ЕБС-ийн Уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасах гэж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Тиймээс энэ талаар БШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.
-Уран зохиолын хичээлийг хасах гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Яагаад ийм мэдээлэл гарсан юм бол?
-Өчигдөр орой /өнгөрсөн мягмар гараг/ гарсан мэдээллээс болсон байна. Учир нь сэтгүүлч надаас монгол хэл, уран зохиолын бодлогын тухай асуусан. Би хариулахдаа “Миний нутаг” гэдэг шүлгээр жишээ авч тайлбар хийсэн. Гэхдээ мэдээний цаг нь хүрэлцээгүй юм уу төгсгөлийн хэсгээс нь шууд оруулсан байсан.
50 хувь тест, 50 хувь нь бичих байдлаар шалгалт боловсруулж байна.
Би уг нь тухайн шүлгээр тайлбар хийхдээ “Миний нутаг” гэдэг шүлгийг уран зохиолын хичээлд үзлээ гэхэд шүлгийнхээ агуулгыг математик болон технологийн хичээл дээр хэрхэн ашиглах талаар ярьсан. Математикийн хичээлд “Миний нутаг” шүлэгтэй холбоотой бодлого зохиох, зургийн хичээл дээр зураг зурж, “Миний нутаг”-д нэртэй бүтээл хийж болно.
Монгол хэл, уран зохиолын хичээл маань эх хэл буюу суралцахуйн суурь чадамж юм. Эх хэлнийхээ агуулгыг бусад хичээлүүдэд нэгтгэж, давхар үзэж байх хэрэгтэй” гэсэн санааг хэлсэн. Гэтэл уран зохиолын хичээлийг байхгүй болгох гэж байгаа мэт тайлбарласан байсан.
-Хэвлэл мэдээллээр таныг Монгол хэлний хичээлийг хасна гээд ярилцлага өгсөн гээд байсан?
-Миний өмнөх тайлбаруудыг орхиод сүүлийн хэсгийг тасдаж оруулснаас болоод уран зохиолын хичээлийг хассан мэт сэтгэгдэл төрүүлсэн байх. Уран зохиол дээр “Миний нутаг” гэдэг шүлэг үзсэн бол тухайн үед бусад хичээлүүд дээр агуулгын хувьд миний нутаг, монгол орныхоо талаар сэдэв, агуулгыг үздэг байх талаар ярьсан маань буруу, ташаа ойлгогдсонд хүлцэл өчиж байна.
-Уран зохиол, Монгол хэлний хичээлийн цагийг хасах зэрэг асуудал яригдаж байгаа юу?
-Тийм зүйл огт байхгүй. Харин ч нэмэх болно. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл уран зохиолын хичээл X анги хүртэл 2073 цаг орсон байдаг, харин XI ангид энэ тоо 2202 болдог, 12 дугаар ангид 2347 болдог.
Харин одоо бол XI ангийн хөтөлбөр дээр 129 цаг, XII дээр нь 145 цаг нэмнэ. Засгийн газраас хийж байгаа зөв алхамыг ганц мэдээнээс болж буруугаар ойлгогдоосой гэж хүсэхгүй байна. Шинэчлэлийн Засгийн газраас Монгол хэл, уран зохиолын салбарт маш онцгой анхаарч байгаа.
-Монгол хэл, уран зохиолын хичээлийн арга зүй технологио сайжруулах талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Монгол хэл, уран зохиолын хичээлийн арга зүй технологио сайжруулах асуудлыг яамнаас чухалчилж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд дүрэм заагаад түүнийгээ шалгаад байх биш эх хэлээрээ ярьж, өөрийгөө ойлгуулах, уншсанаа ярих чадварыг эзэмшүүлэх зэрэг асуудлыг ярьж байгаа.
Энэ жилээс эхлээд Монгол хэлний шалгалтыг бүх их дээд сургуульд элсэгчдээс авахаар болсон. Өмнө нь шалгалт авахдаа тестээр авдаг байсан. Үүнийг болиулж, эссе бичих, бүтээлч байдлыг хөгжүүлэх үүднээс задгай даалгавар оруулж ирж, 50 хувь тест, 50 хувь нь бичих байдлаар шалгалт боловсруулж байна. Энэ сарын 25-н гэхэд шалгалтын хэлбэрийг боловсруулаад материалаа танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!