ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж, хичээлийн тоо нэмэгдэв

Д.Баяржаргал
2014 оны 2 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж, хичээлийн тоо нэмэгдэв

Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй су­рагчдыг их дээд сургуульд элсүүлэх гол шалгуур болдог Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өчигдөр 09:00 цагаас улс орон даяар эхэлсэн. 

Үүнтэй холбогдуулан БШУЯ болон Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. 

Энэ жилээс ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Тухайлбал 2014-2015 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэхээр шалгалт өгөх бүх шалгуулагч монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх шаардлагатай болжээ. 
Мөн ЭЕШ-ын шалгалт өгөх нэг хичээлийн бүрт­гэлийн хураамж өнгөрсөн жил 4800 төгрөг байсан бол энэ жил 5800 төгрөг болсон байна. 

Үүнтэй холбогдуулан сал­­барын мэргэжилтнүүдээс дараах тодруулгыг авлаа. 

Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад хураамж авахгүй.

Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулсан юм.

-ЭЕШ-ын бүртгэл эхэл­лээ. Шалгалтын журамд мон­гол хэл бичгийн хичээлийн шалгалтыг заавал авна гэж тусгасан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-ЭЕШ-ын бүртгэл 2014 оны хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд амжиж бүрт­­­гүүлээгүй, ямар нэгэн байд­лаар буруу бүртгүүлээд хасагдсан тохиолдолд дахин бүртгэхгүй, бүртгэлийн ху­гацааг сунгахгүй гэдгийг ан­хааруулсан нь дээр байх. Онлайн бүртгэл www.eec.mn веб сайтад байгаа.

Энэхүү бүртгэлд 2014 онд бүрэн дунд боловсрол эзэмш­сэн иргэн өөрөөр хэл­бэл энэ онд төгссөн шал­гуу­лагч болон өмнөх онд төгссөн бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэд шалгалтад хамрагдах боломжтой. ЭЕШ-ын журамд тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа. Жишээ нь их, дээд сургууль, коллежид эл­сэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалт заавал өгснөөр дараагийн ЭЕШ орох эрхээ авна. 

Өөрөөр хэлбэл монгол хэл бичгийн шалгалт өгсөн гэдгийг нь батлах таних тэмдгийг бүртгэлийн хуудас дээр нь нааж өгөх юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтын тест, уншиж бодох даалгаврыг хөнгөн хэлбэрээр боловсруулж эхэл­сэн. Тэгэхээр монгол хэл бичгийн хичээл сонгоод, их дээд сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийнхээс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад хураамж авахгүй. Бүх зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа. 

-Заавал өгөх шалгалтын босго оноо хэд байх вэ?

-Энэ жилийн хувьд босго оноо тавиагүй. Шалгуулагч ямар ч оноо авсан хамаагүй дараагийн ЭЕШ-аа өгөх боломжтой гэсэн үг. 

-Их, дээд сургуульд орох гол шалгуур болсон бусад хичээлийн хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй биз дээ. Шалгалтын эхлэх, дуусах тов гарсан уу?

-Тиймээ. Шалгуулагчид маань монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр шалгалт өг­нө. ЭЕШ зургаадугаар са­рын 14-ний өдөр эхэлнэ

Тодруулбал зургаадугаар сарын 14-ний 12:00 цагт заавал өгөх монгол хэл бич­гийн шалгалтаар эхэлнэ. Үргэлжлэх хугацаа 100 минут. Зургаадугаар сарын 16-наас бусад хичээлийн шалгалт эхлэх юм. 16-нд орос хэл, хими, англи хэл, 17-нд Монгол Улсын түүх, математик, биологи, монгол хэл, 18-нд өнжөөд 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, газар зүй гэсэн хи­чээл­­тийн шалгалт авна. Энд анзаарч байгаа бол шалгалтуудын хооронд нэг хоног амрах хугацаатайгаар зохион байгуулсан. Энэ нь шалгуулагчийг амжилттай оролцох нэг нөхцөлөөр хангаж байгаа юм.

-Суудлын хуваарь бүхий шар хуудсыг хэзээнээс тараах вэ?

-Шалгуулагч шалгалтад орохдоо иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэр­чилгээ, бүртгэлийн хуу­дас, суудлын хуваарь бүхий шар хуудас гэсэн бичиг баримтыг бүрдүүлдэг байсан бол энэ жилээс монгол хэл бичгийн хичээлийн шалгалтад орс­ныг батлах нэг бичиг баримт нэмэгдэж байгаа. Суудлын хуваарьтай шар хуудсыг тавдугаар сарын 15-наас авах боломжтой. Өмнө нь жижигхэн хэмжээтэй бай­сан бол энэ жилээс хаяж үрэгдүүлэхгүйг бодож, А5-ын хэмжээтэй болгосон.

-Интернетэд холбог­доо­гүй сум орон нутгийнхан хэрхэн бүртгүүлж, суудлын хуваарь бүхий шар хуудсаа яаж авах вэ?

-Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнүүд орон нутагт ажиллана. Орон нутгийн ЗДТГ болон Боловсролын газартай хамтран ажиллах юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх арга зүйн зөвлөгөө өгөх тал дээр нягт хамтран ажиллана гэсэн үг.

Мөн 2006 оноос хойш ЭЕШ-д ирж байсан тестүү­дийг ном болгон эмхтгээд худалдаанд гаргадаг бай­сан бол энэ жилээс вейб сайтад байрлуулсан. Үү­нийг интернэттэй нөх­­цөлд шууд татаж аваад ажил­­­лах бо­ломжтой. Харин интер­­нэтгүй хөдөө орон нутгийн хүүхдүүдэд манай мэр­гэжилтнүүд тусалж, дэмжлэг үзүүлэх болно. 

