Бага, дунд, ахлах, их, дээд сургуулийн үе үеийн багш нар, боловсролын байгууллагын төлөөллүүд уулзлаа.
Тэд энэ үеэр санал бодлоо солилцож, боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын амжилт, туршлагаасаа хуваалцсан юм. Монгол Улсын Боловсролын их сургуульд болсон тус арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр тэргүүтэй албаны хүмүүс ч оролцсон юм.
Шинэчлэлийн Засгийн газар салбар бүрт шинэчлэлийг эхлүүлж, бодлого боловсруулан ажилласны нэг нь боловсрол гэдгийг уншигчид мэдэж буй биз ээ. Тэгвэл боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас “Авьяас”, “Ном”, “Хүүхэд бүрийг хөгжүүлье” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Харин одоо хэдийнэ үр дүнгээ өгч эхэлснийг багш нар энэ үеэр онцоллоо. Тэдний тайлбарласнаар багш ном харж хичээл заадаг, сурагчид багшийн зааасныг ягштал цээжилдэг байсан үе ард хоцорчээ.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэдэг санааг дэвшүүлж ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Амжилттай ч хэрэгжиж буй гэнэ. Гэхдээ хүүхэд бүрийн авьяасыг нээх нь зөвхөн багшийн ажил үүрэг биш. Энэ нь сургуулийн захирал, туслах ажилтнуудад ч хамааралтай болсныг тэд дурьдсан. Тэгээд ч ерөнхий боловсролын сургуульд ажилладаг туслах ажилтан ч хүүхдийн хөгжлийн төлөө хүртэл хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болсныг дуулгалаа.
Салбарын сайдын зүгээс сургуулийн захирлуудад тусгай үүрэг өгсөн нь сурагч бүрийн овог нэрийг мэдэж, ахуй амьдралтай нь танилцах явдал аж. Энэ нь тодорхой шалтгаантай. БШУ-ны сайд Л.Гантөмөрийн ярьж байгаагаар түүнийг анх ажлаа хүлээж авч байх үед сургуулийн удирдлагууд зөвхөн дээвэр, сан техник, засвар үйлчилгээ гээд аж ахуйн чиглэлийн зүйлс ярьдаг байж. Тэдний дунд сурагчдынхаа сурлага, амжилтад санаа тавьдаг, энэ тухай хөндөх нэг ч хүн байгаагүй гэнэ. Тиймээс захирлууд ч гэсэн өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаардаг болсон байна. Учир нь энэ нь багшийн ажлын ахицын үнэлгээнд шууд нөлөөлөх юм.
“Хүүхэд бүрийг хөгжүүлье” хөтөлбөрийг эцэг эхчүүд янз бүрээр хүлээж авдаг. Нэг хэсэг нь зөвхөн хүүхдийн урлагийн авьяасыг нээж буй мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ тийм биш аж. Нэг дор хуран цугласан үе үеийн багш нарын тайлбарласнаар тэд арга барилаа хэдийнэ өөрчилжээ. Тэр арга барил нь олимпиадын аваргуудаа магтан шагшиж, бусад сурагчдын сурлагын амжилтыг төдийлөн ойшоодоггүй хуучны тогтолцоог эвдсэнээрээ давуу.
Өнөөдөр багш нар хичээлийн хоцрогдолтой хүүхэд бүртэй тулж ажилладаг. Тэднийг сурлага сайтай, манлайлагчидтай ижил түвшинд бэлтгэж, сургадаг болжээ.
Энэ арга хэмжээний үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр “Боловсролыг гэр гэж үзвэл тооно нь гэр бүл байх ёстой. Харин хүүхэд хүмүүжлийг гэрийн орчинд л олж авдаг. Харамсалтай нь өнөөдөр тооно нь сургууль болчихоод байна. Бидний хүсч хүлээснээр зургаан жилийн дараа тооно нь гэр бүл, хоёр баганын нэг нь сургууль, нөгөө нь нийгэм байдаг зөв орчин бүрдээсэй” гэлээ.
