Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын ялгуусан ялалт, талбайн эздийн бүтэлгүйтэл болон бусад...

CSPORTS team
2014 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Канадын шигшээ баг

Дөрвөн жилийн өмнө нутгийн дэвжээндээ асар их дарамт, тогтворгүй тоглолт, оддынхоо муу форм зэргийг даван дийлж түрүүлж байсан Канадын шигшээ баг энэ удаад зөвхөн аваргаа хамгаалах итгэл төгс Сочид ирсэн юм.

Үнэндээ ч Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнийг харахад л, дасгалжуулагчдын багийнх нь гуншинг сонсоход л сүрдмээр буюу бараг төгс гэмээр баг бүрэлдсэн байлаа.

Өнөө цагийн хамгийн шилдэг хоккейчин Сидни Кросбигоор тэргүүлүүлсэн довтолгооны шугамд нь лигийн онооны жагсаалтын топ 20-д бичигдэж буй тоглогчдын 11 нь багтсан байв.

Гэхдээ үүнээс хамгийн чухал нь хамгаалалтанд нь ч лигийн хамгийн шилдэгт тооцогдож буй Ш.Уэбэр, Д.Доути, Д.Кэйт зэрэг кареерынхаа оргил үедээ ирж буй тоглогчид байсан юм. Хамгаалалтын тогтвортой болон идэвхтэй тоглолтоороо тэд бүх тэмцээний турш 3хан гоол алдсныг энд онцлох хэрэгтэй. Дээрээс нь хамгаалагчид нь довтлогоонд дээд зэргийн үр бүтээлтэй тоглож, багийнхаа нийт оруулсан 16 гоолын 7-г нь оруулжээ.

Дасгалжуулагч М.Бэбкок ч удаан хугацааны турш багаа янз бүрээр туршиж, олон төрлийн тактикийн сонголтуудаас хамгийн зөвийг нь зөв үед нь гаргаж чадснаар тэд энэ тэмцээнд олны таамаглаж байснаас хавьгүй амархан түрүүлж чадлаа. NHL-д дасгалжуулдаг Детройт нь швед тоглогчид дээр суурилдаг, тэдний стилийг хэнээс ч илүү сайн мэдэх давуу талаа хангалттай сайн ашиглаж чадсан М.Бэбкокт алга ташин баяр хүргэх хэрэгтэй.

Мөнхийн өрсөлдөгч, 4 жилийн финалд таарч, нэмэлт цагт хожиж байсан АНУ-ын шигшээ багийг хагас шигшээд буулгаж аван, дэлхийн аварга цолыг эзэмшигч Шведийн багийг финалд 3:0-ээр бут ниргэж 9 дэх удаагаа олимпийн аварга болсон нь энэ байлаа. Тэд ЗХУ-ын шигшээ багийн 1984-1992 оны амжилтаас хойш аваргаа хамгаалсан анхны баг болсон нь энэ юм.

Тэмцээний турш нэг ч гоол оруулж чадаагүй байсан ахлагч С.Кросби болон тогтворгүй тоглож байна гэж шүүмжлүүлж байсан дэд ахлагч Ж.Тоевс нар яг л хэрэгтэй үедээ буюу финалд гоол оруулж ямар өндөр зэрэглэлийн тоглогчид вэ гэдгээ харууллаа. Энэ 2 хоккейчин 2-уул  Ванкуверийн финалд мөн гоол оруулж байлаа. Тус тусын багаа чирсээр Стэнлийн цомыг хүртэж байсан тэд лидерүүд яаж тоглох ёстой вэ гэдгийг олон хүнд харуулсан байх.

Тэрчлэн тэмцээний шилдэг хаалгачаар нэрлэгдсэн К.Прайс АНУ, Шведийн багийн эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлсээр нийт 55 цохилтыг хамгаалан, нэг ч гоолыг алдсангүй. 1998 онд домогт Д.Хашек финалд гоол алдаагүйгээс хойш ийм амжилт хийсэн анхны хаалгач нь тэр болов.

Мөнгөн медалийг хүртсэн Шведийн багт өөрсдийгөө өмгөөлөх олон шалтаг бий. Багийн топ 5 довтлогчдынх нь 3 нь гэмтлийн улмаас энэ тэмцээнд оролцоогүй. Х.Седин, И.Францен болон Х.Зеттерберг нарыг ямар ч баг үгүйлэх нь тодорхой. Гэсэн ч Шведүүд финал хүртэл огтхон ч тэднээр дутаагүй мэт тоглосоор ирсэн.

Харамсалтай нь багийн хамгийн шилдэг төвийн довтлогч Н.Бакстром нь финалын тоглолтонд оролцоогүй нь тэдэнд хэтэрхий хүндээр туслаа.

Бакстромгүй болсноор тэд ердөө 3хан цэвэр төвийн довтлогчтой болж, улмаар довтлогооны шугамууддаа хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийх хэрэг гарсан юм.

Тоглогчид нь үүнд бэлэн байж чадсангүй. Эрик Карлссон яагаад өөрийг нь дэлхийн хамгийн сайн довтлогоотой хамгаалагч вэ гэж үнэлдгийг энэ удаад батлан харууллаа.