-Шалгалтын хураам­жийн үнэ нэмэгдсэн байна. Батламжийн хураамж мөн нэмэгдсэн үү?

-Нэг хичээлийн шалгалтын хураамж 5800 төгрөг болсон байгаа. Энэ нь инфляци, техник тоног төхөөрөмж нэмэгдэж байгаатай холбоотой. Харин батламжийн хуудасны үнэ хэвээрээ буюу 700 төгрөг байгаа. Тухайн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг л батламж авна. Шалгалтын хураамжийг бүх банкны бүх төрлийн гүйлгээг ашиглан төлж, шалгалтдаа бүртгүүлэх боломжоор хангасан.

Бүртгүүлсэн шалгуулагч маань бүртгэлийн үнэн зөв эсэх, суудлын хуваарь зэр­гээ гар утасны мессежээр хүлээн авах боломжтой бол­сон. Тиймээс шалгалтад бүрт­гүүлэхдээ дараа нь байнгын хэрэглэж байх утасныхаа дугаарыг оруулах хэрэгтэй.

-Шалгалтын дүн мэдээг хэзээ олон нийтэд зарлах вэ?

-Шалгалтын дүнг өмнө нь долоодугаар сарын 1-нээс зарладаг байсан бол энэ жил шалгалтын материалыг засах хугацааг хассан. Энэ нь мэдээж шалгагч машины техник тоног төхөөрөмж сайжирч байгаатай хол­боотой. Тэгэхээр шалгаж дууссан даруйдаа дүнг нь танилцуулах боломж бүрдэж байгаа.

-Их, дээд сургуульд элсэх босго оноо хэд байх вэ?

-Их, дээд сургуульд орох гэж байгаа шалгуулагчийн бос­го оноог 400-гаар тог­тоо­­сон. Өөрөөр хэлбэл шал­гуулсан хичээлдээ 400 оноо авч чадаагүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин сургуулиуд ямар босго оноо тавихыг би хэлж мэдэхгүй. Тухайн сургуулиуд өөрсдийн босго оноог тогтоож өгнө. 

-Энэ жил ерөнхий боловс­ролын 11 дүгээр ангийг хэдэн хүүхэд төгсөж байгаа вэ?

-34 мянган хүүхэд төг­сөнө. Ирэх жилээс 12 дугаар ангийн тогтолцоонд шил­жиж орно. Тийм учраас төгсөгчдийн тоо цөөрч 20 мянган хүүхэд төгсөхөөр байгаа юм.

-Шалгалт эхлэхээс өмнө тестийн хариу задарлаа гэх яриа гардаг. Нууцлалыг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Элсэлтийн ерөнхий шал­­галт маань хүний хувь заяа, амьдралтай салшгүй холбоотой учраас шударга, алдаа мадаггүй явуулах ёстой. Энэ ч үүднээс нууц­лалыг хадгалах, тестийн хариуг задлахгүй байх тал дээр манай төв Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа. 

Ирэх сарын 25-27-ны хооронд V, IX ангиудаас улсын шалгалт авна

Энэ хичээлийн жилд V, IX дүгээр ангид суралцаж буй сурагчдаас гуравдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд түүврийн аргаар улсын шалгалт авахаар болжээ. Энэ талаар БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.

- V, IX ангийн сурагчдаас улсын шалгалт авна гэж байна. Энэ нь төгсөх ангийн шалгалтаас тусдаа зүйл үү?

-Энэ бол төгсөлтийн шалгалтаас тусдаа судал­гааны зорилгоор авч байгаа гэдгийг ойлгох хэ­рэгтэй. Тав, есдүгээр ангийн нийт сурагчдын 10 хувиас дээрх улсын шалгал­тыг авна.

Тавдугаар ангийн хүүх­­­­дүү­­дээс монгол хэл, мате­­­матик, байгалийн шин­ж­­­лэлийн хи­чээлээр шал­­галт авна. Монгол хэл, мате­­ма­­тикийн хичээлээр тухайн сурагчийн мэдлэг чадварыг бодитойгоор үнэ­лэхэд зорилготой учраас тест болон задгай хэлбэрээр бэлдэж байгаа. Тухайлбал монгол хэлний шалгалтад эссэ бичих даалгавар өгөх жишээтэй. Харин суурь боловсрол эзэм­шиж буй есдүгээр ангийн сурагчдаас Монгол хэл бичиг, математик, байгалийн шинжлэх ухаа­ны нэгдмэл даалгавар, нийгмийн шинжлэх ухааны нэгдмэл даалгавраар авна.

-Шалгалтын дүнг хувийн хэрэг, боловсролын гэрчилгээнд бичих үү?

-Уг шалгалтын дүнг ту­хайн шалгалт өгсөн сураг­чийн хувийн хэрэг, гэрчилгээнд нь бичихгүй. Зөвхөн тухайн бүс нутгийн сурагч, багшийн түвшин ямар байна вэ гэдгийг тодор­хойлох юм. 

-Ирэх жил энэ шалгалтыг авах уу?

-Авна. Энэ жил зөвхөн тав, есдүгээр ангиудаас авах бол ирэх жилээс 5, 9, 12 гээд бүх төгсөх ангийн сурагчдаас түүврийн аргаар шалгалт авна.

Зураг