Ормузын хоолойн нэрийг “Трампын хоолой” болгон өөрчлөх санааг АНУ-ын ерөнхийлөгч цухуйлгажээ
Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Ормузын хоолойн нэрийг “Трампын хоолой” болгон өөрчлөх санаа цухуйлгасан нь АНУ энэхүү чухал усан замд хяналтаа тогтоосныг батлан харуулах гэсэн оролдлого байлаа.
Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн 20 хувийг дамжуулдаг Ормузын хоолойг Иран улс сүүлийн зургаан сарын турш хаагаад байгаа юм.
Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш газар зүйн нэрсээр оролдож, Мексикийн буланг “Америкийн булан”, Онтарио нуурыг “Америк нуур” болгон өөрчлөх шийдвэр гаргасан.
“Бид нэгэнт АНУ-ын хяналтад авсан тул Ормузын хоолойн нэрийг ТРАМПЫН ХООЛОЙ болгон өөрчилж болохгүй гэж үү? Ингэвэл Америкийн нэгэн адил энэ хоолой өмнөхөөсөө ч илүү “халуун” цэг болох болно” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ.
Үүний дараа Цагаан ордон “Трампын хоолой” гэж тэмдэглэсэн Персийн булангийн газрын зургийг сошиал хуудсандаа “Энэ нь сайхан сонсогдож байна” гэсэн тайлбартай нийтэлсэн байна.
Долоо дахь сардаа үргэлжилж буй Ираны дайн ойрын үед дуусах шинж тэмдэг харагдахгүй байгаа ч 80 настай Трамп ийнхүү АНУ-ын хяналтад байгаа эсэх нь баталгаагүй олон улсын усан замын нэрийг өөрчлөх санаа дэвшүүлжээ.
Саяхан Трамп бас Ормузын хоолойг “АНУ-ын шинэ газар нутаг” гэж тэмдэглэсэн газрын зургийг сошиал хуудсандаа нийтэлж байв.
Мягмар гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрт агаарын довтолгоо явуулсан нь сүүлийн сар гаруй хугацаанд намжаад байсан дайны гал дахин сэргэсэн хэрэг байлаа. Үүний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн юм.
Трамп өчигдөр хэлэхдээ АНУ-ын энэ удаагийн байлдааны ажиллагаа “удаан үргэлжлэхгүй” хэмээн амлажээ.
Тэрбээр Ираны талыг Ормузын хоолойд мина байрлуулж, АНУ-ын цохилтыг эсэргүүцэх радарын систем, пуужин харвагч шинээр суурилуулсныг устгахын тулд уг ажиллагааг явуулснаа сэтгүүлчдэд тайлбарласан байна.
“Бид тэдний Ормузын хоолойн дагуу суурилуулахыг оролдсон хамгаалалтын болон довтолгооны бүх шинэ тоног төхөөрөмжийг устгасан. Өнгөрсөн шөнийн цохилт маш хүнд болсон бөгөөд бид хүссэн үедээ дахин нэгийг явуулахад бэлэн байгаа” гэж Трамп хэлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
