Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИХ ТУЛААНЫ ӨМНӨ!

ikon.mn
2014 оны 2 сарын 14
iKon.MN

Олимпийн наадмын хамгийн сонирхолтой, хамгийн их үзэгчтэй төрөлд зүй ёсоор тооцогдох эрэгтэйчүүдийн хоккейн төрлийн тоглолтууд эхэлж байна.

Ихэнх тоглогчдын харьяалагддаг Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн завсарлагаас шалтгаалан тамирчид 2-3 өдрийн өмнө Сочид ирж, шигшээ багтайгаа нэгдээд байгаа юм.

Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 12 баг энэ удаагийн олимпийн наадамд 3 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Хэсэгтээ багууд 3 тоглолт хийх бөгөөд хожсон баг 3 оноо, нэмэлт цагт хожсон баг 2 оноо, нэмэлт цагт хожигдсон баг 1 оноо, хожигдсон баг 0 оноо авах зарчмаар тэмцээн үргэлжилнэ. Улмаар багууд хэсгийн тоглолтоо дууссаны дараа бүгдийг нь оноогоор жагсаах бөгөөд хамгийн өндөр оноо цуглуулсан 4 баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд авах учиртай. Харин үлдсэн 8 баг шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө тэгшитгэлийн тоглолтыг хийх юм. Багууд энэ шатнаас эхлэн хасагдах журмаар тоглох бөгөөд олимпийн аварга 2-р сарын 23-ний өдөр тодрох юм.

CSPORTS SOCHI SPECIAL та бүхэнд хэсгийн оноолтууд болон багийн товч танилцуулгыг хүргэж байна.

А хэсэг:

ОХУ

Гол тоглогчид: А.Овечкин, И.Ковальчук, Е.Малкин, С.Варламов, П.Дацюк

ОХУ

Талбайн эзэн Оросын шигшээ баг 1980 оны олимпийн финалд хожигдсон хариугаа АНУ-ын багаас авахыг хүсч байгаа нь тодорхой. Хожим энэ түүхээр Холливудад кино хийгдсэн нь ихээхэн амжилтыг олсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Оросын баг 4 жилийн өмнө Канадын багт 7:3-аар хожигдож медалиас мултарч байсан гашуун туршлагаа мартаагүй байгаа тул талбайдаа хүчтэй дайралтыг хийх нь тодорхой. Энэ тэмцээнд оролцож байгаа бусад ямар ч багийн эхний 2 тавтад орох бүрэн боломжтой А.Овечкин, Е.Малкин, И.Ковальчук, П.Дацюк тэргүүтэй Оросын багт ямар ч багийн атаархлыг төрүүлэм бүрэлдэхүүн, энэ жил маш сайн формтой байгаа хаалгач С.Варламов, туршлагатай-чадварлаг дасгалжуулагчдын баг болон хамгийн гол нь талбай дээрээ тоглож буй давуу тал байна.  

Талбайдаа, хэдэн мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглолт хийх нь нөгөө талаараа дарамт болж болох юм. Олимпийн наадамд анх удаа оролцож буй 16 тоглогч, түүний дотор хаалгачид болох С.Бобровски, С.Варламов нар, сэтгэл зүйн дарамтыг тэсвэрлэнэ гэдэг хүндхэн даалгавартай тулгарах нь зайлшгүй.

Хамгаалалтын 8 тоглогчдынх нь 7 нь солгой барилттай байгаа нь мөн нэг сул тал хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэхдээ хамгаалалтын 3 хослол нь NHL-д ч нэг багт тоглодог /Монреалын А.Марков, А.Эмелин, Коламбусын Ф.Тютин, Н.Никутин, АК Барсын И.Никулин, Е.Медведев/ байгаа нь дасгалжуулагч З.Билялетдиновын даалгаврыг хөнгөвчилж өгөх биз ээ. Мөн лигийн 14 тоглолтыг өнжсөн Детройтын од П.Дацюк маш хурдан формондоо орох шаардлагатай юм.

Словак

Гол тоглогчид: З.Хара, М.Хосса, Я.Халак

Словак

Багийн лидер Мариан Габорикоо гэмтлийн улмаас алдаад буй Словакийн шигшээг ч тооцооноос хасч болохгүй.

