Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт малын шүлхий өвчин гарсан.
Иймээс нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо, Багахангайн пост, Налайхын 4-р зөрлөг дэх пост, Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодод Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 24 цагаар ажиллаж байгаа.
Одоогоор нийслэлийн хэмжээнд малын ямар нэгэн өвчний сэжиг болон шинж тэмдэг илрээгүй байна.
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд тус дүүргийн мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, ариутгал эко цит, павидон иод зэрэг ариутгалын бодисоор ариутгал халдваргүйтгэл хийж байна.
Өнөөдөр Яармаг, 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар дээр ажиллаж буй товчоо, постонд ариутгалын цэгийг нэмж гаргахаар болжээ.
Мөн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд мал бүхий 1 мянга 124 өрхийн 160 мянга 231 толгой малыг мал эмнэлгийн үзлэг, тандалт шинжилгээнд хамруулжээ.
Одоогоор нийслэлийн хэмжээнд ямар нэгэн өвчний сэжиг болон шинж тэмдэг илрээгүй байна.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагчид мал эмнэлгийн эмч нартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн “Шүлхий” өвчинтэй тэмцэх заавар болон, мал амьтнаас хүнд халдварладаг “Боом”, “Бруцеллёз”, “Галзуу” өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!