ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Удвал сайд үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр хоёрын хэн нь том бэ?

Л.Оюу, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 14
Өдрийн шуудан
Зураг зураг
Н.Удвал сайд үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр хоёрын хэн нь том бэ?

-Тэрбээр гурав хоногийн дотор есөн эмчээ халж, 80 гаруй хүний албан тушаалыг өөрчилсөн байна-

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхбаярыг дараагийн дарга томилогдтол ямар нэг тушаал шийдвэр гаргах эрхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэвлэлийнхэнд хэлж байв.

Энэ тухай тэрбээр өнгөрсөн оны арав-дугаар сарын 31-нд мэдэгдсэн бөгөөд үүнээс улбаалан олон хүн ГССҮГ шинэ даргатай болтол ямар нэг томилгоо, халаа сэлгээний асуудал яригдахгүй нь бололтой” гэсэн ойлголтыг аваад байсан билээ.

Тэгвэл энэ нь Н.Удвал сайдын ард түмнийг хуурсан заль байсан уу, эсвэл Ц.Энхбаяр гэгч сайдаасаа ч илүү эрх ямбыг эдэлдэг үү ямартай ч сүүлийн хэд хоногт Монгол Улсын онцгой бүс гэдэг энэ обьектод бөөн бужигнаан болоод байгаа гэнэ.

Энэ тухай тус эмнэлгийн эмч ажилтнууд ярьж, “Даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр энэ долоо хоногт буюу даваагаас лхагва гаригт есөн эмчийг ажлаас нь халсан тушаал гаргалаа. Ингэхдээ мэдээж өөрийг нь ирэхэд таагүй хандаж байсан, хэлсэн үгийг нь сөрсөн, үнэнийг өгүүлсэн гээд ер нь бол өөрт нь наалдаж нялцганаж яваагүй эмч нарыг ажлаас нь халж орхилоо” хэмээж байгаа юм.

Ингэснээр Ц.Энхбаярын халсан эмч нарын тоо өнөөдрийн байдлаар албан ёсоор 16-д хүрэв. Мөн тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр нэгэн тушаал гарсан нь ГССҮГ-д бүтцийн томоохон өөрчлөлт хийх, эмч ажилчдын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох гэсэн агуулгатай.

Энэ тухай тодруулбал, тэрбээр өнөөдрийн байдлаар Түлэнхий нөхөн сэргээх, Үений эмгэг, Хавсарсан, Хүзүү нурууны, Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эрхлэгч, эмч, сувилагч гээд нийт 80 гаруй хүнийг албан тушаалыг өөрчилсөн юм байна.

Үүнээс болж тушаал буурсан, дэвшсэн эмч тасгийн эрхлэгч болон сувилагч нар дээшээ, доошоо нүүдэл суудал хийх гээд хөл толгойгоо олохгүй бужигнаж байна.

Энэ нь өвтөнүүдэд ч түвэгтэй байгаа бөгөөд тэд “Эмнэлэг бол улс төрийн аль нэг нам бас хэдэн улстөрчийн дур зоргоороо тоглодог салбар биш.

Энэ бол хүний эрүүл мэндийг хариуцсан чухал газар. Гэтэл бидэнд эмчилгээ хийж байсан тасгийн эрхлэгч, эмч сувилагчийг нэг л өдөр өөрчилж чиний хүн, миний хүн гээд талцуулаад байгаа нь ойлгомжгүй. Тэгээд ч энэ байдал нь хэдэн хүнд л гэхээс энэ эмнэлгийн хаалгаар аврал ирэн орж ирж байгаа хүмүүст ямар ч хамаагүй.

Дарга нар яахав, өвдлөө гэхэд онгоцондоо суугаад явна
АНУ, Солонгос, Япон гээд явна биз. Харин бид арай гэж улсын эмнэлэг бараадахаар өмнөөс улс төржөөд ажлаа хийхгүй байна" хэмээн бухимдав. Үнэхээр ч тус эмнэлгийн хувьд ганц өнөөдөр ч бус Ц.Энхбаярыг даргаар ирсэн үеэс яг ийм асуудлыг өвчтөнүүд ярьж байсан.

Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд тус эмнэлэгт ажиллах үеэр өвчтөнгүй энэ асуудлыг өөрт нь ярьж ойлгуулахыг хүссэн ч тэрбээр цоожтой хаалганы цаана суугаад нэг ч хүнд олдоогүй. Иймээс өвчтөнүүд тэнд ирсэн сэтгүүлчдээр дамжуулан Н.Удвал сайдад дээрх шаардлагыг тавьж байсан юм.