Тэд Ванкуверт Шведийн багийг мулталж хагас шигшээд шалгарч байсныг санах хэрэгтэй. З.Хара, А.Месзарос гэсэн лигийн шилдэг 2 хамгаалагчийг зогсоосон, дээрээс нь хаалган дээр 2010 оны Ванкуверийн олимпод 90 хувийн хаалтыг үзүүлж байсан Сэйнт Луйсийн Я.Халакийг авчирсан Словакийн хаалганд гоол оруулах тийм ч амар байхгүй нь тодорхой.

Лигийн хамгийн шилдэг довтлогчдын нэгт зүй ёсоор тооцогдох М.Хоссатай хамт энэ жил Детройтод тэсрэлт хийж буй залуу тоглогч Т.Татар довтлогооны гол тоглогчдод тооцогдож байна. Тэрчлэн М.Хандзуш, Т.Копецки нарын туршлагатай тоглогчид ч тэдэнд цөөнгүй бий. Оролцсон тэмцээн бүртээ л “битүү морьд” хэмээн нэрлэгддэг Словакийн шигшээ топ багуудын хэнийг нь ч хожих боломжтой.

АНУ

Гол тоглогчид: З.Паризе, Р.Сатер, Р.Миллер, П.Кэйн

Америк

2010 онд мөнгөн медаль хүртсэн АНУ-ын баг энэ хэсгийн тэргүүн байрын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх нь тодорхой.

1-р хаалгачийн асуудлаа шийдчихвэл медалийн төлөө ч өрсөлдөх боломж маш өндөр.  Ванкуверт MVP хүртсэн Баффологийн Р.Миллер болон сүүлийн жилүүдэд плэйоффт тогтмол сайн тоглож буй Кингзийн Ж.Куик нарын нэгээс дасгалжуулагч Д.Билсма сонголт хийх болов уу. Миллерийн хувьд 2011 оноос хойш плэйоффт тоглоогүй гэдэг нь сул тал болж болох юм. Үүнтэй адилаар Куикд олон улсын туршлага бараг байхгүй. Гэхдээ 3-р хаалгачаар сонгогдсон Детройтын Ж.Ховард ч маш сайн сэлгээ байж чадна.

2013 оны ДАШТ-ээс хүрэл медаль авсан багийн 3хан тоглогч энэ багт байгаа хэдий ч 4 жилийн өмнөх олимпийн мөнгөн медальт багаас 14 хүн эргэж ирсэн байна. Вайлдын ахлагч З.Паризе, Чикаогийн од П.Кэйн болон Блюзийн лидер Д.Бэйкс нар эхний тавтыг бүрдүүлэх болов уу. Гагцхүү АНУ-ын шигшээгийн төвийн довтлогооны шугам хамгийн сул талд тооцогдож байгаа юм. Р.Кеслер, Д.Стефан болон П.Штасны нар энэ зайг нөхөх болов уу. Америкийн багийн хамгаалагчдын 6 нь анх удаа олимпийн дэвжээнээ гарах хэдий ч хурдтай, довтлогооны ур чадвар сайтай К.Шатенкирк, Ж.Карлсон тэргүүтэй тоглогчид байгааг онцлох хэрэгтэй.

Словени

Гол тоглогч: А.Копитар

Словени

 

Словений шигшээ багийн тухайд анх удаагаа олимпийн наадамд оролцож байгаа нь л медаль хүртсэнтэй дүйцсэн амжилт болох биз ээ.

NHL-д тоглодог ганц легионер А.Копитар нь ганцаардах магадлал өндөр. Чансааны 17-д бичигдэж буй тэд Дани, Беларус, Украйны багуудыг хожин Сочид иржээ.

В хэсэг:

Финлянд

Гол тоглогчид: Т.Раск, Т.Селянне, С.Сало, А.Барков

Финланд

 

Канадтай хэсгийн тэргүүн байрын төлөөх гол өрсөлдөөнийг хамгаалалтын мастерууд гэгддэг Финляндын шигшээ баг үзүүлэх болно.

Сочид ирсэн багуудаас хамгийн сайн хаалгачидтай баг нь яах аргагүй суомичууд. Харамсалтай нь лигийн хамгийн өндөр үзүүлэлттэй хаалгачид болох Т.Раск, А.Ниеми болон К.Лехтонен нараас ердөө ганц нь л талбайд гарах боломжтой юм. Статистик үзүүлэлтээс харвал лигийг хаалтаараа тэргүүлж буй Бостоны Туукка Раск гараанд гарах байх.

