Эрхэм уншигч танд манай сонин “Иргэний индэр” булангаа хүргэдэг билээ.
Энэ удаа “3ууны мэдээ” сонины хаягаар эмч Г.Нум, Хан-Уул дүүргийн иргэн Ш.Батболд, Монголын угийн бичгийн холбооны нийгмийн ажилтан Т.Мөнхбат, Өмнөгөвь аймгийн иргэн Б.Бат-Амгалан нар захидал ирүүлснийг тоймлон хүргэж байна.
Олон мэргэжлийн эмч нар саяхан багаараа Солонгосын Сөүл хотын “Анам” эмнэлэгт нэг сарын дадлага хийж, тэдний дадлага туршлага, техник технологийн дэвшил, шинэчлэлтэй танилцах завшаан тохиосон юм.
Энэ эмнэлэг Солонгосын их сургуулийн харъяа улсдаа томоохонд тооцогддог төдийгүй эмч ажилчид, резидент эмч, дагалдан эмч зэрэг дотоодын боловсон хүчнээ мэргэшүүлэхээс гадна гадаадын олон эмч, оюутнуудыг сургадаг бааз эмнэлэг.
Өдөрт хэдэн мянган хүнд үйлчилж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүлдэг, 1000 орчим ортой, зүрх судас, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тэргүүлэх чиглэлд ажилладаг, төрөлжсөн нарийн мэргэжлийн бүх чиглэлээр эмчилгээ, оношлогоо хийх хүчин чадалтай.
Биднийг очиход эмнэлгийн захиргаа болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч эмнэлгийн дотоод журамтай танилцуулснаар бид ажилдаа орлоо. Ажлын цаг баримтлах, дотоод дэглэм журам нь чанга хатуу. Резидент буюу дагалдан эмч 2.5 сая вонн, шинээр ажилд орж буй эмчийн цалин зургаан сая вонноос эхэлдэг юм байна.
Тус эмнэлэгт өглөө бүр эртлэн ирж, өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байхдаа монгол хүний, монгол эмчийн хувьд нэгэн зүйлд харамсах сэтгэл төрөв. Учир нь бид олон монгол хүнтэй өдөр болгон амбулатори, тасаг бүр дээр тааралдана.
Эдний дотор Монголд эмчлүүлэх боломжгүйгээс байдгаа баран, ах дүү, гэрийнхнээ өрөнд унаган байж ирсэн нэгэн байхад, өөрийн эмч нартаа үл итгэн найрсаг тав тухтай үйлчилгээг нэг дороос авахыг зорьсон чинээлэг нэгэн ч таарав. Ийм хүсэл, шаардлага эмч надад ч, дарга цэрэг, иргэн танд ч байгаа. Гэтэл бид хамтаараа өөрчилж болох энэ тогтолцоог хайхралгүй, зөвхөн ажлын голыг нугалж байдаг эмч биднийг хэн хүнгүй голж, муулснаар манай эрүүл мэндийн үйлчилгээ сайжрах юм гэж үү.
Эмч биднийг хэн хүнгүй голж, муулснаар манай эрүүл мэндийн үйлчилгээ сайжрах юм гэж үү.
Эрүүлийг хайж ирэгсэд ийм их давааг туулж ирээд, амь насаа даатган байгаа эмчдээ хэлэх зовиур шаналгаагаа, асуулт бүхнийг мэргэжлийн бус орчуулагчийн царай харан дутуу, буруу зөв орчуулж байгааг ч үл мэдэн итгэж суух нь бидэнд илхэн байсныг хэлэх нь дээр байх гэж бодлоо.
Солонгос улс Монголоос ирж буй эрүүл мэндийн жуулчлалыг сайн дэмжиж, эмнэлгийнхээ санхүү эдийн засгийг сайжруулах, улсдаа том хувь нэмэр оруулахын тулд зөв бодлого боловсруулжээ. Монгол үйлчлүүлэгчдийг эмнэлэгтээ алга тосон хүлээн авч үйлчлэх төвөө орчуулагчтай нь бий болгосноор барахгүй эмч, ажилчдын энгэрийн тэмдэгт нь монгол үйлчлүүлэгчтэй харилцах ярианы толийг эмхэтгэн байрлуулжээ.
Эмнэлгийн харилцааны дэг жаягийг ёсчлон биелүүлж, хүндлэх хүндлүүлэх ёс, эмчийн ёс зүйн хэм хэмжээг зөв тогтоохдоо мэдлэг чадварыг ажилтай нь уялдуулсан байдаг нь ард түмний хүндлэлийг хүлээж эмч, эмнэлэгтээ итгэх итгэлийг төрүүлдэг аж.
