Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхтуяа: Хамгийн орчин үеийн, цөмийн оношлогооны дэвшилтэт аппараттай боллоо

Монголын мэдээ
2014 оны 2 сарын 28
Монголын мэдээ
“Хос толгойт СПЕКТ гамма камер”

- Мэргэжилтний үг -

Манай улс хорт хавдрыг эсийн төвшинд оношилдог боллоо. Улсын I төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг цоо шинэ, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан аппараттай болоод байна. Уг аппаратаар хорт хавдрууд, мэдрэл болон дотоод шүүрлийн гаралтай хавдрууд, яс, үе мөч, зүрх судас, тархины цусан хангамж, эд эсийн бодисын солилцооны өөрчлөлт, элэг, цөс, бөөрний бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтийг молекулын төвшинд оношлох ажээ. Аппаратын нэр нь “Хос толгойт СПЕКТ гамма камер”. Тэгэхээр эмч нар л зургаа уншиж чадаж байвал уг аппарат хүчин чадлаараа хаа ч гологдохгүй юм байна. Уг төслийн нийт санхүүжилт 1.5 тэрбум төгрөг бөгөөд ОУАЭА-гаас тал хувийг нь санхүүжилж байгаа ажээ. Үлдсэнийг нь Ерөнхий сайдын багцаас шийдвэрлэж байгаа гэнэ.
Манай улсын Засгийн газар эмчилгээ оношилгооны зорилгоор гадагшаа явах их урсгалыг бага ч болов сааруулахын тулд орчин үеийн техник, тоног төхөөрөмж оруулж ирэхийн эхлэл уг аппарат болж байгаа юм байна. Манай сурвалжлах хэсэг тус эмнэлэг дээр очиход хариугаа авах гэсэн, оношилгоо хийлгэх гэсэн өвчтөнүүд холхиж байсан. Аппаратны албан ёсны нээлт уржигдар болсон ч гэлээ суурилуулах Унгар мэргэжилтнийг энд байх хугацаанд оношилгоо хийж байгаа нь энэ юм байна. Оношилгооны үр дүн нь ч эхнээсээ харагдаж байгаа юм билээ. Үений хорт хавдартай нэгэн өвчтөний хавдар ясандаа нөлөөлсөн эсэхийг мэдэхгүй байсныг уг аппаратны тусламжтайгаар оношилж чадсан гэсэн. Энэ мэтчилэн өндөр технологийн шинэ аппарат өгөөжөө өгч эхэлжээ.Ингээд Улсын I төв эмнэлгийн Дүрслэх оношилгооны төв, Цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Б.Энхтуяатай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс хорт хавдрыг эсийн төвшинд оношилдог цоо шинэ, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан аппараттай боллоо. Энэ талаар тодруулаач?

-Олон улсын Атомын энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны “Монгол Улсад цөмийн оношилгоо хөгжүүлэх, сайжруулах СПЕКТ/СТ аппарат нэвтрүүлэх” төсөл хэрэгжиж байгаа юм. Уг төслийн хүрээнд манай улс анх удаа “Хос толгойт СПЕКТ гамма камер”-тай боллоо. Тус аппаратны албан ёсны нээлт 2014 оны хоёрдугаар сарын 24-нд болсон.

 Бамбай, ясны хавдар, зүрх судасны эмгэгүүдийг эд эсийн төвшинд оношлох боломжтой.

Уг аппаратыг авахад маш их дэмжлэг үзүүлж ажилласан Цөмийн энергийн газар, мөн тус газрын дарга Н.Тэгшбаярт баярлалаа гэж хэлмээр байна. Уг аппарат Унгарын “Mediso” брэндийнх. Эм, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг уг брэндийн аппарат, тоног төхөөрөмжийг дэлхийн хөгжингүй орнуудад өргөнөөр ашигладаг. Хамгийн орчин үеийн, цөмийн оношилгооны дэвшилтэт аппараттай боллоо гэсэн үг.