Багийн хамгийн туршлагатай тоглогчид болох М.Койву болон В.Фипулла нар гэмтлийн улмаас Сочид ирээгүй нь тэдний хүчийг мэдэгдэхүйц сулруулсан. Гэсэн ч энэ жилийн рүүки А.Барков, О.Маатта нар дэлхий нийтэд өөрсдийн нэрийг сонсгохыг хүсч, ид ирэндээ ирээд байна. Хэрвээ энэ тэмцээнд хамгийн гялалзах магадлалтай рүүки тоглогчийг нэрлэ гэвэл эргэлзээгүй энэ 2 залуугийн нэгийг нэрлэх байлаа. Барковын хувьд О.Иокинен, М.Гранлунд нартай 2-р тавтад тоглох магадлалтай бол лигийн ирээдүйн топ хамгаалагч гэж үнэлэгдэж буй О.Маатта хамгаалалтын лидерүүд Флайрзын К.Тимонен,Тампагийн С.Сало нарт хүч нэмэх учиртай юм.

Энд NHL-д тоглож буй хамгийн туршлагатай тоглогчдын нэг Теему Селяннег онцлох хэрэгтэй. Анахэймийн амьд домог тэрээр 1994 оноос хойш 6 дахь олимпдоо оролцох гэж байна. Түүний нөр их туршлага харьцангуй залуужсан багт их хэрэг болох нь гарцаагүй. Хамгийн сайн хаалгачидтай баг медаль хүрдгийг түүх бидэнд харуулдаг. Энэ дүрэм биелнэ гэвэл Финляндчууд медалийн төлөө хүчтэй өрсөлдөх биз ээ.

Канад

Гол тоглогчид: С.Кросби, Ж.Тоевс, Д.Кэйт, М.Душене

Канад

 

4 жилийн өмнө нутагтаа асар их дарамтан дор тоглож олимпийн наадмын алтан медалийг хүртсэн Канадын багаас фенүүд нь аваргаа хамгаалахаас өөр амжилт хүсэхгүй байгаа нь тодорхой.

Багийн ахлагч Сидни Кросби нь ч өнгөрсөн улирлуудад авсан гэмтлээ эдгээн, ид формдоо орж байгаа нь тэдний хувьд сайн мэдээ болсон нь гарцаагүй. Ванкуверийн олимпод аваргалсан багаас нийт 11 тоглогч  энэ жил эргэн ирж байгаа бөгөөд шинээр нэмэгдсэн тоглогчид дунд лигийн залуу одод М.Душене, Ж.Бенн болон Ж.Таварез нар багтаж байгаа юм. Канадын довтлогооны шугам энд хамгийн хүчтэйд тооцогдоно.

NHL-ийн мэргэн буучдын жагсаалтын эхний 25-д бичигдэж байгаа хоккейчдоос 11 нь агч навчтнуудын нэрийн өмнөөс тоглоно гэж бодохоор сүрдэхээс ч аргагүй юм.

Хэдхэн хоногийн өмнө Тампа Бэй-ийн лидер Стивэн Стамкос гэмтлийн улмаас Сочиг зорих боломжгүй болсон нь маш том гарз болсон нь гарцаагүй.

Гэхдээ түүнийг орлох тоглогч нь лигийн онооны лидерээр 2 ч удаа тодорч байсан Мартин Сан Луй байгаа нь Канадын багийн нөөц ямар сайн гэдгийг бэлхэнээ харуулж байна.

2010 онд аваргалсан багийн гол хамгаалагчид болох Ш.Вебер, Д.Доути болон Д.Кэйт нар хамгаалалтын ихэнх хүнд ачааг нуруундаа үүрэх нь тодорхой. Сэйнт Луйс Блюзийн хослол Ж.Боувмийстер болон А.Пиетранжело нар 3-р тавтад гарах болов уу. Тэрчлэн лигийн цөөхөн өнгөт арьст тоглогчдын нэг П.Суббан эхний 2 тавтын нэгт багтах нь тодорхой юм. Тэрээр хамгаалагчид дундаа оноогоороо 5-р байрт бичигдэж байгаа билээ.

Хоккейн эх орныхны хамгийн санаа зовоож буй асуудал нь хаалгачийн асуудал байна.