Эмч нараа 2-3 жилээр АНУ-д дадлагажуулахаар суралцуулж, ирсэн эмчийн ажиллах боломжийг бүрдүүлж, цалинг амьдралд хангалттай хүрэлцэхээр олгодог нь тэдний ажлыг чанартай болгох нэг түлхүүр болж байна. Монголоос ирсэн өвчтөний түүхээс эмчийн тэмдэглэл, үзүүлсэн газруудыг харж тэндхийн эмч нарын онош, эмчилгээтэй харьцуулбал Монголд оношлож эмчилж болох, эмчилж байгаа тохиолдлууд олон.
Эмч нараа 2-3 жилээр АНУ-д дадлагажуулахаар суралцуулж, ирсэн эмчийн ажиллах боломжийг бүрдүүлж, цалинг амьдралд хангалттай хүрэлцэхээр олгодог нь тэдний ажлыг чанартай болгох нэг түлхүүр болж байна.
Манай эрүүл мэндийн салбарынхны харъяалал харсан, нэг рүүгээ шилжүүлсэн, өөрөөсөө холдуулсан байдал нь энэ салбарын зохион байгуулалт нэг л буруу байгааг илтгэж байна. Гадны улсын эмнэлэг эмчилгээ, оношлогоог бидний хүлээлттэй адил хэмжээнд хийж байгаа юу, гэдэгт бид мэргэжлийн хүний нүдээр дүгнэлт хийх нь зүйтэй байх.
Солонгост шинжилгээ, оношлогооны цогц төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ хийх хангалттай хэрэгслүүдийг эмч, мэргэжилтний захиалгаар технологийн дэвшлийг угтан авч хэрэгжүүлж байгаа нь бахархууштай сайхан байв. Гэхдээ хагалгааны өрөө, эрчимт эмчилгээ, хүүхэд, эмэгтэйчүүдийн тасгуудад бидний чадлаас хэтэрсэн, огт сонсоогүй, чадахгүй тийм зүйл тэнд байхгүй л байна.
Эмч нар нь бидэнд зарим зөвлөгөө өгөх боломж муутай, хэтэрхий туршлага багатай, хэлний мэдлэг муутай нь харагдаж байсан ч тэд өөртөө маш итгэлтэй байх юм. "Анам" эмнэлгийн хийсэн судалгаагаар тэдний эмнэлэгт ирдэг монгол үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд өсч байна.
Тухайлбал, 2011 оны байдлаар нэг тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Бид юуны өмнө эрүүл мэндийн даатгалын тогтолцоог даатгуулагчаа дагасан хүний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан хэлбэрт оруулж өвчтөн эмнэлэг болон эмчээ сонгох нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Үүнтэй зэрэгцээд үр дүн муутай төсөв мөнгөний хагархай уут болсон өдий төдий эмнэлгүүдээ хувьчлан эзэнтэй болгож эмнэлгүүдийг бие даан шийдвэрээ гаргах боломжтой болгох нь өмч хөрөнгийг шамшигдуулалгүй хяналт зарцуулалтыг зөв зохицуулах гарц байж болох юм.
Эрүүл мэндийн даатгалын төлбөр нь хүний хөгжил сан, оюутны тэтгэмжийн мөнгө зэрэг сангуудын адил тэтгэлгийн картанд нэмэгддэг. Хувь хүн, иргэн, гэр бүл, үр хүүхдэдээ хувиасаа мөнгө нэмэх боломжтой байж болох юм. Энэ картыг зөвхөн эрүүл мэнддээ зарцуулна.
Солонгост эрүүл мэндийн даатгалын төлбөр нь хүний хөгжил сан, оюутны тэтгэмжийн мөнгө зэрэг сангуудын адил тэтгэлгийн картанд нэмэгддэг.
Тухайлбал, бассейн, фитнесс клубт хичээллэхээс эхлээд мухар олгойн мэс засал, шүдний эмчилгээнд зарцуулж байхаар хуульчилж өгье. Мэдээж ямар тохиолдолд 100 хувь даатгалд хамруулах, аль тохиолдолд хувь хүн төлбөр төлөхийг хуулиар зохицуулна. Хувийн хэвшил дангаараа зохицуулахад төвөгтэй хүүхэд, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, яаралтай тусламж зэрэг салбаруудад улс өөрийн нөөц бололцоог шавхаж болно.
Эмнэлэгт очоод талх авч байгаа мэт картаараа төлбөрөө хийчихээр зах зээлийн хуулиар үйлчилгээний байгууллага болох эмнэлгүүд чадлаараа үйлчлэн өрсөлдөх нь тодорхой ингэснээр шүдний өвчин болсон эмнэлгийн олон асуудал шийдэгдэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|