Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт Төлбөрийн тэнцлийн 2013 оны 4 улирлын гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая доллар болж буурчээ.
2011 онд 4 тэрбум 714 сая, 2012 онд 4 тэрбум 451 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан юм. Өнгөрсөн онд ГШХО 2 тэрбум 411 сая доллар буюу өмнөх оныхоос 54.1%-иар буурсан байна.
2013 оны эхний 3 улирлын байдлаар ГШХО 51.6%-иар буурсан дүнтэй байв. Эхний 3 улиралд сар бүр дунджаар 221 сая долларын ГШХО орж байжээ. Харин 4 дүгээр улиралд сард дунджаар 66.3 сая доллар болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 3 сарын ГХШО-ын хэмжээ эхний 9 сарынхаас буурсан дүнтэй байгаа юм.
Мөн Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 3.155 сая долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 206.7 сая доллараар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 15%-иар буурч, 1,314.5 сая доллар, үйлчилгээний худалдааны алдагдал 19%-иар өсч, 1313 сая доллар, орлогын дансны алдагдал 29%-иар буурч 670.3 сая доллар, урсгал шилжүүлэг 40%-иар буурч, 142.7 сая ам.долларт хүрсэн нь тус тус нөлөөлсөн хэмээн Монголбанкнаас мэдээлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!