Роберт Луонго гэдэг нэрийг хараад л ямар ч дасгалжуулагч түүнийг гараанд гаргах хэдий ч одоогийн форм нь зарим нэг эргэлзээг төрүүлэхэд хүргэж байна. Олимпийн завсарлагаас өмнөх 6 тоглолонд хамгийн багадаа 3 гоолыг алдаж байсан түүний өрсөлдөгч К.Прайс нь энд ирсэн хаалгачдаас хаалтын хувиараа 2-т бичигдэж байгаа юм.

Ялангуяа сүүлийн 6 тоглолтонд 7 гоол алдаж, 2 ч удаа буллит цохилтыг хамгаалжээ. Класс уу, форм уу гэдэг асуулт энд гарч ирж байна.  Дасгалжуулагч М.Бэбкок оддын цуглуулгаа хэрхэн удирдаж чадахаас тэдний ямар медаль хүртэх нь тодорхойлогдоно гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

Норвеги

Гол тоглогч: М.Зуккарело

Норвеги

 

Норвеги 4 жилийн өмнө бүх тоглолтондоо хожигдож байсан амжилтаа ахиулах магадлал тун бага харагдаж байна. Ингэхийн тулд тэд Австрийн шигшээтэй сайн тоглох хэрэгтэй. Рэйнжэрсийг энэ улиралд оноогоор тэргүүлж байгаа Матс Зуккарелогоос тэдний амжилт шууд хамаарна.

Австри

Гол тоглогчид: Т.Ванек, М.Грабнер

Австри

 

Нью Йоркийн өөр нэг баг Айландерсийн хослол Томаш Ванек болон Михайл Грабнер нарын хэрхэн тоглохоос энэ хэсгийн өөр нэг оутсайдер Австрийн багийн ирээдүй хамаарна. Багийн 25 тоглогчийн 16 нь дотоодын лигтээ тоглодог бөгөөд бүрэлдэхүүнд нь Шведийн 2-р лигт ч тоглодог тоглогч хүртэл багтжээ. Норвегийн багтай хийх тоглолт финалын тоглолт мэт байх болов уу.

С хэсэг:

Чех

Гол тоглогчид: О.Павелец, Я.Ягр, Д.Крэйчи

Чех

 

Хашир бурхи Я.Ягрыг эгнээндээ нэгтгэсэн Чехийн баг хэзээд хүчтэй өрсөлдөгч байдаг.

2010 оны олимп, 2013 оны ДАШТ-ийг эс тооцвол тэд тогтмол медалийн төлөө өрсөлдсөн. Тэдний гол давуу тал нь М.Ханзал, хамгаалалтанд маш идэвхтэй Т.Плеканек болон Бостоны “даруухан” лидер Д.Крэйчи нарын төвийн довтлогчид нь байх нь тодорхой. Тэднээс гадна лигийн шилдэг довтлогчид болох М.Михалек болон М.Эрат, П.Элиаш нар хаалганы урд үргэлж аюул тарьж байх болно.

Хоккейн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу тамирчдын нэг Я.Ягрыг бид 5 дахь олимпдоо үзэх нь. Энэ улиралд түүний үзүүлж буй тоглолт, эвдэж буй дээд амжилтууд нь харих болоогүй байгааг нь илтгэсээр л байна. Гэхдээ түүнээс ахмад тоглогч багийн бүрэлдэхүүнд байгаа нь NHL-д 2007 оноос хойш тоглоогүй хашир бурхи П.Недвед юм.

Хамгаалагчдын шугаманд бусад багуудынх шиг од тоглогчид төдийлэн байхгүй. Девилзийн М.Зидликигийн эхний тавтад гарч, талбай дээр арай илүү хугацааг өнгөрүүлэх байх. Гэхдээ тогтвортой тоглолттой З.Михалек болон М.Росцивал нарын тоглогчид тэдэнд бий. Гэхдээ ихэнх зүйл хаалгач О.Павелечийн формоос шууд шалтгаална. Чехүүд өнгөрсөн жил Швейцарьт 2 удаа хожигдсон хариугаа авахыг хүсч, улмаар медалийн төлөө дайралт хийхээр бэлтгэж байгаа биз ээ.