Түүнд шилдэг хамгаалагчийн шагналыг өгсөн нь ч нүдээ олсон шагнал байлаа.  Үргэлж топ хаалгач хэмээн үнэлэгддэг ч энэ улиралд Рэйнжэрсийн бүрэлдэхүүнд тийм ч сайн формтой байгаагүй Х.Лундквист хаалган дээр сайн тоглож, өөрийнхөө нэр төрийг аварч гарлаа. Хүнээр илүү болсон үед түүнээс аюултай тоглогч энэ тэмцээнд аль ч багт байсангүй.

Шведийн багийн зохион байгуулалт, багийн тоглолт нь энэ тэмцээнд хамгийн үлгэр жишээ байсныг магтах хэрэгтэй. Гэмтэл бэртэл бас л том шалтаг шүү.

Скандинавын хойгийн өөр нэг баг Финляндын амжилтыг энд заавал магтан дуулах хэрэгтэй. Бүрэлдэхүүнийнх нь 22 тоглогчийн 10 нь Европт тоглодог хэрнээ нэг ч тоглогч нь 20-оос илүү, 10-аас дотогш минут талбайд гараагүй нь дасгалжуулагчдын багийн гайхалтай зохицуулалтын үр дүн мэт.

Шүүмжлэгчид 2 өөр тоглолтын стил хоорондоо хэрхэн зохицох бол гэж болгоомжилж байсан ч хамгаалалтыг эрхэмлэсэн, сайтар зохион байгуулалттай суоми философи бүх тоглогчдод нь хэзээ ч арилахааргүй бат суусан байсан нь эхний тоглолтоос л харагдсан юм.  

М.Койву, С.Койву болон В.Фиппула зэрэг топ төвийн тоглогчдыг нь орлон ирсэн залуу тоглогчид нь NHL-д тоглодоггүй хэрнээ дэлхийн шилдэг хамгаалагчдын эсрэг баатарлаг тулаан үзүүлсээр байв.

Хамгийн сахилга баттай буюу хамгийн цөөн минутын торгууль хүлээсэн баг тэд чухам энэ давуу талаа ашигласаар хагас шигшээд шалгарсан юм. ОХУ, АНУ-ын эсрэг эрэлхэг тоглолтыг үзүүлж, ганцхан гоолыг алдсан хаалгач Т.Раск өөрийгөө өнөө цагийн дэлхийн №1 хаалгач гэдгээ батлан харуулж чадлаа. Хагас шигшээ хүрэх замдаа ОХУ-ын багийг илт давуу буулгаж авсныг энд онцлох хэрэгтэй.

Гэсэн ч сүүлийн үед, ялангуяа олимпийн дэвжээнээ дийлэхгүй байгаа Шведүүдээ ялж чадсангүй. Тэмцээний шилдгээр нэрлэгдсэн, 6 дахь олимпдоо оролцсон Теему Селанняг энд онцлох хэрэгтэй. Тэр үнэхээр лидер байж, өөрийгөө хожмоо домог хэмээн дуурсагдах эрхтэй нэгэн гэдгийг энд батлан харуулж чадлаа.

АНУ-ын багийн хувьд медаль хүртэнэ гэдэг бодит зорилго нь байсан хэдий ч 4 жилийн өмнө авсан мөнгөн медалийн өнгөө өөрчлөх битүүхэн зорилго байсан нь тодорхой. Гэвч хэрэгтэй үед хурд, хүчээрээ гайхагддаг довтлогчид нь нэг л ажиллаж өгсөнгүй. Ялангуяа тэмцээний шилдэг довтлогч Фил Кессель болон том тоглолтын одтой Патрик Кэйн нарыг тэсрэх нь үү гэж “сэм авгынхан” их л харсан нь лавтай.

Хэсгийн шатанд ОХУ-ын багийг буулгаж авсан шиг эрчтэй, хурдтай тоглолтыг тэд хамгийн чухал үедээ гаргаж чадсангүй. Тэдний эсрэг Канад, Финляндын ашигласан тактик ийм байдалд хүргэсэн байж болох ч ингэнэ гэдгийг АНУ-ын баг хэнээс ч илүү сайн мэдэж байсан байж таараа. Бие биенээ нөхөж чадах хамгаалагчдын нөөц бага байсан учраас зарим тоглогчид нь 30-аас их минут талбайд тогтмол гарч байсан нь сүүл хэсэгт ихээхэн нөлөөлөв.

Ач холбогдол багатай тоглолтонд тоглогчдын цагаа зөв зохицуулж чадалгүй тэмцээний эхнээс л шуурчихсан Америкчууд тэмцээний төгсгөл хэсэгт ядарч суусан нь энэ байв.

Аргагүй шүү дээ, бүх тоглогчид нь NHL-д тус тусын багаа чирж, долоо хоногт 3-4 тоглолт хийж байгаад ирсэн юм чинь! Тэмцээний хамгийн сайн довтлогоотой багуудын нэгт нэрлэгдэж байсан, хэсгийн шатны хамгийн сайн формтой байсан баг сүүлийн 2 тоглолтдоо нэг ч гоол оруулж чадаагүй гэхэд итгэхэд ч хүнд юм.

