Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан медалийн үнэ цэнэ

CSPORTS team
2014 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Өвлийн олимпийн наадмын алтан медалийн жинхэнэ үнэ цэнийг хэмжвэл хэд болох бол?

Сочигийн Олимпийн наадам ид дундаа үргэлжилж байгаа энэ цаг мөчид CSPORTS SOCHI SPECIAL та бүхэнд олимпийн наадмын хамгийн үнэ цэнэтэй зүйлд тооцогдох медалийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Өвлийн олимпийн наадмын алтан медалийн жинхэнэ үнэ цэнийг хэмжвэл хэд болох бол?
 
Дэлхийн өнцөг булан бүрээс нэртэй дизайнерууд, маркетингийн агентлагуудаас ирүүлсэн хэдэн зуун бүтээлүүд дундаас Орос орныг, ялангуяа тэмцээн уралдаан явагдаж буй бүс нутгийн онцлогийг харуулж чадсан загварыг зохион байгуулагчид сонгосон.

Цаст уулын орой, хар тэнгис болон олимпийн таван цагаригийг бэлгэдэн харуулж буй энэхүү загвар нь олимпийн наадмын түүхэн дэх хамгийн шилдэг дизайнтай медалуудын тоонд зүй ёсоор багтаж буй. 
 
Оросод төвтэй Адамас нэртэй компани олимпийн алтан медалийг үйлдвэрлэж байгаа бөгөөд нэг медалийг гараар зүлгэж өнгөлөн, өндөр технологоор бүтээхэд дунджаар 18 цаг зарцуулагдсан гэнэ.

Олимпийн наадамд зориулагдан 1300 медаль үйлдвэрлэгдсэн бөгөөд эдгээрийг хийхэд нийт 999 сорьцын 2,5 кг алт, 960 сорьцын 460 кг мөнгө, 210 кг хүрэл тус тус хэрэглэгджээ. Хүрэл медальд хэрэглэгдсэн зэснээс эхлүүлээд алт, мөнгө, хүрлийг бүгдийг нь Орос улс өөрөө олборлож нийлүүлсэн аж. 

Олон хүн алтан медалийг юугаар хийдгийг гайхан сонирхдог. Харамсалтай нь алтан медалийг цул алтаар хийдэггүй бөгөөд голлох түүхий эд нь мөнгө байдаг юм байна. Сочигийн олимпийн наадмын тухайд нэг алтан медаль 548 америк доллараар хийгдсэн нь Лондоны олимпийнхтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Гэхдээ диаметр нь 100 мм, зузаан нь 10 мм, жин нь 531 мм байгаа нь түүхэн дэх хамгийн том медальд тооцогдох хангалттай үзүүлэлт ажээ.

Өмнөх дээд амжилтыг Турины олимпийн медаль 107 мм диаметртэй, 469 грамм жинтэйгээр эзэмшиж байв. 

Медаль хүртэх тухайн тамирчны мөрөөдлийг биелүүлж, зорилгодоо хүрснийг илтгэж, нэр хүнд, алдар цол, мөнхийн бахархлыг авчирдаг нь тодорхой. Тэгвэл ямар бодит үр ашиг, мөнгөн шагнал авчирдаг юм бол? Үүнийг хамтдаа сонирхож үзэцгээе.
 
АЛТАН МЕДАЛИЙГ ЯМАР УРАМШУУЛАЛ ДАГАЛДАХ ВЭ?

Олимпийн наадмаас медаль хүртсэн баг, тамирчдаа тухайн улс орны засгийн газар нь мөнгөн шагнал амлаж, урамшуулан идэвхжүүлдэг нь олон улсын жишиг. Хэдийгээр тамирчин хүн бүрийн мөрөөдөл нь олимпийн наадамд эх орноо төлөөлөн хүч үзэж, медаль хүртэн өөрийн нэрийг түүхийн хуудаснаа сийлж үлдээх байдаг ч эдийн засгийн хөшүүрэг, ашиг сонирхол түүнийг өдөөх бас нэгэн түлхүүр хүчин сонирхол болдог билээ.
 
Сочигийн олимпийн наадамд оролцож буй улс орнууд медаль хүртэж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндрөөр өргөсөн тамирчдааа хэрхэн урамшуулж байгаа судалгааг Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо /AIPS/ хийсэн байна. . Энэ жагсаалтын алтан медаль хүртсэн тамирчнаа 250 мянган ам.доллараар урамшуулахаа амласан Казахстан улс тэргүүлжээ. Удаах байруудад 192 мянган ам.доллар олгох Латви, 191 мянган доллар олгох Итали улсууд бичигдсэн байна.
 
Тэгэхээр уран гулгалтын эрэгтэйчүүдийн төрлөөс хүрэл медаль хүртсэн Казахстаны залуу од Деннис Тен 75 мянган долларыг халааслах нь. Харин Латвийн алдарт тамирчин М.Дукурс скелетоны төрөлд хүртсэн мөнгөн медалийнхаа ачаар 95 мянган долларын эзэн болжээ. Сонирхолтой нь эхний байруудад бичигдсэн эдгээр улсуудаас одоог хүртэл олимпийн аварга төрөөгүй л байна. 

Харин Их Британи, Норвеги, Хорват болон Швед улсууд тамирчдадаа ямар нэгэн медалийн бонус олгохгүй гэдгээ зарласан юм байна. Гэхдээ эдгээр улсын тамирчдын шигшээ багийн цалин, тэтгэврийн сангийн үнэлэмж нь харьцангуй өндөрт тооцогддог ажээ. 
 
БНХАУ-ын засгийн газар Лондоны олимпийн наадмын дараагаас эхлэн зөвхөн медаль хүртсэн тамирчдаа биш өөрийн төрөлдөө эхний 8 байрыг эзэлсэн тамирчдадаа мөнгөн шагнал олгохоо зарласан нь сонирхолтой. Олимпийн наадмын эхний 8 байр эзэлсэн тамирчид 10 мянган ам.доллараас 82 мянган ам долларын шагнал хүртэнэ.

Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлдэг орнуудаас АНУ алтан медальтандаа 25 мянган ам.долларыг, Герман 27 мянган ам.долларыг, Канад 18 мянган ам.долларыг, Япон 30 мянган ам.долларыг тус тус олгодог ажээ. Гэтэл Канадын хоккейн шигшээ багийн довтлогч Сидни Кросби NHL-д нэг тоглолт хийгээд л 146,341 америк доллар авдаг гэвэл та итгэх үү?
 
Тэгвэл Лондоны олимпийн наадмын үеэр алтан медалийн эзэндээ 510 мянган доллар амалж, бүх улсуудыг манлайлж байсан Азербайжаны засгийн газар одоог хүртэл эцсийн үнэлэмжээ гаргаагүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сочигийн наадмын дараагаар буюу багийн амжилтаас хамааран бонусын хэмжээг тодорхойлно гэнэ.

Цанын төрөлд 2 тамирчнаа илгээсэн Монгол улсын хувьд зуны олимпод оролцдог тамирчдын хүртдэгтэй адил хэмжээний урамшууллыг олгох тухай хуульд заасан байдаг. Одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу алтан медаль хүртсэн тамирчинд 120 сая төгрөг буюу 68 мянган ам.долларыг нэг удаад олгохоос гадна сар бүр 4 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгож байгаа юм.
 

А.Ундрал


Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.