БШУЯ өнгөрсөн жилийг амжилт бүтээлээр дүүрэн үджээ. Тодруулбал, “MPO” мэдээлэл судалгааны төвөөс сүүлийн гурван сард Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөсөн үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулж, “Улс төрийн барометр-II” судалгааны дүнг хэд хоногийн өмнө олонд танилцуулсан. Тус судалгаагаар БШУЯ ач холбогдлын хувьд 7.27 гэсэн үнэлгээг иргэдээс авсан байна. Харин яамны ажлын гүйцэтгэлд иргэд хамгийн өндөр буюу 5.77 гэсэн үнэлгээ өгчээ.
Энэхүү үзүүлэлтийг ирэх онд 6.5 болгож өсгөх зорилтыг яамнаас дэвшүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар тус байгууллага сая орчим хүнд шууд үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Мэдээж тэдгээр хүүхэд, хүн бүрийн ард эцэг эх, өвөө эмээ нь байдаг. Ингэж бодохоор салбарын яам Монголын бүх хүнд үйлчилгээ үзүүлдгээрээ давуу гэж тайлбарласан. Гэхдээ энэхүү үйлчилгээг аль болох төгс төгөлдөр болгохыг зорьж буй гэсэн.
Нэгэн сайн мэдээг салбарын сайд нь дээрх арга хэмжээний үеэр дуулгалаа. Монгол Улс хамран сургалт төгсөгчдийнхөө тоогоор дэлхий дахинд гайхуулахаар амжилт тогтоогоод буй ажээ. Энэ утгаараа Монгол Улсын өдий зэрэгтэй байгаа нь боловсролтой холбоотой гэж тус салбарынхан онцолж байна лээ.
Ингэхдээ “монголчууд сургууль байгуулж, хүүхдүүдэд ном заасан. Тэд маань ном сурсан. Үүний хүчинд улс орон өдий зэрэгтэй яваа. Уг амжилтаа ахиулна. Гэхдээ бага, дунд ангид боловсрол үнэгүй олгодог тогтолцоог цаашид улам бэхжүүлж, батжуулна” гэдгийг мөн онцолж байлаа.
Сонирхуулахад, сургуулийн өмнөх болоод бага, дунд боловсролын чанарын шинэчлэл өдгөө зургаан үндсэн чиглэлээр явагдаж буй аж. Тухайлбал, багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, стандарт, сурах бичиг, үнэлгээ байгууллагын чадавхи гэсэн үндсэн чиглэлтэй. Эдгээр нь хоорондоо харилцан хамааралтай байж, шинэчлэгдэж, жигд хөгжсөнөөр хүүхэд бүрийн хөгжил бодитой болно хэмээн салбарынхан үзэж буй юм.
Энэ үеэр Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх баг, Бага боловсролын туршилтын баг, Багш бэлтгэх, сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө шинэчлэх баг, Багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын үндэсний баг, Хөтөлбөрийг шинэчлэх үндэсний баг, Сурах бичиг сургалтын орчны баг, Үнэлгээний үндэсний баг, Боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх багууд өөрсдийн ажлаа тайлагналаа. Уг ажилд боловсролын салбарт ажилладаг хүн бүр санаачилга гаргаж ажилласныг салбарын сайд нь сайшааж байсан юм.
БШУ-ы сайд Л.Гантөмөр: Бага ангийн багш нарт онцгой анхаарна
Уг үйл ажиллагааны үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөрөөс цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ онд багшийн хөгжил тэр тусмаа бага ангийн багш нарт илүү анхаарна гэдгээ та хэлж байсан. Яагаад заавал бага ангийн багшийг онцлох болсон бэ?
-Энэ он бага ангийн багш нарт онцгой анхаарсан жил байх болно. Тэр дундаа бага ангийн шинэчлэлийг энэ онд бүрэн утгаар нь эхлүүлнэ. Өнгөрсөн 2013 онд бидний хийсэн хамгийн сайн ажил бол багшийн хөгжлийн асуудлууд юм. Үнэхээр бид 27000 багшид хүрч амжилттай ажиллаж чадсан.
Мөн ийм тооны багшийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бүрэн сургалтад хамруулсан. Хүн хүчний хомсдолтой ийм нөхцөлд энэ бүхнийг зохион байгуулах нь мэдээж амаргүй.
-Сургалтад хамрагдсан багш чухам ямар мэдлэг олж авсан бол?