Талбайн эздийн хувьд ярих ч юм байхгүй харамсалтай тэмцээн болж өнгөрлөө. Дасгалжуулагч З.Билялетдиновын “хулчгар” тактикийн сонголтууд, 2 өөр стилийн хэв маягтай тоглогчдын нягтарч нэгдэж чадаагүй нь, үүнээс гадна хэвлэл мэдээлэл, фанатуудаас ирсэн асар их дарамт тэдэнд нөлөөлсөн нь гарцаагүй. Дээрээс нь хүнд үед багаа манлайлан чирэх учиртай Александр Овечкин, Евгени Малкин нар нь хаа байсан нь мэдэгдэхгүй гэмээр тоглолтыг үзүүлж, олон хүнийг ичээв.

Овечкин 24 цохилтоос ганцхан гоол оруулсныг нь бүтэлгүйтэл гэж нэрлэхгүй бол өөр юуг тэгж нэрлэж болох? Е.Малкин, И.Ковальчук нийлээд нийлээд 3хан оноог авсанд нь гутамшигтай гэхээс өөр үг үл тохирох мэт. Дасгалжуулагч ч гэсэн 1-р тавт нь хамтдаа гар нийлж чадахгүй байхад л тавтыг нь солихгүй олон хүнийг бухимдуулав. Ф

инляндад хожигдож байхдаа хүртэл арга барилаа нэг ч солих гэж оролдсонгүй. Тоглогчид нь ч гэсэн Холливудын киноны гол баатар шиг бүгдийг нуруундаа үүрэх гэж хэт хичээж, тэр бүртээ бүтэлгүйтэж байсан нь Норвеги, Словентэй хийсэн тоглолтонд яаж зовж ялалт авснаас харагдана.

Жилд хамгийн багадаа 7 оронтой хэмжээний цалин авдаг тоглогчид нь сэтгэл зүйн дарамтыг мэдэрдэг үеийг хэзээний даван туулчихсан мэргэжлийн тамирчид баймаар. Оросуудын хувьд хамгийн найдлага тавьж байсан төрөл нь ийн өндөрлөсөн нь юунаас ч илүү харамсалтай байсан биз ээ.

Бусад багуудын тухайд Швейцарийг эс тооцвол бусад нь хэмжээндээ тоглосон гэж хэлж болно. Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, финал хүрэх замдаа хамаг томчуудыг сөхрүүлж сэнхэрч явсан Швейцарьчууд Латвийг дийлсэнгүй. Хэдийгээр Ж.Хиллер хаалган дээр бат зогсож 2 ч удаа хоосон манасан ч довтлогчид нь ажлаа хийж чадсангүй. Мөнхийн залуу Я.Яграар тэргүүлүүлсэн Чехийн шигшээгийн шилжилтийн үе одоог хүртэл дуусаагүй л байна.

Гол лидер М.Габорик нь ирээгүй гэдэг мэдээнээс л хамаг найдвараа алдсан Словакчуудын уналтын үе одоо л эхэлж байна уу гэлтэй.

Баффалогийн дасгалжуулагч Тед Нолэн чадварлаг дасгалжуулагч даруухан Латвийн хэмжээний багийг ямар өндөр түвшинд аваачиж чаддагийг харуулав. Австри, Норвегийн шигшээгийн тоглолтууд Европын дундаж зэрэглэлийн багуудын зэрэглэл ямар сайжирч байгааг бидэнд илтгэв. Тивийн Хоккейн лиг томорч, цар хүрээгээ тэлснээр бусад багуудад авчрах үр дүн багаар ч гэсэн одооноос гарч байгаа юм уу гэмээр. Гэхдээ гол ашгийг хүртэх ёстой “ах нарт” тэр нь хүрсэнгүй.

Юутай ч Канадын шигшээ баг энэ тэмцээнд алтан медаль хүртэх эрхтэй баг нь байж, түүнийгээ ч биелүүлж, аварга цолоо хамгаалж чадлаа. Энэ багийн цөм нь угаас хадгалагдах нь тодорхой учраас 4 жилийн дараа Канадчууд ахиад түрүүлнэ гээд зогсож байх нь тодорхой. Тэр үед Швед, АНУ, мөн ОХУ-ын багууд хэрхэн өөрсдийгөө бэлтгэхийг харж сууя. Дараа жилийн наадам даанч хол байна даа. 

СОЧИ 2014 ОЛИМПИЙН НААДМЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

  1. КАНАД
  2. ШВЕД
  3. ФИНЛЯНД
  4. АНУ
  5. ОХУ
  6. ЧЕХ
  7. СЛОВЕН
  8. ЛАТВИ
  9. ШВЕЙЦАРЬ
  10. АВСТРИ
  11. СЛОВАК
  12. НОРВЕГИ

Тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч: Т.Селання /Финлянд/
Тэмцээний шилдэг хаалгач: К.Прайс /Канад/
Тэмцээний шилдэг хамгаалагч: Э.Карлссон /Швед/
Тэмцээний шилдэг довтлогч: Ф.Кессель /АНУ