Швед

Гол тоглогчид: Д.Седин, Х.Зеттерберг, Х.Лундквист, Д.Альфредсон

Швед

 

2013 оны дэлхийн аварга Шведийн шигшээг ихэнх мэргэжилтнүүд аварга авах хамгийн боломжтой баг хэмээн тооцож байгаа нь энгийн тохиолдол биш. Хэдийгээр Х.Седин болон И.Францен нарын шилдэг довтлогчид нь гэмтлийн улмаас тоглох боломжгүй болсон ч лигийн хамгийн аюултай мөн хамгийн үр бүтээлтэй тоглодог довтлогчид энд цугларсан байна. Г.Ландеског тэргүүтэй залуус, Д.Альфредсон тэргүүтэй ахмадууд, К.Хагелин тэргүүтэй хурдтай тоглогчид дээр нэмэгдээд Д.Седин, Х.Зеттерберг нарын элит тоглогчид тэдэнд бий.

2006 онд олимпийн аварга болсон багт байсан Рэйнжэрсийн хаалгач Х.Лундквист тийм ч сайн формтой биш байгаа ч лигийн шилдэг хамгаалагчид болох Э.Карллсон, О.Ларссон нар түүний урд зогсох болно. Лигийн шилдэг залуусын нэг В.Хедманыг бүрэлдэхүүндээ багтаагаагүй нь олон хүнийг гайхшруулсан биз ээ.

Энэ хэсгээс Шведчүүд 3 хожил аван шууд шөвгийн наймд шалгарах боломж өндөр харагдаж байна. Х.Седин, И.Францен нарын орон зайг нөхөж чадвал 23-нд финалд тоглох гээд байж байхад гайхах зүйл огт үгүй.

Швейцарь

Гол тоглогчид: И.Хиллер, Р.Жоси, Д.Бруннер

Швейцар

 

Швейцарийн шигшээ баг 2013 оны ДАШТ-д Канад, АНУ, Швед, Чех гээд бараг бүх томчуудыг өвдөг шороодуулж, улмаар мөнгөн медаль хүртснээр хоккейн ертөнцөд нэгэн шинэ хүч орж ирж байгааг зарлан тунхагласан. Тэдний энэ амжилт С хэсгийг олимпийн наадмын хамгийн сонирхолтой хэсэгт тооцогдоход хүргэж байна. Анахэймийн хаалгач И.Хиллерийн хэр тоглохоос Швейцарьчуудын амжилт ихээхэн хамаарах учиртай. Сочид тэд хамгийн аюултай “битүү морьд” гэж тооцогдож байна.

2004 оны NHL-ийн локоутын дараагаар маш олон шилдэг тоглогчид Швейцарийн лигийг маш чанартай, мөн хүчирхэг болгож өгсөн. Хэдийгээр тэдгээр тоглогчид одоо буцсан ч маш олон залууст үлгэр дууриал болж, шилдэг залуусыг төрүүлэн гаргахад тодорхой хувь нэмэр оруулжээ. NHL-д тоглодог 4 хамгаалагчийг эгнээндээ нэгтгэсэн хамгаалалтын шугамыг Девилзийн Дамьен Бруннер удирдах бөгөөд 2013 оны ДАШТ-ий MVP Роман Жоси өөрийгөө ахин нэг удаа дэлхий нийтэд батлан харуулахыг хүсч байгаа нь тодорхой.

Швейцарьчуудад медаль хүртэнэ гэж найдах хүмүүс цөөхөн байгаа хэдий ч өөрсдөдөө итгэлтэй, маш сайн зохион байгуулалттай баг ямар ч амжилт үзүүлж мэдэх юм. Шөвгийн наймд тэдэнтэй таарсан ямар ч топ баг нэлээн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно.

Латви

2010 оны олимпод Чехийн багийг бараг хожих дөхөж, нэмэлт цагт 3:2-оор дийлэгдсэн нь тэдний хамгийн өндөр амжилт. Тэд тус тэмцээнд хэсэгтээ 3 хожигдохдоо 19 гоолыг алдсан билээ. Хоккей сонирхогчдын танил Сандис Озолныш Латвийн багийн бүрэлдэхүүнд байгаа нь анхаарал татлаа. 91 оны драфтаар NHL-д орж Колорадо Эвэлэнш,  Сан Хосе Шаркс зэрэг багуудад тоглож байсан түүний туршлага харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй Латвид ихээхэн хэрэг болох байх. Өмнөх тэмцээнд алдсан шигээ олон гоол алдахгүй байх нь тэдний хувьд амжилт болно.

Латви

Төгсгөлд нь Японы эмэгтэй шигшээ багийн талбай дээр хэрхэн хөгжилдсон сонирхолтой зурагнуудыг хүргэж байна.

 

А.Ундрал

Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.