Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэх ажлыг "Слайд" ХХК хийнэ

ikon.mn
2014 оны 3 сарын 7
iKon.MN

- Засгийн газрын 2014.03.07-ны өдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхийг дэмжин Засгийн газрын баталгаа гаргахаар тогтлоо.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоно.

Энэ нь нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоно. Ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцаж, төслийн техникийн шийдэл, програм хангамжийн найдвартай ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хяналт тавина. Харин гүйцтэтгэлийг "Слайд" ХХК гардан хэрэгжүүлэх юм.

Нийслэлд 24 компанийн 1000 орчим том оврын, жижиг оврын 700 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Эдгээрээр үйлчлүүлэх ахмад настан, оюутан, цагдаагийн апбан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог. Жилээс жилд нэмэгдэж буй уг нөхөн олговрыг дээрх дөрвөн бүлгийн бүх иргэн өдөр бүр нийтийн тээврээр зорчино гэсэн тооцооллоор өгдөг ч тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймд нийтийн тээврээр зорчиж буй дээрх иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нөхөн олговрын хэмжээг бодит дүнгээр олговол улсын төсөв дэх нийгмийн халамжийн зардалд хэмнэлт гарна.

Ахмад настан, оюутан, цагдаагийн апбан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог.

Цахим төлбөрийн системийн тусламжтайгаар зорчигчдын тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан чиглэл, цагийн хуваарийн дагуу явж байгааг хянах боломжтой. Автобусны байршил, цагийн хуваарийг иргэдэдгар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэж, бэлэн бусаар төлбөр төлөх зэрэг хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн үйлчилгээ бий болно.

Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нэгж байгууллаа

Ерөнхий Сайд Н. Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын “Синопек” корпорацитай "Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах" тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Манай орны хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн хийн түлш үйлдвэрлэж, дамжуулах хоолойгоор эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, улмаар БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тус санамж бичигт заасан юм.

30 тэрбум ам.доллараар 16 тэрбум м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 үйлдвэр, нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хэд хэдэн цогцолбор байгуулна.

Харилцан мэдээлэл солилцох, газар дээр нь танилцах зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн ба Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлыг цаашид хариуцаж ажиллах төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэлээ.

30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан тус төслийн хүрээнд 16 тэрбум м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 үйлдвэр, нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хэд хэдэн цогцолбор байгуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаанд цогцолборын ТЭЗҮ боловсруулж, цаашид хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шатанд шилжинэ. 2015-2018 онд үйлдвэр болон бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Төслийн бүтээн байгуулалтын үед 40 мянган түражлын байр, үйлдвэр ашиглалтад орсны дараа 10 мянган байнгын ажлын байр бий болохтул боловсон хүчний асуудлыг одооноос анхааралдаа авч, бэлтгэх шаардлагатай.

Хүрэн нүүрсний арвин нөөцөө орчин үеийн өндөр технологиор боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад бодит алхам болно гэж Засгийн газар үзэж байна.

Нүүрс хийжүүлж хийн түлш үйлдвэрлэх технологийг анх 1983 онд АНУ-д үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. БНХАУ-д гэхэд өнөөдрийн байдлаар 1 үйлдвэр ашиглалтад, 12 үйлдвэр баригдах шатандаа байна.


"Монгол цуур” Үндэсний хөтөлбөр баталлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан "Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлаг юм. Ийм ч учраас цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур" үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.

Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсанамьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүнл өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос "Хүннү цуурчдын холбоо" байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэж  байна. Гэвч багш, шавийн тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, санхүүгийн боломж муутай байгаа нь бэрхшээл учруулж байна.

Иймд өнөөдөр баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур" үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.

Энэ урлагийг судалгааны эргэлтэд оруулах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, улмаар хөхиүлэн дэмжих тухай конвенциуд, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно гэж үзэж байна.

Товчхон:

  • Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 3 дугаар сарын 16-21-нд Австралийн холбооны улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг баталлаа. Австрали улс Монгол Улсын "гуравдагч хөрш", Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн нэг болохыг нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг "өргөтгөсөн түншлэлийн" түвшинд хөгжүүлэх, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэхүү айлчлалын зорилго оршино.
  • Монгол Улсад Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг ҮХАА-н сайд Х.Баттулгад оолгохоор тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.