-Ямар өвчнийг голлон оношлох вэ?

-Голчлон эрхтэн системүүдийн үйл ажиллагааны тухай болон эмгэгүүдийг байршлыг тодорхойлно. Хамгийн гол оношилгоо нь мэдээж хэрэг хорт хавдрууд. Түүн дотроо дотоод шүүрлийн гаралтай хорт хавдар. Үүнийг одоогоор Монголд эмчлэх, оношлох боломж бага байгаа. Түүнчлэн бамбай, ясны хавдар, зүрх судасны эмгэгүүдийг эд эсийн төвшинд оношлох боломжтой. Бас нэг гол зүйл бол мэдрэлийн системийн эмгэгүүд. Тархины гаралтай унах, татах өвчин, тэнэгрэлийг ялгаж оношлох боломжтой.

Хамгийн гол оношилгоо нь хорт хавдрууд.

-Манайд байдаг бусад аппаратаас ямар давуу талтай вэ?

-Гурван тэнхлэгээр зүслэг хийж үздэг. Зүрхэн дээр л гэхэд зүрхний булчингийн хана, зүүн ховдлын хануудыг гурван тэнхлэгээр зүсч үздэг. Ингээд аль судсан дээр эмгэг байна вэ гэдгийг ялган оношлох боломжтой. Зүрх судасны нарийслыг эрт оношилж болно. Манай эмнэлэг дээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын донорын эрхтнийг судлах, эрхтний үйл ажиллагааг хянах зэргээр уг аппаратыг ашиглаж болно.

Үе шилжүүлэн суулгах хагалгаатай холбогдуулан шилжүүлэн суулгасан үений ясны байдлыг хянах гэхчилэн маш олон чухал ач холбогдолтой. Манайд өмнө нь нэг толгойтой СПЕК аппаратыг хэрэглэдэг байсан. Одоо уг аппарат дээр нэмэлтээр компьютер томографи суурилуулна. Ингэснээр хосолмол техникийн аппараттай болно гэсэн үг. Ийм аппарат хоёр өөр төрлийн шинжилгээг нэг дор авах боломжтой болох юм. Тасгийн эрхлэгч ийн ярилаа.

Тэгэхээр камер нь бэлэн байна. Одоо процессороо авчирч суулгаад л иж бүрэн шинжилгээ хийх боломжтой ажээ. Тухайн өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай бол уг аппаратаар оношлуулж болох юм билээ. Үйлчилгээний төлбөрийн хувьд харьцангуй боломжийн. Ямар оношилгоо хийлгэж байгаагаасаа хамаарч 20-70 мянган төгрөг төлөх юм гэсэн. Нэг удаа оношлуулахад ямар өвчнөөсөө хамаарч доод тал нь 15 минут болох юм билээ.

Харин оношилгоонд орох гэж байгаа хүмүүс юу үзүүлэх гэж байгаагаасаа хамаараад харилцан адилгүй дэг барих ажээ. Бөөрний оношилгоонд орлоо гэхэд аппаратад орохоосоо нэг цагийн өмнө 0.5-1 литр шингэн зүйл уусан байх ёстой гэнэ. Элэг цөсний шинжилгээнд орох бол өлөн байх, зүрхний шинжилгээнд орох хүн тодорхой нэр заасан эмийг 2448 цагийн дотор хэрэглээгүй байх зэрэг анхаарах зүйлүүд байдаг ажээ.

Энэхүү аппаратыг Индонез, Малайз, Филиппин, Вьетнам, Бангладеш гэхчилэн Азийн орнуудаас гадна Европийн улс орны эмнэлэгийн салбарт хэрэглэдэг байна. Уг аппарат дээр ажиллах эмч нар Англи, Австрали зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд энэ үедээ "Mediso" брэндийн аппаратыг өргөнөөр хэрэглэж байсан гэнэ.

Зураг