-Багш нарын 80 хувь нь “Би хүүхэд бүрийг хөгжүүлж чадна” гэж хэлж байгаа. Үүгээрээ сургалт маань илүү ач холбогдолтой болсон гэж үздэг. Тэгээд ч тухайн сургалтад хамрагдсан багшийг өөрийг нь хөгжиж чадна гэдгийг өөрт нь нотолж өгдгөөрөө тухайн сургалт үнэхээр онцлог.
-”Ном” хөтөлбөрт багш, эцэг эхчүүд ам сайтай байна лээ. Та энэ хөтөлбөрийг хэр үр дүнтэй болсон гэж үздэг вэ?
-“Ном” хөтөлбөр үнэхээр амжилттай хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд 250 мянган номыг нийлүүлсэн. Үүний үр дүнд хүүхдүүд ном унших дуртай, номд ойрхон болсон. Гол нь хүүхдүүд өөрсдөө ном зохиосон. Өнгөрсөн хугацаанд хүүхэд бүр ном гаргасан.
Дээр нь нэмээд цэцэрлэгийн хүүхдийн аав, ээжүүд ном хийсэн. Энэ бүгд хүүхдийг номтой нөхөрлүүлж буйгаараа ач холбогдолтой юм. Өнгөрсөн жил бид Монгол Улсын хэмжээнд бүх бага ангийг номын сантай болгосон. Нэг үгээр хэлбэл ном хүүхдийн хажууд очсон. Ном тусгай номын санд биш, анги дотор нь ирсэн л дээ.
-Тэгвэл өнөө жил юу хийх вэ?
-Кабинетуудыг номтой болгоно. Өнөөдрийн байдлаар ханын самбараас өөр юмгүй кабинет олон байдаг. Энэ бүхнээс илүүтэй сургалтад мөнгө зардаг боловсролын симтемийг нэвтрүүлнэ.
-Тэр нь ямар учиртай юм бэ. Энэ тогтолцоо өмнө нь ямар жишгээр явж ирсэн гэж?
-Урд нь багшид цалин өгдөг, байшингийн засвар, дулаан, хүйтэн, бохирт хамаг мөнгөө зардаг. Сургалтад төдийлэн зардаггүй байж. Одоо сургалт руу түлхүү анхаарна, мөнгө ч зарах болно. Өнгөрсөн жил физикийн 100 лабораторийг ашиглалтад оруулсан. 2014 онд 100, 2015 онд 200 лабораторийг нэмж ашиглалтад оруулна. Ингэснээр ахлах сургуулиуд бүгд байгалийн ухааны лабориторитой болно гэсэн үг.
-Энэ ажил цаашид хэрхэн өргөжихийг сонирхмоор байна?
-Сургалт болгон дээр мөнгө төсөвлөдөг болно. Жишээ нь уран зохиолын бүтэн жилийн хичээл ямар зардалтай байх уу, тэр нь юунд зарцуулагдах вэ.
Мөн газар зүйн хичээлийн зардлыг юунд зарцуулах гээд өөр өөр байх юм. Нэг ёсондоо газар зүйн хичээлийн хамгийн гол зүйл нь хөдөө орон нутагт очиж, утаанаас холдож, од гарагсийг олж харах юм. Хүүхдүүд өөрийнхөө төрж өссөн сумтай танилцах хөтөлбөр хэрэгжинэ.
Тухайлбал, бага ангидаа сумтай, дунд ангидаа аймагтайгаа, ахлах ангид ороод улсын гайхамшигт газруудтай танилцдаг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
-Дэлхийн түвшний лабораторитой болох ажил ямар шатандаа яваа вэ?
-Хүний хийж чадаагүйг хийж чаддаг улс болох нь дэлхийн тэргүүлэх улс болох цорын ганц нөхцөл юм. Хүний хийж чадаагүйг хийдэг улс болно гэдэг нь боловсролтой, шинжлэх ухаантай байхыг хэлж байгаа. Тэгэхээр дээд боловсролын шинэчлэл дэлхийн түвшиндээ очих эхний алхамууд гэж хардаг.
Түүнчлэн бид удахгүй дэлхийн түвшний лабораторитой болно. Ингэснээр манай эрдэмтэд дэлхийн эрдэмтдийн нээхийг оролдож байгаа зүйлийг хийж эхэлнэ. Тэд нарын нээлт, бид нарын авсан патент Монголыг дэлхийд хамгийн их мөнгө олдог орон болгоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|