Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын байлдан дагуулалтанд цаг уур тусалсан гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Америкийн хэсэг эрдэмтэд Монголын төв хэсгийн моддын цагиргийг судалж байгаад Монголчуудын сэргэн мандалтын үе, 1000 гаран жилийн турш дахь хамгийн зөөлөн, чийглэг үетэй давхцаж байсныг илрүүлжээ.

Тэр үед өвс ногоо маш хурдан арвин ургаж, морьдын тэжээл чанартай байж.

Тиймээс ч Чингис хаан Монгол овог аймгуудыг нэгтгэсний дараа өнөөгийн Солонгос, Хятад, Орос, дорнод Европ, Энэтхэг, зүүн өмнөд Азийг хамарсан эзэнт гүрнийг амжилттай байгуулсан гэнэ.

Судалгааны дүгнэлтээр 1180-1190 онуудад маш хахир хатуу цаг уур тохиож байсан гэнэ. Харин Монголчуудын хүчирхэгжсэн 1211-1225 онуудад Монголд урьд өмнө үзэгдээгүй хур бороо сайтай, зөөлөн дулаан цаг агаартай байжээ.

“Хахир хатуу нөхцлөөс урин дулаан цаг уурт шилжих шилжилт нь хүн төрөлхтний амьдралд хүчтэй нөлөөлдөг” гэж Баруун Виржиниагийн Их сургуулийн модны цагираг судлаач эрдэмтэн Эми Хессл AFP агентлагт ярьсан байна.

Ийм цаг уурын таатай нөхцөлд өвс ургамлын гарц өндөр байж энэ нь Монголчуудын гол дайны хэрэгсэл болох морьдын хүчийг нь нэмэгдүүлсэн байх магадлалтай.

Хатагтай Хессл болон түүний хамтран зүтгэгч Колумбын Их сургуулийн Нэйл Педерсон нар Монголд судалгаа хийж яваад Хангайн нуруунд цул хадны завсраар ургасан хэсэг Сибирийн нарс моддыг олжээ.

Ийм нөхцөлд ургасан модод илүү удаан ургаж, цаг уурын өөрчлөлтөнд маш мэдрэмтгий байдаг гэнэ.

Тиймээс эдгээр бүлэг модод дээрх мэдээллийг эрдэмтдэд өгч чадсан ажээ.

Уг моддын насжилт 1100 жилээс дээш байсан ба бүр нэг модны цагираг нь Манай Эриний Өмнөх 650 оноос эхтэйг нь харуулж байсан байна.

Эх сурвалж: BBC