Гэвч Н.Удвал, Ц.Энхбаяр нарын хэн хэнд нь тэнд эмчлүүлж байсан хүмүүсийн үнэн үг үнэ цэнэгүй байсан уу, эсвэл даргын үүрэг гүйцэтгэгчид сайдын тушаал нөлөөлж чадахгүй байна уу ямартай ч тэрбээр тус эмнэлгийн зарим эмчийг чадваргүй, ажлаа хийдэггүй гэсэн шалгуураар бус надтай муухай харилцсан, намайг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр “Авлигач эмч нар” хэмээн нийгэмд зарлаж байгаад ажлаас нь халж орхилоо.

Гэтэл сүүлдээ энэ нь даамжирч, тус эмнэлгийн эмч сувилагч гээд 80 гаруй хүнийг ганцхан тушаал гаргаад холиж солиод эхэлсэн нь хэсэг хугацаанд мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан олон хүнийг бухимдуулжээ. Уг нь энэ тухай тус эмнэлгийн эмч нар түүнд ойлгуулах гэж оролдсон юм билээ.

Гэтэл Ц.Энхбаярын туслахууд нь ‘Та нар цаг авч байж ор” хэмээн хаалга үүдийг нь тэвхдэж суугаад байдаг болсон гэнэ.

Иймээс аргаа барсан эмч нар өчигдөр хэвлэлийнхэнд хандах гэсэн ч өглөө эрт хийсэн яаралтай хагалгаанаас болж товлосон цагтаа очиж чадаагүйгээ учирлаж байна билээ.

Харин энэ бүх явдалд ГССҮГ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр тун ч тоомжиргүй хандаж, та нар намайг яах юм гэсэн аятай суугаад хамт олон нь дургүйцэж байсан. Түүний энэ байдалд эгдүүцсэн зарим нь сайдаасаа давж том толгой гаргаж буйд нь улс төрийн татаасын нөлөө гэж оношлов. Тодруулбал, түүнийг УИХ-ын дарга З.Энхболдын гэр бүлийнх нь эмч, сонгуулийн үеэр түүнд ажилласан.

УИХ-ын дарга Н.Удвалд энэ хүнийг яаж ийж байгаад Гэмтлийн эмнэлгийн дарга болго гэсэн үүрэг өгсөн учраас тэрбээр өнөөдрийг хүртэЛ хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулсаар энэ олон хүний хувь заяагаар тоглож байна гээд бухимдаж сууна.

Үнэндээ ч Төрийн ордноос сүүлийн үед тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалттай холбоотой буюу “Ц.Энхбаяр энэ удаад дарга болж жинхэлнэ гэсэн” бор шувуу нисч байна. Гэхдээ энэ бол олны яриа бөгөөд асуудал хаашаа ч эргэхийг үгүйсгэх аргагүй.

Учир нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан тус эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад анагаах ухааны доктор зэрэгтэй, төрийн алба, эрүүл мэндийн салбарт 20 ба түүнээс дээш жил, удирдах албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан, эрүүл мэндийн салбарын II, III шатлалын байгууллагын удирдах албан тушаалд таваас дээш жил ажиллаж байсан туршлагатай хүнийг оруулна гэсэн заалт байгаа юм.

Гэвч одоогоор эл шалгуурыг хангасан хүн цөөхөн байгаа бөгөөд таван хүн анкетаа өгсөн, тэдний дотор доктор бус докторантууд ч байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа. Хамгийн сонирхолтой нь Ц.Энхбаяр өөрийгөө докторант хэмээгээд дээрх сонгон шалгаруулалтад оролцож байгаа хэмээж байна. Хэдий тийм ч тэрбээр удирдах албан тушаалд 10 бүү хэл нэг жил ч ажиллаагүй, мөн эрүүл мэндийн салбарын II, III шатлалын байгууллагын удирдах албан тушаалд ажилласан туршлага байхгүй юм билээ. Иймээс асуудал яаж ч эргэж мэднэ хэмээж буй аж.

Ийнхүү ГССҮГ-ийг тойрсон дуулиан нэг хэсэгтээ тасрахгүй бололтой. Түүнчлэн энд бас нэг анхаарал татсан мэдээлэл байгаа нь Ц.Энхбаяр орон тооны илүүдэл хэмээн эмч нарыг ажлаас нь халсан атлаа захиргааны бүтцээ улам данхайлгаж өмнө нь арав хүрэхгүй хүн ажилладаг байсан тус хэлтэс өнөөдөр нэг дахин олон хүнтэй болсон гэдгийг эмч нар нь ярьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ярьсан “Том төрөес ухаалаг төр лүү” гэсэн төрийн бодлогод энэ нь нийцэж байгаа эсэхийг асууж байгаа талаар бид даваа гаригийн дугаартаа дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг