаа бохирын хоолойгоор дамжиж ирдэг хог хаягдлыг харуулжээ. Түүгээр юу эс дамжиж ирдэг болохыг нэг бүрчлэн тайлбарлана гэвэл уншигч та бараг л хоолноос гарах биз ээ.

Байгуулагдсан цагаасаа хойш дорвитой засвар үйлчилгээ хийж байгаагүй. Өөрийн хөрөнгөөр урсгал засвар хийсээр өдийг хүрсэн байна. Ажлын байрны хана, тааз нь хэзээ нураад ирэхийг мэдэхгүй, хэцүү нөхцөлд ажилладгаа ажиллагсад нь дуулгаж байлаа.

Хэдийгээр техникийн эвдрэл гэмтлээ цаг тухайд нь бололцоогоороо хийдэг ч сэлбэг олоход хэцүү болж байгаа аж. Техник нь элэгдэж муудсанаас ихэнхдээ гар ажиллагаа шаарддаг болжээ.

Тухайлбал бохирын эхний дамжлага буюу механик цэвэрлэгээний хэсгийн хамуурт авагдахгүй хаягдлыг гараараа хамж авах нь тэдний ажлын хэвийн нөхцөл гэнэ. Гэвч “хэвийн бус” гэхэд ч дэндэхээр тэдний ажлын нөхцөл нийслэлчүүдийн хөгжлөөс орхигдоод уджээ. Тэд өдөрт 250-500 гр сүүний нормтой.

Улаанбаатар бохир усанд автах вий

Улаанбаатар хот хоногт дунджаар 150 мянган шоо метр усыг олборлодог. Харин цэвэрлэх байгууламж руу цагт дунджаар найман мянган шоо метр ус ирдэг байна. Хэрэв техник нь эвдэрвэл нэг цагийн дотор бохир усанд автах нь хормын төдий хугацаа шаардах нь. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар техникийн шинэчлэл хийхгүй байсаар хотыг бохирт автуулах уу эсвэл даруйхан шинэчлэх үү гэдэг асуудал тулгамдаж буй.

Сараалж нь элэгдсэнээс том хогийг ажилчид нь гараараа авч байна

Төв цэвэрлэх байгууламжийн төслийн хүчин чадал нь 220 мянган шоо метр гэдэг боловч 180 мянган шоо метрээс илүү бохир ус хүлээн авах боломжгүй тухай ахлах инженер Ц.Болд хэлж байлаа. Зөвхөн техникийн шинэчлэл хийхээс гадна, бетон хийцүүд нь бүгд үеэ өнгөрөөсөн байна. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн дүгнэлтээр бетон хийцүүд нь муудсан байгаа тухай ч дуулгав. Муугаар бодоход ганц агааржуулалтын бетон хийц нь задраад уначихвал бохирт автах аюул нүүрлэх аж.

Усны бохирдлын хэмжээ буурч байсан үзүүлэлт байдаггүй байна. Өмнө нь зөвхөн арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд химийн хортой бодис ихээр хэрэглэдэг гэдэг байсан.

Харин сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээндээ ч химийн найрлага өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон байна. Хамгийн их бохирдуулагч нь томоохон хүнсний үйлдвэр, машин угаалгын газар, хэвлэлийн үйлдвэр, машин засварын газрууд аж. Эдгээр газруудаас бохирдуулсны хэрээр нь төлбөр тооцох боломжгүй гэнэ. Учир нь хууль, эрхзүйн орчин бүрдээгүй байна.

Хэдийгээр Ус бохирдуулагчийн тухай хууль байдаг ч журам батлагдаагүйгээс хэрэгждэггүй гэж болно. Хотоос нийлүүлж байгаа бохирыг бүрэн цэвэрлэж чадахгүй байгаагаас үүдэх аюул нь байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж албаныхан хэлж байна.

Бид цахилгааны хомсдолд орж шинээр цахилгаан станц барих гэхээр газар олдохгүй нэлээд олон жилийг үдсэн. Харин цэвэрлэх байгууламжийн тухайд газар нь бэлэн байгааг эрхэм дарга нарт дуулгая.

Магадгүй энэ хэвээр удвал нийслэлчүүд төдийгүй Туул голын сав дагуу байрлах газар нутагт оршин суудаг хүмүүст ч бохирын аюул харанга дэлдсээр байна. Нийслэлчүүд өвөл , хаврын цагт утаанд, зун, намартаа бохирын үнэрт дарлуулах нь хэвийн үзэгдэл мэт болжээ.

Өрийн дарамт тэднийг тойрсонгүй

Санхүүжилтийн тухайд хот, улсаас ганц ч төгрөгийн татаас авдаггүй. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэнэ. Татаасын бодлого хэрэгждэггүй. Нийтийн аж ахуйн салбарт татаасын бодлого байдаг ч цаасан дээр л буужээ.

Төв цэвэрлэх байгууламжид 1999 онд “Жайка”, 2003- 2004 онд Испанийн төсөл хэрэгжсэн байна. Үүнээс хойш тухайн үед засаж сайжруулсан техник, хэрэгсэл нь үеэ өнгөрөөсөн эд болон хувирсан байна. Бусдын нэгэн адил зээл, зээлийн хүүгийн өрийн дарамт ч тэднийг тойроогүй.

Испанийн Засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд тавьж өгсөн насос нь тухайн үедээ сайн ажиллаж байсан. Гэвч урт хугацаанд элэгдэлд орж 70-80 хувь нь эвдэрчээ. Засаж сэлбэх гэхээр манайд сэлбэг нь байхгүй, захиалахаар тухайн улс оронд хэрэглэгдэхээ байсан зэрэг бэрхшээл олон тулгардаг байна. Шинэ цэвэрлэх байгууламж барих газрын асуудалд санаа зовохгүй байж болох аж. Учир нь тэдний баруун талд 50 га талбай байдаг байна.

Бид цахилгааны хомсдолд орж шинээр цахилгаан станц барих гэхээр газар олдохгүй нэлээд олон жилийг үдсэн. Харин цэвэрлэх байгууламжийн тухайд газар нь бэлэн байгааг эрхэм дарга нарт дуулгая.

Үргэлжлэл бий...

Зураг